Испанийн хөлбөмбөгийн Ла лигийн Атлетико Мадрид багийн 14 хүртэлх насны өсвөрийн багийн довтлогч Кристиан Минчола 14 насандаа харамсалтайгаар таалал төгссөн тухай тус багийн зүгээс мэдэгдлээ. Минчола нь 2013-2014 оны улиралд Атлетико Мадрид багтай нэгдсэн бөгөөд зургаадах улиралдаа өсвөрийн багт тоглож энэ улиралд 50 гаруй гоол оруулсан үзүүлттэй ирээдүйтэй тамирчин байжээ.
Атлетико Мадрид багийн албан ёсны мэдэгдэлд "Бид тоглогчоо харамсалтайгаар таалал төгслөө гэдэг мэдээг сонсоод их цочирдсон. Бид гүнээ харамсч байна. Атлетико Мадрид баг болон манай багийн хөгжөөн дэмжигчид Кристианы гэр бүл болон найз нөхөдтэй нь энэ хэцүү зовлонг хамт туулна" хэмээн мэдэгджээ. Харин тус багийн ерөнхийлөгч Мигуэль Ангел Гил мэдэгдэхдээ " Ойрын өдрүүдэд миний дотны хүмүүс маш ихээр нас барж байна. Зарим нь шинэ коронавирусээс болж зарим нь бусад өвчнөөс болж байна. Тэдэнд баяртай гэж хэлэхэд дэндүү хүнд байна. Кристианы хувьд түүнд үнэхээр шударга бус ханджээ. Үнэхээр зүрх шимширч байна" хэмээжээ. Мөн түүнээс гадна Атлетико Мадрид багийн ахлагч Коке хэлэхдээ " Кристиан Минчолад баяртай гэж хэлэхэд миний уур, гашуудал хоёр зэрэг хүрч байна. Амьдрал үнэхээр шударга бус юм. Кристианыг манай багийн өмсгөлийг өмссөнд бахархаж байна" гэж хэлжээ.
Одоогийн байдлаар түүний үхлийн шалтгаан тодорхойгүй байна. Атлетико Мадрид багийн Ванда Метрополитан цэнгэлдэхийн гаднах тугийг хагас буулгаж түүнд хүндэтгэл үзүүлэх ажээ.
Холбоотой мэдээ