Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Улс орны нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа ажлынхаа хүрээнд мэдээлэл өгье. Өнөөдрийн байдлаар дэлхийн 201 улсад коронавирусийн халдвар тархсан. Манай улсад коронавирусийн 11 тохиолдол бүртгэгдэж, хүмүүсийн биеийн байдал тогтвортой байна. Засгийн газраас хоёр чиглэл барьж ажиллаж байна. Нэгдүгээрт, Монгол хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах хоёрдугаарт, эдийн засгийн нөхцөл байдалд анхаарч байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд тогтоосон хорио цээрийн дэглэмийг ард иргэд мөрдөх ёстой. Зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдлуудыг бид барьж аваад халдвар гаргахгүй ажиллаж байна. Улс орны хэмжээнд хүндэрсэн нөхцөл байдал одоогоор алга. Ард иргэд маань хамгийн түрүүнд амар амгалан, эрүүл энх байх ёстой. Цөөхөн хүн ам энэ өвчнөөр өвчилбөл ямар аюул заналхийлхийг та бүхэн мэдэж байгаа. Ард иргэдийн санаачилга ухамсар өвчний халдвар тархахаас нөлөөлөхөд чухал нөлөөтэй. Боломжтой бүх нөөц бололцоогоо бид ашиглаж байна. Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарын шаардлагатай тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйжүүлэлтэд 17 тэрбум төгрөг зарцуулсан. Мөн нэмээд 20.6 тэрбумыг шийдээд явж байна. Цаашдаа бид 159 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эмнэлгийн салбар болон холбогдох байгууллагуудад зарцуулна. Энэ мөнгөний эх үүсвэрийг олсон. Ард иргэдийнхээ эрүүл мэндийн хамгаалахад зориулан үндсэндээ 200 тэрбум төгрөг зарцуулж байгааг хэлмээр байна” хэмээн ярилаа.
Мөн энэ хүндэрсэн нөхцөл байдалд улс орны эдийн засгийг дэмжихээр дараах арга хэмжээг авахаар болсон байна.
- 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл зургаан сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээс бүх аж ахуйн нэгж, компаниудыг бүрэн чөлөөлж, тэглэж байна.
- 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл зургаан сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй.
- 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл зургаан сарын хугацаанд1.5 тэрбумаас доош орлоготой аж ахуйн нэгжүүдээс ААНОАТ авахгүй бөгөөд бүрэн чөлөөлнө.
- Үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байраа хадгалсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ажилтан бүрт сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэгийг гурван сарын хугацаанд олгоно.
- Малчдаас ноолуур авахад зориулж 3 хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээл олгоно. Зээлийг Засгийн газар хариуцна.
- 18 хүртэлх насны хүүхэд бүрт гурван сарын хугацаанд сар бүр 10.000 төгрөгөөр нэмэгдүүлж, хүүхдийн мөнгийг 30.000 төгрөг болгож байна.
- Шатахууны үнийг 2020 оны дөрөвдүгээр сарын 15-наас литр тутамд 300-400 төгрөгөөр бууруулна.
ЭХ СУРВАЛЖ: ULAANBAATAR.MN
Холбоотой мэдээ