COVID-19 УБТЗ-ын тээврийн алдагдлыг улам нэмэгдүүлж байна

Хуучирсан мэдээ: 2020.03.27-нд нийтлэгдсэн

COVID-19 УБТЗ-ын тээврийн алдагдлыг улам нэмэгдүүлж байна

COVID-19 УБТЗ-ын тээврийн алдагдлыг улам нэмэгдүүлж байна

Коронавирусийн халдварын улмаас УБТЗ-ын зорчигч тээврийн орлого 1.7 тэрбум төгрөгөөр тасалдсан талаар өмнө нь бид мэдээлсэн. Энэ удаад УБТЗ-ын ачаа тээвэрлэлтэд нь үүссэн нөхцөл байдлыг  сурвалжиллаа.

УБТЗ жил бүр 40-50 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж ирсэн. COVID-19 халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор төмөр замын зорчигч болон тээврийн урсгал саарсан нь тус нийгэмлэгийн эдийн засгийн дарамтыг улам нэмэгдүүлж байна.

УБТЗ энэ онд 28.3 сая тонн ачаа тээвэрлэх төлөвлөгөөтэй байсан ч оны эхний хоёр, гуравдугаар сард дамжин өнгөрөх ачаа, тээвэр 6-18  хувиар буурсан нь 6 тэрбум  төгрөгөөр орлого нь тасрахад хүрчээ.

Ялангуяа БНХАУ-аас дамжин өнгөрөх чингэлгийн транзит 102 галт тэрэгний аялал цуцлагдсан нь УБТЗ-ын дамжин өнгөрөх тээврийг бууралтад ийн нөлөөлсөн байна. Түүнчлэн импортын тээвэр найман хувиар орон нутгийн тээвэрлэлт 10 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Уг алдагдлаа нөхөхийн тулд УБТЗ дотоодоос экспортод гарах уул уурхайн бүтээгдэхүүнийг +25 хувиар нэмэгдүүлсэн ч нөхцөл байдал хүнд хэвээр байна. Өндөр тарифтай ачаа тээврийн хэмжээ буурсны зэрэгцээ халдвар өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд төлөвлөгдөөгүй зардал, УОК-оос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхэд нэмэлт зардал гаргаж байгаа зэргээс шалтгаалаад УБТЗ 16,3 тэрбум төгрөгийн орлогын алдагдалтай  ажиллаж буйг албанынхан онцоллоо.

Энэ талаар “УБТЗ” нийгэмлэгийн Тээвэр зохицуулалтын албаны дарга Ц.Лувсангаас тодруулахад тэрбээр "УБТЗ транзит тээврээс олж буй орлогоороо бусад алдагдлаа нөхөж ирсэн. Орон нутгийн нүүрс тээврээс жилд 10 гаруй тэрбум төгрөгийн, зорчигч тээврээс жилд 25-30 тэрбум төгрөгийн, нефть, нефтийн бүтээгдэхүүний тээврээс 2-5 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж ирсэн. Энэ бүх алдагдлыг транзит тээврээс олж буй орлогоороо нөхдөг. COVID-19 халдвараас шалтгаалж транзит тээврийн орлого буурснаар алдагдлаа нөхөхөд хүндрэл үүсч байна. Цаашид тээвэрлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд ачаа илгээгч, зуучлалын байгууллагууд, хөрш төмөр замуудтай идэвхтэй хамтран ажиллаж богино хугацаанд тээвэрлэлтийг сэргээж хэвийн ажиллуулахад холбогдох ажлуудыг авч ажиллаж байна.

Гуравдугаар сарын дундаас хойш транзит тээврийн урсгал сэргэж эхэллээ. Ялангуяа БНХАУ-ын зүгээс хоногийн галт тэрэгийн солилцоо 5-6 галт тэрэг, урдаас ирэх ачааны хэмжээ нэмэгдэж байна. Хоногт манайхыг чиглэсэн болон дамжин өнгөрөх чингэлгийн 400 орчим транзит тээвэрийн мэдээллийг Хятадын талаас өгч байна. ОХУ-ын зүгээс ч гэсэн хоногийн 5-6 галт тэрэг солилцох нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа. Хаврын тариалалттай холбоотой тээврүүдэд онцгой анхаарал хандуулан цаг хугацаанд нь тээвэрлэх арга хэмжээг бид авч байна. Ялангуяа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт саатахгүй” гэлээ.

УБТЗ хөрш төмөр замуудаас тээвэрлэгдэн ирж байгаа вагон чингэлгүүдийг нэгбүрчлэн ариутгал халдваргүйтгэл хийх ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран хоёр хилийн өртөөн дээр МХЕГ-аас өгсөн чиглэлийн дагуу зохион байгуулж ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж