Ирэх сард буюу дөрөвдүгээр сарын 2-ноос эхлэн Сөүл болон Токио хотоор дамжуулан хилийн чандад байгаа, хүндэтгэх шалтгаантай Монгол Улсын иргэдийг авчирна. Хуваарийн дагуу ирэх сард гурван удаагийн нислэгээр 750 гаруй иргэн тусгай үүргийн онгоцоор ирнэ.
- Дөрөвдүгээр сарын 2-нд 08.00 цагт БНСУ руу дараагийн ээлжийн тусгай үүргийн онгоц илгээнэ.
- Дөрөвдүгээр сарын 3-нд Япон улс руу,
- Дөрөвдүгээр сарын 4-нд 08.30 цагт БНСУ руу тусгай үүргийн онгоц илгээнэ. Ингээд гурван удаагийн тусгай нислэгээр 750 гаруй иргэнийг эх оронд нь авчрах юм. Тэднийг хамгийн багадаа 21 хоног тусгаарлах юм. Тиймээс дараах мэдээллийг хүргэж байна.
Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэд ирээд 21 хоног тусгаарлагдах байр, хоолны зардлаа өөрсдөө хариуцна.
- Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг,
- 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 630000 төгрөг байна.
Дээрх төлбөрийг тус улсуудаас ирэх иргэний ар гэрийнхэн нь Монголд, Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна.
Төлбөр хийхдээ тухайн иргэний ОВОГ, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.
Түүнчлэн тусгаарлах байр, хоолны зардлыг АТМ-ээр төлөхгүй, зөвхөн банкны теллерээр эсвэл мобайл банк, интернэт банкаар төлөх боломжтой гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ