Ховор амьтдаа хулгайн гараас хамгаалъя

Хуучирсан мэдээ: 2020.03.28-нд нийтлэгдсэн

Ховор амьтдаа хулгайн гараас хамгаалъя

Ховор амьтдаа хулгайн гараас хамгаалъя

Сүүлийн үед ховор амьтад хулгайн анчдын гарт өртөж улам ховордож байна. Тухайлбал, үүсгэн байгуулагдаад хоёр сар болж буй Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба баавгайн савар, цоохор ирвэсийн арьс, хотон шувууны хошуу, зэрлэг гахай худалдахыг завдсан зэрэг хэд, хэдэн зөрчлийг илрүүлээд байна.

Тиймээс хулгайн анд өртөж тоо толгой нь улам ховордож, устах аюулд өртөж, хүмүүн биднээс аврал эрэн буй эдгээр амьтдын талаар мэдээлэл бэлтгэлээ. Иргэн та эдгээр амьтдыг устах аюулаас хамгаалж, хулгайн анчдын талаарх мэдээллийг харьяа сумынхаа экологийн албаны мэргэжилтэн, цагдаагийн байгууллагад өгөх боломжтой.

ДЭЛХИЙН НИЙТ ЦООХОР ИРВЭСИЙН 20 ХУВЬ НЬ МОНГОЛД БАЙДАГ

Уулын эзэн гэгддэг сүрлэг сайхан амьтан болох цоохор ирвэс нь Монгол Улсын Улаан номонд “Нэн ховор зүйл”, Олон улсад “Эмзэг”, бүс нутгийн хэмжээнд “Устаж болзошгүй” зүйл ангид тооцогддог амьтан юм. Дэлхийн нийт цоохор ирвэсийн 20 хувь нь Монголд байдаг бөгөөд Монгол Улс 800-1000 цоохор ирвэстэй, үүний 500-700 нь Алтай-Соёны бүс нутагт амьдардаг байна.

Мөн Монгол орны хамгийн том биетэй, хүчирхэг амьтанд тооцогддог. Биеийн урт 112-120 см, сэрвээний өндөр 60 см, биеийн жин 33-55 кг.

Хүн бүрт харагдаад байдаггүй цоохор ирвэс нь дэлхийн 12 улсад л байдаг. Төв Азийн Алтай, Соён, Памир, Тэнгэр, Төвдийн өндөрлөг, Гималайн уулсаар байдаг бөгөөд ОХУ, Казахстан, Узбекистан, Aфганистан, Пакистан, Тажикстан, Хятад, Энэтхэг, Киргизстан, Балба, Бутан, Монгол зэрэг дэлхийн 12 улс оронд тархсан байна.

Цоохор ирвэс өндөр уул нуруудын ян сарьдаг, эгц цавчим хад цохио ихтэй, тачир ургамалтай орчинд амьдарна. Монгол орны говийн намхан уулсаас Монгол Алтайн нурууны 4000 метр өндөр уулсын бүсэд идээшин амьдардаг.

Түүнчлэн том муур гэж хэлж болох энэ амьтан гол төлөв бүрэнхий, шөнийн идэвхтэй амьтан. Тогтоосон эзэмшил нутагтаа ганц нэгээр амьдардаг ирвэсийн идэш тэжээлийн 40 гаруй хувийг янгир ямаа эзэлдэг байна. Мөн тарвага, огдой, туулай, бор гөрөөс, хар сүүлт зээр, адуу, хонь, ямаа, цагаан ятуу, хахилаг, хойлог, шавжаар хооллоно. Заримдаа хулан, аргаль зэрэг тураг амьтдыг ч барьж иддэг аж. Ирвэс хадны хонгил, ангалд үүрлэдэг бөгөөд ороо нийллэг нь хавар нэгээс гуравдугаар сард болж, хагас сар орчим үргэлжилдэг гэнэ. Хээл тээх хугацаа дунджаар 98-104 хоног, 5-6 сард хадны хөндий, агуйд 2-5, ихэвчлэн гурван гүем төрүүлж, гурван сар орчим хөхүүлнэ. Харин үржилд 3-4 настайдаа ордог байна.

Монгол улс цоохор ирвэсийг 1972 оноос агнахыг хуулиар хориглосон бөгөөд Амьтны тухай хууль (2012)-д нэн ховор амьтнаар бүртгэж, Монгол улсын Улаан ном (2016)-нд оруулсан байна. Цоохор ирвэсийн тархац нутгийн 18% орчим нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдаад байна. Тухайлбал, түүний үндсэн тархац нутаг болох Монгол Алтай, Говь Алтай, Хангайн нурууд, Алтайн өвөр говь, Хөвсгөлийн уулсыг хамарсан 19 улсын тусгай хамгаалалттай газар нутагт энэ зүйлийг хамгаалсан байна.

БОРЦГОР ХОТОН

Бусдын анхаарлыг хошуундаа татсан энэ шувуу Монгол Улсын Улаан номонд “Нэн ховор зүйл”, олон улсад “Эмзэг”, бүс нутгийн хэмжээнд “Устаж байгаа” зүйлд тооцогдоно. Гэвч түүний хошуугаар хурдан морины хусуур хийхийн тулд хулгайгаар ангасаар байгаа юм. Дэлхийд 3200-4300 хотон бий. Судалгаагаар Монголд 200 орчим борцгор хотон байдаг. Гэвч 2000 оноос хойш тоо толгой нь эрс ховордоод байгаа юм.

Хошуу урт, хүчирхэг энэ шувуу Монгол орны томоохон биетэй шувуудын нэг бөгөөд биеийн урт 160-180 см, далавчны дэлгэмэл 310-345 см, жин 11-15 кг хүрнэ. Хотон шувуу гурван нас хүрч, үржилд орж, 2-4 өндөг гаргадаг аж. Эмэгчин өндгөө дарж, 40 орчим хоносны дараа өдгүй‚ нүдээ нээгээгүй ангаахай гарч, арваад хоногийн дараа цагаан ноолуур өдөөр хучигдан, усанд сэлэх чадвартай болдог аж. Ангаахайг нялхад хагас боловсруулсан загас, томорсон хойно бүтэн загасаар тэжээнэ. Ангаахай дал гаруй хоног болоод нисч эхэлнэ. Энэ үеэс хотонгийн бүлүүд сүрэглэж, загас элбэгтэй нуураар аравдугаар сар гартал хэсүүчилсээр, өвөлжих газрын зүгт нүүнэ.

Борцгор хотон шувууг 1953 оноос агнахыг хуулиар хориглож, Амьтны тухай хуульд нэн ховор амьтнаар бүртгэжээ. Мөн Монгол Улсын Улаан номд 1987, 1997 онд тус тус орсон байна. Тархац нутаг нь Увс нуурын ай савын дархан цаазат газар, Хар ус нуурын байгалийн цогцолборт газарт тус тус хэсэгчлэн хамрагджээ.

ХҮРЭН БААВГАЙ

Хүрэн баавгай нь Монгол Улсын Улаан номонд “Ховор зүйл”, олон улсад “Анхааралд өртөхөөргүй”, бүс нутгийн хэмжээнд “Мэдээлэл дутмаг” зүйлд багтдаг байна.

Үлэмж, лагс биетэй, хүчирхэг энэ амьтны дөрвөн тусгаар популяци Монгол оронд тархсан байдаг байна. Хөвсгөл, Хэнтийн нурууны зүүн бие, Монгол Дагуурын хээрийн Улз, Онон гол, Монгол Алтайн нурууны баруун хойд хэсэг, Их Хянганы салбар уулс зэрэг тайга, ойт уулсад тархжээ.

Байгаль, цаг уур, тухайн орчны амьтан, ургамлын аймгийн онцлогоос хамааран баавгайн идэш тэжээлийн бүрэлдэхүүн олон янз байна. Идэш тэжээл хомс хаврын эхэн үед улиангарын үр, модны нахиа, ургамлын үндэс, хуучин самар, шоргоолж зэргээр, харин зуны эхэн үеэр тэд голчлон жимс жимсгэнэ, ногоон ургамал, шавж, загас, заримдаа сэг зэмээр хооллоно. Идэш тэжээл дутагдалтай үед хандгай, зэрлэг гахай, бор гөрөөс, халиун буга, баданга хүдэр барина. Зуны сүүл, намрын эхэн үед гол төлөв ургамлаар хооллох бөгөөд янз бүрийн үр жимс, самар, ургамлын үндэс иднэ.

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн судалгаагаар (1986), Монгол орны 50 мянган ам метр нутаг дэвсгэрт ойролцоогоор 500 орчим бодгаль хүрэн баавгай бий гэж тооцоолжээ.

Хүний сөрөг нөлөөллөөс улбаатай амьдрах орчны өөрчлөлт нь хүрэн баавгайг ховордуулах гол шалтгаан болж байна. Олон улсын хэмжээнд ардын уламжлалт эмнэлэгт баавгайн ихэнх эд эрхтнийг хэрэглэж байгаагийн улмаас түүнийг хараа хяналтгүй, хууль бусаар агнаж байгаа юм. Сүүлийн жилүүдэд Монгол оронд баавгайн доньд, сарвууг худалдаалж ашиг олох зорилгоор хараа хяналтгүй, хууль бусаар голдуу агнах болсон байна.

Тиймээс Монгол Улсын Засгийн газрын 2012 оны долдугаар тогтоолоор баталсан Ховор амьтны жагсаалт болон Монгол улсын Улаан ном (2013, 2016)-нд оруулсан юм. Мөн хүрэн баавгайн тархац нутгийн 21 орчим хувь нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдаад байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж