Швейцарь улсад сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн халдварын тохиолдол 1000-аар нэмэгдэж, нийт 11811 хүн өвчилж, 192 хүн нас баржээ. Ингэснээр Альпийн нуруунд орших Швейцарь нь covid-19 өвчнөөр хамгийн олон хүн өвчилсөн Европын тав дахь орон болов. Европын орнуудаас Италид нийт 80589, Испанид 57786, Германд 43938, Францад 29155 хүн коронавирусийн халдвараар өвчилжээ. Харин Европын холбооноос гарч буй Их Британид 11658 хүн коронавирусийн халдвар авсан байна.
Европын халдварын голомт болсон Италитай хил залгаа Швейцарийн хойд хэсгийн Тичино бүс нутагт covid-19 өвчнөөр нас барсан хүмүүсийн олонх нь бүртгэгджээ. Тичино бүс нутагт оршин суугчдын олонх нь итали хэлээр харилцдаг аж.
Швейцарьд халдварын анхны тохиолдол хоёрдугаар сарын 24-нд бүртгэгдсэн. Үүнээс хойш нийт 91400 хүнээс шинжилгээ авахад 14 хувьд нь халдвар илэрсэн аж. Швейцарийн Засгийн газраас бүх сургуулийг хааж, ресторан, баар, хүнсний бус дэлгүүрүүдийн үйл ажиллагааг зогсоожээ. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногоос эхлэн таваас дээш тооны хүн нэг дор цугларахыг хориглож, хүмүүсийг хоорондоо хоёр метрийн зай барихыг зөвлөсөн байна. Хэрэв олон хүн нэг дор цугларвал Швейцарийн харилцаа холбооны оператор компаниас хүмүүсийн гар утасны мэдээллээр дамжуулан албаныханд мэдээлэл өгөх гэнэ. Швейцарийн армийн 3800-4000 орчим цэргийн эмч, мэргэжилтнийг халдвартай хүмүүсийг эмчлэхэд дайчилжээ.
Эх сурвалж: Dailymail.co.uk
Холбоотой мэдээ