Амьдрал нулимсанд дургүй, Ийм нэгэн явдал, Хувь заяаны эргүүлэг гэх нэрсийг хэлэхэд л дотно, танил аялгуу чихэнд сонсогддог. Олон залуусын анхны хайр, амьдралын түүх эдгээр бүтээлүүдэд дурсамж болон шингэж үлдсэн нь лавтай. Нөгөөтээгүүр монголчууд Орос орны тухай таатай мэдрэмж, мэдээлэлтэй байхад их гүрний кино урлагийн салбар томоохон нөлөө үзүүлсэн юм. Тиймээс ч бид үе, үеэрээ орос кинонд шимтэн дурлаж, түүнээс суралцан хүмүүжиж ирсэн. Харин өнөөдөр тэрхүү алтан үеийн болон орчин цагийн бүтээлүүдийг юнивишнийн видео сангийн “Орос багц”-д төвлөрүүлж үзэгчдэдээ толилуулах гэж байна.
Дэлхий нийтийн хүндэтгэл, алдрыг хүлээсэн гайхамшигт бүтээлүүд Орос улсын кино урлагийн сан хөмрөгт олон бий. Вера Алентова, Алиса Фрейндлих, Александр Демьяненко нараас Дмитрий Назаров, Сергей Безруков хүртэлх үе, үеийн жүжигчдийн гайхам ур чадвар, суут Андрей Тарковский тэргүүтэй найруулагчдын сод авьяас, яруу тансаг зохиол, дахин давтагдашгүй зураглалыг орос багцын бүтээлүүдээс мэдрэх болно.
1960-аад оноос 2019 он хүртэлх ОХУ-ын кино урлагийн түүхэн дэх хамгийн шилдэг бүтээлүүдийг Мосфильм, Газпром, СТС, Горькийн нэрэмжит хүүхэд залуучуудын кино студи зэрэг нэр хүндтэй компанийн албан ёсны эрхтэйгээр гаргах гэж байгаа юм. Мосфильм компани нь алтан үеийн кинонуудаа хальснаас сэргээж HD форматад шилжүүлэн толилуулж байгаа бөгөөд дуу, дүрсний өндөр чанартай эдгээр бүтээлийг монголын үзэгчдийн сэтгэлд хоногшсон дуу оруулгатай хүргэх гэж байгаа нь ихээхэн онцлогтой. Түүнчлэн сүүлийн үеийн шилдэг цувралууд болох “Гал тогоо”, “Тамирын багш” зэргийг хүргэхээс гадна гарсан даруйдаа рейтингээрээ тэргүүлсэн “Чернобыль “цувралыг мөн толилуулах гэж байна. Цаашид ч, дэлхийн кино урлагт эзлэх байр суурьтай, үнэлэгдэх нэр хүндтэй шинэ, шинэлэг кино бүтээлүүдийг цаг алдалгүй авч орос багцад нэмж байршуулах юм.
Дэлхий нийтээр хөл хорио тогтоосон энэ үед улс орны иргэд төрөл бүрийн платформоос кино бүтээлүүд үзэж цагаа үр бүтээлтэй өнгөрөөж байна. Үзэгч та бүхэн ч хөл хориотой үед гэртээ байж, орос багцаа тун удахгүй хүлээн авч үзээрэй.
Холбоотой мэдээ