Урд хөрш рүү 12 мянгаар мах экспортолно

Хуучирсан мэдээ: 2015.11.19-нд нийтлэгдсэн

Урд хөрш рүү 12 мянгаар мах экспортолно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж буй юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж, махны экспортыг эрчимжүүлэх талаар ямар арга хэмжээ авч буй талаар гишүүд тодрууллаа. Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа “Жилийн өмнө ОХУ руу хоёр үйлдвэр мах экспортлох эрхтэй байсан бол энэ жил 26 болж нэмэгдсэн.  Вьетнам руу хонь, ямааны мах экспортлох найман үйлдвэр, Хятад руу мах экспортлох 12 үйлдвэртэй болсон. Хятад руу дулааны аргаар боловсруулсан мах экспортод гаргахаар гэрчилгээгээ авсан. Баруун таван аймгаас мах экспортлохоор ярьсан байсан, урд хөрштэй. Гэвч Баян-Өлгий аймагт шүлхий өвчин гарснаас асуудал үүссэн. Өнгөрсөн аравдугаар сард Өвөр Монголын Хөх хотод Монгол, Хятадын экспо болж, 800-гаад сая ам.долларын мах экспортлох гэрээг Махны холбоо байгуулсан. Өвөр Монгол руу экспортлох махны үнэ нэг кг нь 12 мянган төгрөг байна” гэсэн хариулт өглөө. 

Мөн мах экспортлох компаниуд Чингис бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд  зээл авч, олон улсын стандарт хангасан мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтой үйлдвэртэй болжээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Онцлоход, чуулганаар эл асуудлыг хэлэлцэхийн өмнө Эрчим хүч хэмнэлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг, Зөрчлийн тухай хуулийн төсөлтэй хамт хэлэлцүүлэн батлуулах холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Зөрчлийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх үед УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат эзгүй, хөдөө явж байсанд УИХ-ын дарга “Чөлөө авахгүйгээр орон нутаг руу явахгүй шүү” гэдгийг бусад гишүүдэд санууллаа.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж