Аливаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн арга бол дархлаагаа дэмжих. Цар тахлын хэмжээнд хүрсэн Covid-19 вирусийн халдварын үед хүн бүр илчлэг хүнс хэрэглэж дархлаагаа дэмжихийг ДЭМБ зөвлөсөөр байна. Ийм цаг үед дархлааг дэмжих хүнсний бүтээгдэхүүн дэлхий нийтээр эрэлттэй болжээ.
Өдрөөс өдөрт цар хүрээгээ тэлсээр буй шинэ төрлийн коронавирусийн халдварыг тогтоон барих нь эрх баригчид, эмч мэргэжилтнүүд, эрдэмтдийн санааг зовоож байна. Эрдэмтэд коронавирусийн эсрэг вакцин гаргахаар туршиж, бас дархлааг дэмжих эм бэлдмэл эмчилгээний аргуудыг судалсаар байгаа юм. Саяхнаас Өмнөд Солонгосын эрдэмтэд коронавирусийн халдварыг дарангуйлах хамгийн сайн эмчилгээ нь чацаргана жимс болохыг тогтоосон нь анагаахын салбарын мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж, олон улсад шагшигдаж буй. Тодруулбал, чацарганад агуулагддаг олон тооны лактобациллус гассеригаас бүрдэх ашигтай буюу пробиотик бактери нь шинэ коронавирусийн мутацид шаардагдах энергийн эх үүсвэр болох пурин гэх химийн нэгдлийн идэвхжилийг дарангуйлдаг байна.
Чацаргана нь халдвар авсан хүний цусан дахь вирусыг олшруулахгүй байж, улмаар эдгээх магадлал өндөр болохыг тогтоожээ.
Эрс тэрс цаг ууртай Монгол орны хувьд өвөл, хаврын улиралд амьсгалын замын халдварт өвчин дэгдэх магадлал өндөр. Халдварын өндөр эрсдэлтэй бүс нутагт хамаарч буй манай орны нөхцөлд эрүүл мэндийн байгууллагуудаас иргэддээ дархлаагаа дэмжихэд антибиотикаас илүүтэй аньс, чацаргана, нэрс жимсийг өдөр бүр хэрэглэхийг эмч нар зөвлөсөөр байгаа.
ХУНЧИР, ЧИХЭР ӨВСИЙГ УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЭМЧИЛГЭЭНД АШИГЛАЖ БАЙНА
ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.БУЯНЖАРГАЛ:
-Бид эмчилгээ оношилгоонд олон улсын судлаачдын хийсэн нотолгоонд тулгуурласан мэдээллийг ашиглаж, шинэчилж байна. Жишээ нь, эмчилгээнд захын судасны хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулах, хүчилтөрөгч эмчилгээ, хоёрдогч үрэвсэл халдвараас сэргийлсэн антибиотик эмчилгээ, дархлаа сэргээх, сийвэн сэлбэх эмчилгээ, мөн уламжлалтын эмчилгээ ялангуяа олон улсын хэвлэл мэдээлэл дээр Хятад зэрэг орон хунчир, чихэр өвс хэрэглэж байгаа тухай гарч байна. Бид энэ бүгдийг судалж, эмчилгээндээ ашиглаж байна хэмээсэн билээ.
ЧАЦАРГАНА
“Хаан жимс” хэмээн нэрлэгддэг энэхүү жимс нь ханиад томууны үед хамгийн сайн эмчилгээ болдгийг хүн бүр мэднэ. Өмнөд Солонгосын эрдэмтдийн нээн илрүүлснээр чацаргана жимсэнд есөн төрлийн антиоксидант, зургаан төрлийн эрдэс бодис, 16 амин хүчил агуулагддаг болох нь тогтоогджээ.
Судалгааг явуулсан “EWHA” их сургуулийн Урологийн тасгийн профессор Юун Ха На “Чацаргана жимс дэх ашигтай бактери нь коронавирусийн хүний биед мутацид орж үржихэд шаардагддаг пуриний идэвхийг дарангуйлдаг учраас өвчлөлийн эсрэг эмчилгээ болох боломжтой хэмээн найдаж байгаа” хэмээсэн байдаг.
Манай эмч мэргэжилтнүүд ч чацаргана жимсийг буцалгаж бус хандалж уух нь дархлааг илүү дэмждэг болохыг зөвлөдөг. Чацаргана нь антиоксидант, Е амин дэм, каротиноид зэрэг үрэвслийн эсрэг үйлчилгээтэй нэгдлүүд агуулдаг учраас үрэвслийг дараад зогсохгүй, хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлж, элгийг эрүүл байхад тусалдаг байна. Мөн чацарганы навч нь ч гэсэн үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг.
ЧИХЭР ӨВС
Чихэр өвс бол хүнс, техникийн ихээхэн ач холбогдолтой. Найрлагандаа тритерпент сапонин буюу глицериззиний хүчил, флавонойдууд, гликозидтой төстэй бодисыг нэлээн хэмжээгээр агуулдаг. Ханиалга дарах, цэр ховхлох, туулгах, уушиг, цээжний өвчинг дарах, шээс хөөх, харшил эсэргүүцэх, хавдар бууруулах, шарх эдгэрүүлэх, үрэвсэл намдаах чиглэлийн янз бүрийн эм бэлдмэл хийхэд тохиромжтой.
ХУНЧИР
Хунчирыг “Ургамлын хаан” гэж нэрлэдэг. Энэхүү ургамлын үндэс нь дархлааг дэмжих, бөөр, зүрх судасны өвчлөлийн үед үрэвсэл дарах зорилгоор хэрэглэдэг олон талын ач холбогдолтой. Хунчирын ургалтын дөрөв дэх жилээс үндсийг нь түүж бэлтгэн эмчилгээний зорилгоор хэрэглэдэг. Хунчирын хоёр мянга гаруй зүйл ургамлаас зөвхөн монгол хунчир, сарьслаг хунчир гэдэг хоёр зүйлийг л анагаах ухаанд хэрэглэдэг. Хунчирыг мөн сүүлийн үед хоол хүнсэндээ нэмэлтээр хэрэглэх болсон.
ЧАЦАРГАНА, ХУНЧИР, ЧИХЭР ӨВСИЙГ ХЭТРҮҮЛБЭЛ ЭМ БИШ ХОР БОЛНО
Аливаа зүйлийн тунг хэтрүүлбэл сөрөг нөлөөгөө үзүүлдэг. Үүнтэй адил хэдийгээр чацаргана, чихэр өвс, хунчир зэрэг монгол орны хөрсөнд ургадаг жимс эмийн ургамал нь хүний биед сайн нөлөөтэй, олон талын ач холбогдолтой болов ч дангаар нь хэрэглэх зохимжгүй гэдгийг уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтнүүд анхааруулдаг.
Тухайлбал, чацаргана гэхэд олон талын ашиг тустай боловч ханиадны эхэн үед хэрэглэхэд тохиромжгүй, архаг хүндэрсэн ханиад томууны үед үрэвсэл дарах, цэр гадагшлуулах зорилгоор чацаргана жимсийг, энэхүү жимсний орц найрлага орсон эм, бүтээгдэхүүнтэй хавсаргаж хэрэглэх нь зохимжтой аж.
Гэхдээ удаан хугацаанд хэрэглэх нь тохиромжгүй юм байна. Мөн чихэр өвс ханиалга дарахад сайн нөлөөтэй ч бас л дангаар нь хэрэглэх зохимжгүй. Уламжлалт анагаах ухааны эмчилгээнд чихэр өвсний найрлагатай тан болон эмийн бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөдөг байна.
Харин ургамлын хаан гэгдэх хунчир биеийн тэнхээ сайжруулах, үрэвсэл дарах ач холбогдолтой ч ханиад томууны үед хэрэглэж байсан нь уламжлалт анагаах ухааны эмчилгээний сударт бичигдээгүй тул аливаа үрэвсэлт өвчнийг дарах зорилгоор мөн бүтээгдэхүүний найрлагын хольцтой хавсаргах нь үр дүнтэй.
Харин хоол унд, хүнсэндээ тогтмол хэрэглэх нь тийм ч тохиромжтой биш гэнэ. Ханиад томуунаас урьдчилан сэргийлэхэд уламжлалт анагаах ухааны эмчилгээнд мана4 танг өдөр бүр 100 хоног тогтмол сүүтэй цайнд маш бага хэмжээтэй найруулж хэрэглэвэл ашиг тустай. Харин эмчилгээний зорилгоор тав хоног хэрэглэвэл үр дүнтэй юм байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ