Ерөнхийлөгч Хөвсгөлд зочлов

Хуучирсан мэдээ: 2010.07.30-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Хөвсгөлд зочлов

Энэ сарын 28-нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод болсон Үндэсний баатар гэж олноо өргөгдсөн Хотгойдын шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн түүхт ой, Ардын хувьсгалын 89 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 804 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдаж буй “Хотгойд хурд 2” хангайн бүсийн даншиг наадам өргөн дэлгэр болж байна.

Уг наадмын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд болон Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, албаны хүмүүс, нутгийн зон олон газар газраас ирсэн наадамчид оролцлоо. “Хотгойд хурд 2” хангайн бүсийн даншиг наадамд Хөвсгөлчүүд өргөн хүрээтэйгээр шинэлэг содон зүйлсээр дүүрэн сайхан наадаж байна. Наадмын эхэнд Монгол түмний төрт ёсны уламжлал, сүлд хийморийн билэгдэл болсон Есөн хөлт цагаан тугийг залж Хотгойдын шадар ван Чингүнжавын 300 жилийн түүхэн ойг тохиолдуулан хүндэтгэл үзүүлэн төрийн дуулал эгшиглүүлэв. Хотгойдын шадар ван Чингүнжавын дүр бүхий баатар, баатар эрсийн хувцас хэрэглэлтэй морьтон цэргүүд наадамчин олон түмэндээ баатар эрсийн эр зориг сүр жавхааг илтгэн үзүүлэх тоглолт хийлээ.
Дараа нь Хотгойдын шадар ван Чингүнжавын үг сургаалыг нийт монголын ард түмэн болон Хөвсгөлчүүд, наадамчин олонд сонордууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээндээ, “Та бүхэнд Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч, халуун эх оронч, эрэлхэг жанжин Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойн мэндийг хүргэж сайн сайхныг хүсэн ерөөе. Чингүнжав Халхын ноёдод хандан “Манжийн хаанаас салбал зохино” гэсэн уриалга гаргаж улс үндэстнийхээ тусгаар тогтнолыг сэргээхийн төлөө шантрашгүй эр зориг гарган тэмцсэн юм. Чингүнжавын тэмцэл бол улс үндэстнээ өмгөөлсөн монголчуудын зүрхний хилэн байлаа. Хэдийгээр Чингүнжавын тэмцэл монгол ноёдын дотоод зөрчилдөөн, нэгдмэл бус байдлын улмаас зорилгодоо хүрэлгүй дарагдсан боловч Монголын ард түмнийг цаашдын их тэмцэлд зоригжуулсан уриа дуудлага болж чадсан байна. Чухамхүү Чингүнжавын удирдсан зэвсэгт тэмцэл нь түүнээс 150 гаруй жилийн дараа өрнөсөн 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын үндэс суурь, цог дөл нь болсон билээ. Тэрбээр тухайн үед эзлэн түрэмгийлэгчдийг ялж чадаагүй ч хожмын их ялалтын суурийг тавьж чадсан.
Шадар ван Чингүнжавын Монголын түүхэнд үлдээсэн ул мөрийг улам тодруулж түүний нэр төр, гавьяа зүтгэл, баатарлаг үйлсийг мандан бадруулах, хойч үеэ эх орон, элгэн саднаа гэсэн үзлээр хүмүүжүүлэхэд энэхүү ойн арга хэмжээ нэн тустай юм. Нар хур тэгширсэн энэ сайхан өдрүүдэд эрдэнэт хурдан хүлгийн тань уяа сойлго шавхарч, эрч хүчтэй бөхчүүдийн тань эр бяр жагсаж, эрхий мэргэн харваачид нь онч мэргэн байж Дэлгэр мөрнийхээ хөвөө, зүлэг ногоон талбайд дэнж хотойтол сайхан наадаарай. Монгол Улс үүрд мөнх мандан бадраг хэмээн мэндчилгээ хүргүүлэв.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нутаг нутгаас ирэн хурд шандсаа сорин уралдсан морьдын уралдаан үзэж түрүү магнайн эзэнд гарын бэлгээ гардууллаа.

Эх сурвалж: president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж