ДЭМБ-ын зөвлөгөөний дагуу бие биеэсээ зайгаа барьж байгаа нь зөвхөн хүмүүс бид биш бололтой. Брендүүд ч гэсэн дагаж эхэлжээ. Covid-19 өвчин олон оронд тархаж, эрдэмтэд, эмч нар шинэ өвчнийг судалсны үндсэн дээр та бусад хүмүүсээс дор хаяж хоёр метр зай барьснаар өвчин тусах эрсдэл буурна хэмээн үзсэн юм. Иймд олон орны засгийн газар ард иргэдээ хөл хорихын зэрэгцээ бусдаас зай барихыг зөвлөж эхэлснийг дэмжин, тус зөвлөмжийг хүмүүст үргэлж сануулж байхын тулд бидний өдөр бүр хардаг брендүүдийн бэлгэ тэмдгүүд өөрчлөгдөж эхэлжээ.
МакДональдс
Өнгөрсөн долоо хоногт анх Бразилийн МакДональдс бэлгэ тэмдэг дээрх алдарт хоёр алтан нумыг хооронд нь салгаж өөрчилсөн билээ.
Кока-Кола
Нью Йорк хотын Таймс Сквер цамхаг дээрх Кока-Коланы зурагт хуудас өөрчлөгджээ. Алдарт "Coca’Cola" гэх бичгийн бүх үсгүүд хоорондоо зайтай болсноос гадна доор нь "Тусдаа байх нь нэгдмэл байх хамгийн сайн арга" хэмээх уриа үг бичжээ.
Ауди, Волксваген
Автомашин үйлдвэрлэгч тус хоёр бренд дээрх жишгийг даган цахим орчинд өөрсдийн бэлгэ тэмдгээ өөрчлөн хэрэглэх болжээ. Ауди хүн бүрийн нүдэнд хоногшиж үлдсэн дөрвөн цагаригаа салган тавьж хүмүүст гэртээ байн бусдаас зайгаа барихыг уриалсан байна.
Волксваген мөн ижил сурталчилгаа хийн, бэлгэ тэмдэг дээрх "V", "W" хоёр үсгээ салгаж, "бусдаас зайгаа барьж байгаа танд баярлалаа" хэмээн бичжээ.
Найк
Найк бренд харин бэлгэ тэмдгээ салгасангүй. Харин түүний оронд хөл хорионы улмаас зогсонги байдалд ороод буй спортын салбарынхны сэтгэлийг өөдрөг байлгахаар шинэ уриа үгтэй болжээ. Тэд "Хэрвээ та дэлхийн сая сая үзэгчдийн өмнө тоглохыг мөрөөдөж байсан бол яг одоо таны боломж ирлээ. Гэртээ тогло, дараад нь дэлхийн өмнө тогло" хэмээжээ.
Эх сурвалж: CNN.COM
Холбоотой мэдээ