Ерөнхийлөгчийн УРИАЛГА, Ерөнхий сайдын МЭДЭГДЭЛ

Хуучирсан мэдээ: 2020.03.29-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн УРИАЛГА, Ерөнхий сайдын МЭДЭГДЭЛ

Ерөнхийлөгчийн УРИАЛГА, Ерөнхий сайдын МЭДЭГДЭЛ

Цар тахлын аюул дэлхийг бүхэлд нь нэрвэж,  цэнхэр бөмбөрцөгт том эмгэнэл дагуулж буй. Монголын төр засаг ч цах тахлын аюул, гамшигаас урьдчилан сэргийлэх, илэрсэн тохиолдлуудаа эмчлэхэд бүхий л чадлаа ашиглаж байна. Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдлын тоо 12 хүрсэн таагүй мэдээг ЭМЯ-наас дуулгаад өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байгааг онцолж буй. Ард иргэдийн хувьд сонор сэрэмжээ алдахгүй байх, аль болохоор олон нийтийн газраар явахгүй, гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсаар. Дэлхий болон Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн шийдвэрүүд бүхэлдээ шинэ коронавирустэй холбогдож байна. Улсын онцгой комиссын Шуурхай штабаас ЭМЯ-наас гаргасан хүсэлтийн дагуу тусгаарлагдах хоногийг 21 болгож өөрчилсөн, мөн тусгай үүргийн онгоцоор БНСУ, Япон улсаас иргэдээ татахаар болсон мэдээг дуулгасан юм. Харин Турк, Герман руу нислэг үйлдэх боломжгүй болсон нь дээрх улсууд  гадаадын онгоц хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн явдал. Ингээд хуанлийн хуудаснаас улиран одож буй энэ долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.

УЛС ТӨРИЙН НАМУУД МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨРӨӨ УРАЛДАВ

Хуульд заасан хугацаандаа буюу гуравдугаар сарын 25-наас өмнө намууд Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө гардуулах ёстой.  Нийтдээ 15 нам, дөрвөн эвсэл мөрийн хөтөлбөрөө өгчээ. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй нийт 35 нам байдгаас 27 нь сонгуульд оролцохоор болсон байна.  Үндэсний аудитын газраас өгсөн мэдээллээр 12 нам дөрвөн эвсэл болж нэгдсэн, 15 нам бие дааж сонгуульд өрсөлдөнө. Намуудын мөрийн хөтөлбөр мөрөөдлийн жагсаалт болж, өнөөх л амандаа орсон тоо хэлж, амьдралаас тасарсан бодлого нь олон нийтийн дунд багагүй шүүмжлэл дагуулав. АН-ын зүгээс дундаж цалинг 3 сая болгохоо амалсан бол эрх барьж байгаа МАН  нийгмийн даатгал төлдөг иргэн бүрийг орон сууцанд хамруулж, зээлийн хүүг бууруулахаа амалсан. Харин хамгийн супер амлалт өгч буй нь  МАХН-ИЗНН-МУНН нэгдсэн "Та бидний эвсэл". Тэд сонгогчдод таван сая төгрөгийн цалин, үнэгүй байр амлаж буй.  Ямар ч байсан олон жил хууртсан хашир сонгогчдын хувьд мэдээж амлалтад хууртахгүй нь тодорхой. Гэхдээ Монголын сонгогчдын боловсролд нь тохируулж, Монголын намууд ийм зүйл амлаж буй нь үнэн. Өөрөөр хэлбэл, намуудын "тэнгэрлэг оршихуй" бол сонгогчид бидний буруу. Сонгогчид мөрийн хөтөлбөрөөс "бэлэг" горьддог биш бодлого хардаг болсон цагт намууд бидэнд бодит зүйл амладаг болно.

ЕРӨНХИЙЛӨГЧ ГЭНЭТИЙН УРИАЛГА

Лхагва гаригийн орой, ажил тарахын алдад Ерөнхийлөгч уриалга гаргасан нь олон нийтийн эсэргүүцэлтэй ихээхэн тулгарсан билээ. Тэрбээр уриалгадаа "

  1. Юуны өмнө улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, үүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах.
  2. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэх.
  3. Хямралын үед хамаг хүндрэл бэрхшээлийг үүрэн гарах үйлдвэр, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих “Хямралын эсрэг” тусгай сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах дүрэм журам боловсруулах.
  4. Нийт иргэд, ялангуяа хүүхдийн амьжиргааны түвшинг хэвээр хадгалах, тэтгэх, ажилгүйдлийг бууруулах, түүнээс ирэх цохилтыг зөөлрүүлэх, иргэдээ наад захын хэрэгцээт зүйлсээр тасралтгүй хангах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах.
  5. Энэ асуудлыг Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөр хэлэлцэж, хямралд бэлтгэж, түүнийг даван туулах эрдэмтэн мэргэжилтнээс бүрдсэн цомхон бөгөөд чадварлаг комиссыг (хороо) нэн яаралтай байгуулж, ажлын төлөвлөгөө, хуваарь гаргах.
  6. Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх. Ташрамд дурдахад, энэ бол дарангуйлал огтхон ч биш, зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээ юм" гэсэн нь улс төрийн хүрээнийхэн болон жирийн иргэдийн дургүйцлийг төрүүлсэн.  Ерөнхийлөгчийн тэвчиж болох зардлыг танах, ажилгүйдлийг бууруулах, эдийн засгаа анхаарахыг сануулсан нь зөв ч "төрийн удирдлагыг төвлөрүүлэх" гэсэн нь" чоно борооноор Ерөнхийлөгч коронагаар" гэх шүүмжлэл дагуулахад хүрсэн билээ.

ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭСЭН МЭДЭГДЭЛ

Ерөнхийлөгчийн уриалгын араас хэвлэлийн өмнө гарч ирж мэдэгдэл хийсэн Ерөнхий сайд өөртөө нэмэх оноо багагүй цуглуулав. Засгийн газар эдийн засгийн эрсдэлийн энэ үед чухам юу хийх нь тодорхойгүй байсан хүлээлтийг эвдэж, Ерөнхий сайд авах арга хэмжээ шийдвэрүүдээ зарласанд олон нийт талархан хүлээж авлаа. Мэдээж, түүний үгийг биелэх эсэхэд эргэлзэх хүмүүс ч байсан. Тэрбээр УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг хойшлуулах нөхцөл байдал үүсээгүйг онцолсон юм. Мөн тэрбээр шинэ Үндсэн хуулийн хэрэгжилттэй холбоотой Засгийн газар огцрох уу гэсэн асуултад "огцрохгүй" гэсэн товчхон хариулт өгсөн юм. Мөн төсөв тодотгохгүй болохыг зарласан. Ерөнхий сайдын зарласан эдийн засгийг дэмжих багц арга хэмжээнд

1. Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлээс бүх аж ахуйн нэгжийг бүрэн чөлөөлж, тэглэж байна.
2. Мөн энэ хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй.
3. 1.5 тэрбумаас доош орлоготой ААН-ийг ААНОАТ-аас бүрэн чөлөөлж байна.
4. Үйл ажиллагаа нь хүндэрсэн ч ажлын байраа хадгалж байгаа ААН-үүдийн ажилтнуудад сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг олгоно.
5. Малчдаас ноолуур авахад зориулж 3%-ийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээл олгоно. Зээлийг Засгийн газар хариуцна.
6. 18 насны хүүхэд бүрт гурван сарын хугацаанд сар бүр 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, хүүхдийн мөнгийг 30,000 төгрөг болгож байна.
7. Шатахууны үнийг дөрөвдүгээр сарын 15-наас литр тутамд 300-400 төгрөгөөр бууруулах асуудал багтаж буй.

Энэ долоо хоногт болсон ҮАБЗ-ийн хоёр гишүүнийн улс төрийн тоглолтыг товчхон дүгнэвэл Ерөнхийлөгч оноо алдаж, Ерөнхий сайд оноо цуглуулав.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж