2020 он хүн төрөлхтнийг огт таньж мэдэхгүй аймшигт цар тахлаар угтсан билээ. Өдгөө 600 гару мянган хүнд халдварлаж, 30 мянга орчим хүний амийг авч одоод буй уг өвчний талаар дэлхийн өнцөг булан бүрт чадварлаг эмч мэргэжилтэн, эрдэмтэд судалж байгаа ч хүмүүс бидэнд энэ өвчний талаар мэдэхгүй зүйлс их байна.
1. Нийт хэдэн хүн халдвар авсныг бид баталгаатай мэдэхгүй
Энэ бол хамгийн чухал бөгөөд ойлгомжтой асуудал. Албан ёсоор бүртгэгдсэн тоо л 600 мянга гэж байгаа боловч энэ нь магадгүй нийт халдварын өчүүхэн хэсэг ч байж мэднэ.
2. Нас барах магадлал хэр өндөр вэ гэдэг нь тодорхой бус
Нийт хэдэн хүн халдвар авсныг мэдэхгүй байгаатай адил хэдэн хүн уг вирусийн улмаас нас барсныг мөн бид яг таг мэдэхгүй. Ерөнхий багцаа байгаа ч нас баралтын хувь улс орон бүрт өөр, өөр байна.
3. Хичнээн төрлийн шинж тэмдэг илэрч байгаа нь ч мөн эргэлзээтэй
"Covid-19" өвчний үндсэн шинж тэмдэг нь халуурах, хуурай ханиалгах. Зарим тохиолдолд хоолой өвдөх, толгой өвдөх, суулгах шинж тэмдэг илэрч байгаа. Гэтэл сүүлийн үед халдвар авсан зарим хүмүүс үнэр амт мэдрэх чадвараа алдах болсон. Цаашдаа шинээр ямар ч шинж тэмдэг илэрч болно гэж судлаачид үзэж байна.
4. Вирус анх яг хаанаас, юунаас үүсэв?
Бас л одоог хүртэл тодорхойгүй байгаа асуудлуудын нэг. Анх Хятадын Ухань хотод 2019 оны сүүлээр бүртгэгдсэн гэхээс өөр энэ вирусийн гарал үүслийн талаар тодорхой мэдээлэл бидэнд алга. Мөн сарьсан багваахай, панголин, могой зэрэг амьтдаас хүнд халдварласан байх магадлалтай гэж үзэж байгаа. Гэвч энэ бол зөвхөн магадлал, батлагдсан зүйл огт биш.
5. Зуны улиралд халдварын тархалт саарах эсэх
Аливаа ханиад томуу хүйтний улиралд тархалт нь ихэсдэг. Үүнтэй адил шинэ коронавирусийн дэгдэлт зун болоход буурна гэсэн горьдлого төдий хүлээлт хүн төрөлхтөнд байна. Гэхдээ зарим эрдэмтэн судлаачид энэ вирусийг улирлын чанартай дэгдэлт нь өсч, буурна гэдэгт итгэхгүй байгаагаа илэрхийлсэн.
6. Зарим хүмүүс яагаад илүү хүндээр өвдөж байна вэ?
"Covid-19"-өөр өвчлөгсдийн ихэнх нь халуурах, ханиалгах төдий шинж тэмдэгтэй, хөнгөн тусаад эдгэрч байгаа. Гэвч нийт халдвар авсан хүмүүсийн 20 орчим хувь нь хүндээр өвдөж байна. Үүнд тухайн хүний дархлаа нөлөөлж байгаагаас гадна генетикийн хүчин зүйлүүд ч нөлөөлж байж болзошгүй.
7. Дархлаа тогтох уу? Нэг халдвар авсан хүн дахин халдвар авах боломжтой эсэх
Энэ талаар маш олон таамаглалууд байна. Энэ өвчин гараад хэдхэн сар үргэлжилж байгаа учир дээрх асуултад бүрэн хариулах хэцүү юм. Хүмүүс хоёр дахиа халдвар авч буй талаар мэдээллүүд багагүй гарч байна. Гэхдээ нэг эргэлзээтэй зүйл нь тэдгээр хүмүүсийг дутуу оношилсон байж болох юм. Өөрөөр хэлбэл бүрэн эдгээгүй байхад нь эмнэлгээс гаргасан байж магадгүй гэсэн үг юм. Гэвч энэ бас л таамаглал.
8. Энэ вирусийн тархалт бүрэн зогсох эсэх
Ихэнх вирусууд мутацид ордог. Мөн үхлийн аюул багатай ч удаан үргэлжлэх хандлагатай байдаг. Харин энэ удаагийн коронавирус ямар байхыг хэн ч хэлж мэдэхгүй. Хэрэв энэ вирус цаашид мутацид орсоор байвал магадгүй энгийн ханиад шиг бидний дархлааны систем үүнийг танихаа больж, үүний эсрэг вакцин ч гэж байхгүй болно.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ