ХСҮТ нь УИХ-ын гишүүн М.Билэгтийн эзэмшлийн эмнэлгийн байрыг түрээслэх талаарх яриа гараад бараг хоёр жил болж байна. Гэтэл төсөв мөнгө нь батлагдсан байхад энэ асуудал одоог хүртэл шийдэгдээгүй, хэрүүлийн бай болсоор байна. Учир нь, М.Билэгт гишүүн өөрийн цахим хуудсандаа ХСҮТ-ийн удирдлага төр засгийн гаргасан шийдвэрийг зөрчиж, миний байрыг түрээслэхгүй байна гэх утгатай мэдээлэл оруулсан. Тэгвэл ХСҮТ-ийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүү үүнд тайлбар өгч, нэр төрд нь халдсан үйлдлээ таслан зогсоохыг шаардлаа.
ХСҮТ-ийн 2020 оны төсөвт эмнэлгийн зориулалттай барилга байгууламж бусдаас түрээсэлж ажиллуулахад зориулсан 3.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг баталсан. Ингэхдээ үндсэн гурван шаардлага хангасан барилгыг түрээслэх талаар тусгасан юм. Уг шаардлагын нэгэнд мэс заслын дөрвөн өрөөтэй байхыг тусгасан байна. Гэтэл М.Билэгт гишүүний эмнэлгийн байр нь нэг ч мэс заслын өрөөгүй аж. Тиймээс түрээслэх боломжгүй, гэрээ байгуулах боломжгүй гэдгээ ХСҮТ-өөс М.Билэгт гишүүнд мэдэгдсэн байна. Уг мэдэгдлийг М.Билэгт гишүүн УИХ-аас гаргасан шийдвэрийг гацаах элдэв шалтаг бий болгож байна хэмээн үзэж буй аж.
ХСҮТ шинэ эмнэлгийн байр түрээсэлснээр тус эмнэлгийн эрүүл мэндийн үйлчилгээ 74 хувиар нэмэгдэж, хүлээлт хоёр дахин буурна гэж мэргэжилтнүүд тооцож байсан. Гэхдээ “хавдрын эмчилгээний чиглэлээр баригдсан ганц эмнэлэг, М.Билэгт гишүүний эмнэлгийг түрээсэлье” гэж “тэмцэхдээ” тэд мэс заслын өрөө зэргийг нь тооцоолоогүй байсан гэж үү.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ