Инфографик:Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга

Хуучирсан мэдээ: 2020.03.27-нд нийтлэгдсэн

Инфографик:Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит  чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга

УСНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ, “ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” 
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА 

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. 

Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд Монгол Улсын усны аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлогын зөвлөмж гаргах, мэдээлэл харилцан солилцох үүрэг бүхий Усны үндэсний зөвлөлийг байгуулж, зөвлөлийн даргаар Монгол Улсын Ерөнхий сайд, нарийн бичгийн даргаар байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байх бөгөөд бүрэлдэхүүн болон ажиллах журмыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй зөвшилцөж, Монгол Улсын Ерөнхий сайд батлахаар заасан.

Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд Монгол Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг нэгтгэн боловсруулж батлуулах, улсын усны мэдээллийн санг бүрдүүлж хөтлөх, усны төлөв байдалтай холбоотой мэдээллээр иргэн, хуулийн этгээдийг хангах, улсын усны тоо бүртгэл, статистикийн мэдээллийг нэгтгэн боловсруулах, усны нөөц, ус ашиглалтын тайланг улсын хэмжээнд нэгтгэн гаргах, ус хэмнэх, хаягдал усыг цэвэрлэх, дахин ашиглах техникийн нөхцөл, стандартыг дэвшилтэт технологи, шинжлэх ухааны ололтод тулгуурлан боловсруулж, хэрэгжилтэд хяналт тавих, стратегийн томоохон орд газарт цооног өрөмдөх, ус ашиглах судалгаа хийхэд дүгнэлт гаргах, ган, цөлжилт, хуурайшилтын үед усны нөөц хомсдох, бохирдсон тохиолдолд тухайн сав газарт ус ашиглагчийн ашиглах усыг хуваарилах, хязгаарлах, ус, түүний орчныг нөхөн сэргээх зорилгоор ус ашиглахыг тодорхой хугацаагаар түр хориглох зэрэг бүрэн эрхийг усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлж ажиллахаар заасан. 

Усны газар нь ус ашиглагч, хэрэглэгч, хангагч байгууллага болон сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн байгаль орчны алба, хөдөө аж ахуйн мэргэжилтэн болон сум, дүүргийн байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийг усны талаарх мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар зохицуулсан.

“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулж Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд байгуулахаар Улсын Их Хурлын тогтоолд тусгалаа. 

Улсын Их Хурлын Тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж