Улсын наадамд 14 аймгийн бөх түрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2015.11.19-нд нийтлэгдсэн

Улсын наадамд 14 аймгийн бөх түрүүлжээ

1921 онд Ардын хувьсгал ялсан түүхтэй. Тэгвэл Ардын засгийн анхны наадамд 96 бөх барилдаж Засгийн газрын Дамдин буюу Данигай түрүүлжээ. Ийнхүү тусгаар Монгол Улсын баяр наадам эхэлсэн түүхтэй ажээ. Ардын засгийн анхны жилүүдэд Цэргийн наадам нэртэй зохиогдож байгаад 1924 оны зургадугаар сарын 7-нд хуралдсан МАХН-ын Төв Хорооны III бүгд хурлаар “Улсын баяр” хэмээн тэмдэглэх тухай тогтоол гаргаж байжээ. Тэгвэл 1922 оноос хойш тооцож үзвэл 21 аварга цолтой бөх төрөн гарсан байна. Харин хамгийн олон түрүүг Архангай, Увс аймгийнхан авчээ. Дээрх хоёр аймаг нийлээд улсын баяр наадмын 30 түрүүг өөрийн болгов. Ингээд хамгийн олон түрүү хүртсэн аймгийг эрэмбээр нь жагсаая.

Архангай: Нийт 15 түрүү авчээ. Тус аймгаас аварга цолтой дөрвөн бөх нийлээд есөн түрүү авсан. Тодруулбал, дархан аварга Г.Өсөхбаяр дөрөв,  Ц.Чимэд-Очир аварга хоёр, Н.Жамьян аварга хоёр, Г.Вандан аварга нэг түрүү хүртсэн байна. Харин бусад цолтон зургаан түрүү авчээ. Дашрамд дурдхад, тус аймгийн бөхчүүд 21 удаа үзүүрлэсэн амжилтаараа Увсын өмнө бичигдэж байна. 

Увс: Тус аймаг мөн л 15 түрүүтэй. Онцлог нь тэгш ойн жилүүдэд түрүүлдэг байв. Увсынхан гурван аваргатай. Дархан аварга Х.Баянмөнх 10 түрүүлсэн бол О.Балжинням, С.Мөнхбат нар тус бүр нэг түрүү авчээ. Түүнчлэн П.Бүрэнтөгс, Б.Ганбат, Н.Батсуурь нар аймагтаа тус бүр нэг түрүү нэмэрлэж байна.

Төв: 14 түрүүг өөрийн болгожээ. Үүнээс дархан аварга Ж.Мөнхбат зургаа, А.Сүхбат гурав, улсын аварга Д.Хадбаатар хоёр түрүүлэв. Үүнээс гадна Ч.Чимэд, П.Бат-Очир, С.Оргодол арслан тус бүр нэг түрүү хүртсэн байна.

Хэнтий: Тус аймаг улсын наадмаас 13 түрүү авсан бөгөөд үүний ихэнх нь дархан аварга Б.Бат-Эрдэнийн амжилт юм. Тэрбээр төрийн наадамд 11 түрүүлжээ. Харин улсын аварга Г.Самдан, арслан Э.Оюунболд нар тус бүр нэг түрүүг аймгийнхаа амжилтад нэмэрлэж байна.

Хөвсгөл: Энэ аймаг есөн түрүүтэйгээс тав нь дархан аварга Д.Дамдины амжилт. Тэгвэл Ч.Бээжин аварга, Ж.Цэвээнравдан аварга, улсын арслан Ө.Чүлтэмсүрэн, Ц.Бадамсэрээжид, Х.Мөнхбаатар нар тус бүр наадамдаа нэш түрүүлэв. Сонирхуулахад, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумаас хоёр аварга, нэг арслан цолтон төрсөн байдаг ажэээ.

Булган: Есөн түрүү авсан аймгийн тоонд Булган нутаг багтана. Эдгээр түрүүг гурван бөх л авчээ. Тодруулбал, Б.Түвдэндорж аварга долоо түрүүлсэн бол С.Цэрэн аварга, М.Бэх-Очир арслан нэг түрүүлэв.

Өвөрхангай: Найман түрүү хүртсэн тус аймгаас хамгийн өндөр амжилттай нь дархан аварга Д.Цэрэнтогтох. Тэрбээр дөрөв түрүүлжээ. Харин Д.Сумъяабазар аварга, О.Аюур, До.Ганхуяг, Б.Ганбаатар арслан нар тус бүр нэг түрүү авсан байна.

Завхан: Энэхүү аймгаас арслан цолтой дөрвөн бөх нийт гурван түрүү, тав  үзүүрлээд байна. Улсын баяр гэж нэрийдсэн анхны жил С.Шагдар арслан анхны түрүүг авсан. Түүний дараа С.Шагж, М.Лхагва арслан нар нэг түрүүлжээ.

Говь-Алтай: 94 жилийн хугацаанд Говь-Алтай аймгийнхан хоёр авсан нь хоёулаа Ш.Батсуурь аваргын нэр дээр данстай. Тэрбээр 1947, 1948 онд дараалан түрүүлсэн билээ.

Дорнод: Тус аймгаас Т.Балсан, Ш.Гилэг арслан нар тус бүр нэг түрүүлжээ. Тэгвэл Сэлэнгээс Г.Эрхэмбаяр аварга, Баянхонгороос “Нисэхийн” хэмээх П.Аюуш арслан, Ховдоос “Ховдын жижиг” хэмээх Ш.Ванчинхүү арслан, Өмнөговиос Г.Дэмүүл арслан тус бүр нэг түрүүлсэн байна.

Ийнхүү 21 аймгаас 14 нь улсын наадмын түрүүтэй. Харин долоо нь түрүүлж үзээгүй байна. Гэхдээ Говьсүмбэр аймгаас нэг бөх үзүүрлэсэн нь улсын арслан Д.Азжаргал юм.

Б.МӨНХЗУЛ

ЭХ СУРВАЛЖ: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж