Анхны тохиолдлын хавьтагчид халдвар аваагүй нь азтай, бас сонирхолтой | News.MN

Анхны тохиолдлын хавьтагчид халдвар аваагүй нь азтай, бас сонирхолтой

Анхны тохиолдлын хавьтагчид халдвар аваагүй нь азтай, бас сонирхолтой

БНСУ-ын Ёнсей Их сургуулийн Эм Зүйн Сургуулийн судлаач профессор, “Юпекс Мэд” ХХК-ийн тэнхимийн эрхлэгч, Био-анагаахын шинжлэх ухааны доктор Б. Гантөмөрийн коронавирусийн талаарх нийтлэлийг хүргэж байна.


Коронавирус гэж юу вэ?

Вирус бол олон төрлийн эмгэг үүсгэх чадвартай цөмдөө генетик материал болох нуклейн хүчил (ДНХ/DNA эсвэл РНХ/RNA) агуулсан, гадаргуу дээрээ уураг эсвэл тосон бүрхүүлээр хучигдсан өөрөө бүрэлдэн тогтсон нано хэмжээст бичил биет юм. Корона (Монголчилвол Титэмт) вирус нь энгийн ханиаднаас эхлээд тахал (МЭРС болон САРС) хүртэл үүсгэж, хүнээс хүнд халдварлаж чадах нэг том бүлэг вирус юм. Коронавирус нь ихэвчлэн амьтанд олддог ба одоогоор амьтнаас хүнд дамждаг 7 төрөл мэдэгдээд байна. Эхний 4 төрөл нь хүнд халдварласан тохиолдолд хамрын ханиад төдий нөлөө үзүүлдэг. Харин 2003 онд Хятадад дэгдсэн корона вирус САРС (SARS: Severe Acute Respiratory Syndrom) анх удаа ноцтой нөхцөл үүсгэсэн. 2012 онд мөн өөр төрлийн коронавирус болох МЭРС (MERS: Middle East Respiratory Syndrome) Саудын Арабт анх бүртгэгдсэн байна.

2019 оны сүүлээр Хятадын Ухань хотод шинэ төрлийн коронавирус дэгдэн одоогоор олон улсыг хамарсан “цар тахал” болоод байна. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) мэдээлснээр Шинэ Корона (2019new Corona Virus: 2019-n-CoV сүүлд SARS-CоV-2 (САРС-КоВ-2) болгон өөрчлсөн) вирус нь амьтнаас хүнд, улмаар хүнээс хүнд халдварлан ноцтой өвчин КОВИД-19 (COVID-19: Corona Virus Disease 2019) үүсгэж байна. Бүтцийн хувьд коронавирус нь бөөрөнхий хэлбэртэй гадаргуу дээрээ титэм хэлбэртэй S (spike protein) уургнуудтай (Зураг 1) эдгээр титэм нь хүний эс рүү нэвтэрч орох үед тусладаг ба цөмдөө мэдээлэл дамжуулагч нуклейн хүчил (РНХ) агуулсан маш жижиг хэсэг юм. Бактериас 100 дахин жижиг бөгөөд ойролцоо диаметр нь 50-200 нано метр. Энэ вирус нь хүний биед ам, нүд, хамараар дамжин нэвтэрээд амны хөндий, хэл, уушиг, гэдэс, бөөр, зүрх гэх мэт эрхтэн дээр байрладаг. Учир нь, эдгээр эрхтэн дээр энэхүү вирусыг хүлээн авагч АЦЕ2 (ACE2: Angiotensin converting enzyme 2) гэдэг урхи (receptor) ихээр илэрдэг болох нь тогтоогдсон. Энэхүү урхи нь эсийн гадарга дээр байрладаг молекул бөгөөд үүнтэй САРС-КоВ-2 вирус нь бүрхүүл дээрх S уургаараа хялбархан холбогддог. САРС-тай харьцуулахад САРС-КоВ-2 ын хувьд S уураг нь АЦЕ2 урхитай илүү бат бөх холбогдож байгаа нь тогтоогдсон учир хурдан халдвар тархах нөхцөл болж байна. САРС-КоВ-2 хүний эсийн дотор нэвтрэн орсоны дараа вирусийн цөмд байгаа РНХ эсийн РНХ-тэй гинжин урвалд орон маш олон тооны вирусийн РНХ үүсгээд дараа нь эс доторх молекулуудын тусламжтай вирусийг үйлдвэрлэж эхэлдэг. Вирус олон тоогоор үржсэнээр тухайн эсийг үхүүлж улмаар эд эрхтэнийг ажиллагаагүй болгодог байна.

Зураг 1. САРС-КоВ-2 вирусийн бүрэлдэхүүнийг харуулсан хөндлөн огтлол зураг

/www.economist.com/.

Шинэ коронавирус (САРС-КоВ-2)-ийн эх үүсвэр

Гол эх үүсвэр нь зэрлэг амьтад түүний дотор сарьсан багваахай, могой, панголин, мөн лабораторийн нөхцөлд хувирган гарган авсан вирус байх магадлалтай гэж үзэж байна.

Сарьсан багваахай гол эх үүсвэр байх боломж өндөр байгаа бөгөөд одоогоор сарьсан багваахайгаас лабораторид ялган авсан коронавирусийн генийн кодыг САРС-КоВ-2 вирусийн кодтой харьцуулахад 96% таарч байгаа нь тогтоогдсон. Сарьсан багваахай нь манай дэлхий дээрх хамгийн олон вирус тээгч амьтан юм. Сарьсан багваахайн биеийн температур 38ºС учраас вирус амьдрах хамгийн таатай орчин болдог байна.

Панголин болон могойн хувьд хоѐрдогч тээгч байх боломжтой. Сарьсан багваахай панголинд халдвар дамжуулаад улмаар хүнд халдсан байх боломжтой гэж үзэж байна. Эрдэмтдийн тогтоосоноор панголиноос ялгасан коронавирусийн генийн код САРС-КоВ-2 вирустэй 92% төстэй байсан.

Ухань хотод томоохон вирус судлалын хүрээлэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд олон төрлийн вирус дээр судалгаа хийдэг. Тиймээс лабораториас алдагдсан эсвэл тэнд ажилладаг хүн халдвар аваад тараасан байх магадлалтай гэдэг таамаг байгаа. Гэхдээ энэ явган яриа төдий бөгөөд ямар нэгэн нотолгоо байхгүйн дээр олон эрдэмтэд энэ вирус байгалийн зэрлэг амьтнаас халдварласан гэж үзэж байгаа.

САРС-КоВ-2 вирус халдварлах зам болон тархац

Халдварлах зам

Энэхүү вирус нь хүнээс хүнд амьсгалын замаар (аэрозол), мөн ахуйн замаар (бохирдсон гараар) дамжих боломжтой. Ойролцоогоор 5-10 микрон хэмжээст дроплет нь халдвартай хүн ярих, ханиах, найтаах үед агаарт хялбар тархана. Энэхүү дроплетууд хялбархан доошоо буух боловч ойрхон байгаа (1.8 метр) хүмүүст шууд дамжих мөн олон төрлийн гадаргуу дээр наалдан тогтох боломжтой. Улмаар түүнд хүмүүс гар хуруугаараа хүрэн ам, хамар, нүдэндээ хүрэх үед халдвар авах боломжтой. АНУ-ын их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар шинэ коронавирус (САРС-КоВ-2) аэрозол хэлбэртэй агаарт 3 цаг, цаасан хайрцаг дээр 24 цаг, төмөр болон пластик гадаргуу дээр 2-3 өдөр оршиж чадах ба харин зэс гадаргуу дээр 4 цаг хүртэл амьдарч байгааг тогтоосон. Эдгээр үр дүн нь САРС вирус дээр хийсэн судалгааны үр дүнтэй төстэй гарсан боловч яагаад илүү хурдан хугацаанд хүмүүст халдвар тархаж байгаа нь тодорхой бус байна. Энэ шинж нь эмнэлгийн эд хэрэгсэл болон олон нийтийн тээврийн хэрэгслийн эд анги зэргээр халдвар тарах боломжтойг харуулж байна.

Үүнээс гадна хуурай сэрүүн уур амьсгалтай газар хялбархан тархаж байгаа нь тогтоодсон. Амьдрах хамгийн таатай орчины температур 11ºС гэж үзэж байгаа. Өнгөрсөн нэг сараас хойш хамгийн өндөр тархалттай газаруудын агаарын температурыг ажиглавал Ухань хотын температур нэг сард дунджаар 10-13 ºС, БНСУ-ын Тэгү хотын температур хоёрдугаар сард дунджаар 9 ºС, Иран улсынх 10 ºС орчим, Италийх 10 ºС байсан болохыг харж болохоор байгаа.

Урьдчилсан судалгаагаар халуун чийглэг орчин энэхүү вирусын тархалтыг сааруулах боломжтой гэж үзэж байгаа. Герман болон Хятадын эрдэмтдийн ажигласнаар халдвар тээгч ямар нэгэн шинж тэмдэггүй байх үедээ бусад хүнд халдвар тараах боломжтой гэж үзсэн. Нууц үе нь 14 хоног гэж үзэж байгаа боловч Хятадад 21 ба 42 хоногийн турш вирус илрээгүй байж байгаад илэрсэн тохиолдол байгаа. Мөн эхний шинжилгээгээр илрэхгүй байх тохиолдол ч гарсан. Халдвар хурдацтайгаар тархаж байгаагийн хамгийн гол шалтгаан бол халдварын нууц үе урт байгаа явдал юм. Германы эрдэмтдийн судалгаагаар халдвар авсан эхний 7 хоногт бусдад тараах магадлал хамгийн өндөр байгаа (Зураг 2). Учир нь, энэ үед вирус хамар, амны хөндийд байрлаж байдаг учир ханиаж найтаахад агаарт хялбар цацагдан бусад хүмүүст халддаг байна. Халдварын хамгийн анхны шинж тэмдэг нь үнэрлэх амтлах мэдрэмжээ алдах явдлаар илрэх магадлалтайг эмч нар анхааруулж байна. Цаашлаад өндөр халуурах (98%), ханиалгах (75%), сульдах (44%), амьсгал давчдах гэх мэтээр илэрнэ. Мөн гэдэс өвдөх, бөөлжис хутгах гэх мэт бусад шинж тэмдэг ч илрэх боломжтой. Шинж тэмдгүүд нь халдвар авсанаас хойш 2-оос 14 хоногийн хооронд илрэх нь элбэг.

Зураг 2. КОВИД-19-ын халдварын шинж тэмдэг илрэх хугацааны дүрслэл (The Lancet).

Халдвар ихээр тархсан газраар явсан болон халдвартай хүнтэй ойрхон ажилласаны дараа дээрх шинж тэмдэг илэрвэл шууд эмнэлэгт дуудлага өгөх хэрэгтэйг зөвлөж байгаа. Олон хүн бөөгнөрсөн газруудаар маш хурдан тархах чадвартай учир эмнэлэгт шууд очихыг хориглодог.

КОВИД-19 тархац

Энэхүү вирус нь 2019 оны арванхоёрдугаар сард Хятадын Ухань хотын зэрлэг амьтны захаас эхэлсэн гэж үзэж байгаа боловч түүнээс өмнө өөр газар илэрсэн байх боломжтой гэж таамаглаж байгаа. Одоогийн байдлаар (2020 оны гуравдугаар сарын 26) дэлхийн 196 улсад тархаад байгаа ба нийт 440000 хүн халдвар авсанаас 112000 хүн эдгэрсэн байна. Өмнөх коронавирусийн халдваруудтай харьцуулахад өргөн цар хүрээг хамарч цар тахал болоод байна. Хятадад ойролцоогоор 81000 хүн халдвар авсан ба одоогоор халдварыг сааруулаад байна. Анх дэгдсэн газар учир олон эмнэлгийн ажилчид өртсөн. Харин сүүлийн нэг сарын дотор Европын олон орон болон АНУ-д халдварын тархац маш хурдан явагдаж байгаа бөгөөд Итали улс хамгийн ихээр өртөөд байна. Эдгээр улсын хувьд Хятадад халдвар тархаж байх үед хангалттай бэлтгэл хангаагүй мөн халдвартай тэмцэхдээ хэтэрхий хайнга удаан хандсанаар халдварыг даамжруулсан байна.

Вирусын халдвар хүн олноор бөөгнөрсөн газар хурдацтай тархаж байна. Ялангуяа худалдааны төвүүд, сүм, эмнэлэг, үзвэр үйлчилгээний газрууд. Халдвар тээгч нь ямар нэгэн шинж тэмдэггүйгээр олон хүнд халдаах боломжтой байгаа. ДЭМБ-ын үзэж байгаагаар үхлийн хувь 4% бөгөөд Эбола, САРС зэрэг вирустай харьцуулахад бага боловч тархалт хурдан нууц үе урт зэрэг ноцтой шинжүүд ихтэй. Үхлийн хувь улс оронд харилцан адилгүй байгаа бөгөөд хамгийн өндөр нь Итали улс ойролцоогоор 10% тай байна. Мөн өндөр настан, ямар нэгэн суурь өвчтэй хүмүүст хүнд хэлбэртэй тохиолдож байгаа ба хүндэрсэн хэлбэр нийт тохиолдолын 6% байгаа. Хүүхдүүд харьцангуй бага өртөж байгаа нь халдвар тархах эрсдэлтэй газраар явахгүй байгаатай холбон үзэж байна.

Хэрхэн хамгаалах, урьдчлан сэргийлэх, оншлогоо

Тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх

Хятад анх вирус дэгдсэн газар Ухань хотыг тодорхой хугацаанд бүрэн тусгаарлан ариутгалжуулалт хийх замаар тархалтыг зогсоож байна. Одоогоор тархал их дэлгэрсэн улсууд /Итали, АНУ, Испани гм/ олон хотод хөл хорио тогтоон халдварыг зогсоохоор хичээж байна. Мөн улс орнууд гаднаас вирус импортлогдох боломтой байгаа учир ирж байгаа зорчигчдыг 14 хоногийн турш тусгаарлан оношилгоо хийж байна.

Хувь хүн аль болохоор олон нийтийн газраар явахгүй байх мөн хурал цуглаанд оролцохгүй байх нь хамгийн сайн хамгаалах аргуудын нэг. Гараа тогтмол савандаж угааснаар вирусийг хялбархан устгаж чадна. Учир нь, вирусийг бүрхэж байгаа тосон бүрхүүл (липид үе) нь савангаар маш хялбархан эвдэрдэг тиймээс удаан амьдарч чадалгүй устана (Зураг 1). Мөн амны хаалт (маск) тогтмол зүүснээр өөрийгөө шууд болон шууд бус халдвараас хамгаалж чадана. Маскны хувьд олон төрөл байдаг бөгөөд 10 микроноос доош хэмжээст тоосонцор (вирус агуулж буй дроплетийн диаметр) нэвтрүүлэх чадвараар нь ангилна. Жишээ нь, N80 төрлийн маск бол 10 микрон тоосонцрыг 86% хүртэл шүүж чадна. Энгийн маск 10 микрон тоосонцрыг 50% хүртэл шүүх чадвартай. Тиймээс удаан хугацаанд халдвар ихээр тархсан нөхцөлд хамгаалах чадвар муу боловч шууд бус халдварын тохиолдлыг хязгаарлаж чадна. Шууд бус халдвар гэж бохир гараараа ам, хамар, нүд, нүүрний хэсэгт хүрэх замаар халдвар авахыг хэлнэ.

Өндөр хамгаалалттай амны хаалт (маск)-ыг хүн бүр хэрэглэвэл хомсдолд орох аюултай боловч төрийн бодлогоор зохицуулж болно. Жишээ нь, БНСУ өдөрт 10 сая ширхэг N95 маск үйлдвэрлэх хүчин чадалтай, үүнээс 2 сая ширхгийг эмч, эмнэлгийн ажилчдад хуваарилаад үлдсэн 8 сая ширхгийг ард иргэддээ 7 хоногт 2 ширхэг хэрэглэхээр эмийн сан, шуудан гэх мэт газраар худалдаалж байгаа. Энгийн маскны хэрэглээ өндөр биш байна. Азийн орнууд маскны хэрэглэлт өндөр хувьтай байгаа ба Америк болон Европын орнуудын хувьд маск хомсдолд орохоос сэргийлэн ард иргэддээ ямар нэг ханиадны шинж тэмдэггүй үед маск зүүхгүй байхыг зөвлөж байсан. Энэ нь тийм ч зөв уриалга биш болох нь батлагдаж байгаа. Учир нь, энэхүү вирус агаар дуслын замаар маш хурдан дамждаг.

Хувь хүнээс гадана халдварын голомтонд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдыг хамгаалах хэрэгслээр сайн хангах шаардлагатай. Хятадад анхны халдварууд илрэх үед хамгаалах хэрэгсэлгүй өвчтөнүүдтэй ажилснаар олон эмч, эмнэлгийн ажилчид ноцтой хохирсон бөгөөд тухайн эмнэлэг өөрөө халдварын голомт болох аюултай.

Мөн байнга шингэн уух, шим тэжээллэг хоол идэж, сайн амран дарахлаагаа сайн байлгах хэрэгтэй гэж эмч нар зөвлөж байгаа.

ДЭМБ-аас натрийн хипохлоритын 0.5% шингэрүүлсэн уусмал болон этилийн спиртийн 60-80% уусмал хэрэглэн гадаргууг ариутгахыг зөвлөж байна.

Оношлогоо

Коронавирусийн оншлогоонд өргөн хэрэглэгддэг аргууд бол полимеразын гинжин урвал-ПГУ (PCR) ашиглан вирусын РНХ-ийн кодыг уншуулан мөн X-ray болон компьютер томографиар (СT) цээжний зураг аван тодорхойлж байна. Халдвар тархсаны дараахан Хятад болон Австралид анхлан энэ вирусийн РНХ генийн кодыг тогтоосон. Энэ вирусийн хамгийн гол бай бол уушиг, тиймээс уушигны зураг авах замаар илрүүлнэ.

Хятад болон БНСУ-д олон мянган хүнд богино хугацаанд ПГУ-ын тест ашиглан оношлогоо хийсэн. Жишээ нь, БНСУ-ын компани Сийген (Seegene) КОВИД-19 дэгдэж эхэлсэн хоѐрдугаар сард гурван долоо хоногийн дотор хиймэл оюун ухаан (AI) ашиглан ПГУ машинд хэрэглэгдэх оношлогооны Кит (багц урвалж)-ийг анх удаа гарган авч үйлдвэрт нэвтрүүлсэн бөгөөд БНСУ-д өргөн хэрэглэгдэж байна. Нэг китийг ашиглан 100 дээжинд шинжилгээ хийх боломжтой. Одоо бусад улсаас захиалга ихээр авч байгаа юм байна. БНСУ-д одоогоор 4 компани ПГУ-ын тест Кит үйлдвэрлэж байгаа ба хамгийн анхны 51000 ширхэг Китийг Арабын Нэгдсэн Эмират худалдан авсан.

БНСУ хурдан оншлогооны арга хөгжүүлсэнээс гадна зайнаас өвчтөний дээж авах, шинжилгээгээ машинтайгаа өгөх гэх мэт шинэ дэвшилт аргуудыг нэвтрүүлсэн бөгөөд бусад улс хэрэгжүүлж эхэлж байна. БНСУ-ын КОВИД-19 халдварыг сааруулж чадаж байгаа нь хурдан оношлогоотой нь холбоотой.

КОВИД-19-ийг эмчлэх аргууд ба вакцин хөгжүүлэлт

КОВИД-19-ийн халдвар аваад удаагүй хөнгөн тохиолдлуудыг тусгаарлан, энгийн ханиадыг эмчлэх аргаар эдгээж байгаа бөгөөд гол нь сайн амрааж, шим тэжээлтэй хоолоор эдгээж байна. Харин дунд зэрэг болон хүндэрсэн тохиолдлуудад тусгай вирусийн эсрэг эм зайлшгүй шаардлагатай болж байгаа бөгөөд одоогоор клиник судалгаанд АНУ, Япон болон Шведийн эмүүдийг туршиж байна. Мөн Хятадад олон төрлийн уламжлалт эмүүдийг туршсан мэдээ бий. Хятадад ойроцоогоор 100 төрлийн эм туршилтаар ашигласан. Эмч, судлаачид ихэвчлэн өмнө нь мэдэгдэж байсан вирусийн эсрэг эмнүүдийг дангаар болон хослуулан туршиж байгаа бөгөөд ихэнх эм нь өөр өвчний эсрэг эмчилгээний зөвшөөрөл авсан учир шууд хүн дээр туршиж байгаа. Зарим нэг тохиолдолд илүү нарийн лабораторийн судалгаанууд хийгдэх шаардлага байгаа.

Клиникийн түвшинд туршигдаж байгаа эмнүүд

Ерөнхийд нь одоогоор тушигдаж мөн хэрэглэгдэж байгаа эмнүүдийг 2 хэсэгт хувааж болж байна. Нэг нь эс рүү нэвтрэн орж вирусийн нуклейн хүчил (РНХ) үйлдвэрлэх процессыг саатуулан улмаар вирусийг устгах чадвартай эмнүүд (Ремдесивер, Фавипиравир) орно. Эдгээр төрлийн эм илүү найдвартай бас өргөн хэрэглэгдэж байна. Нөгөө нь САРС-КОВ-2 вирус эс рүү нэвтрэн орох процессыг саатуулах үйлчлэлтэй эмнүүд (Клорокүйн, Калетра).

  • Ремдесивир (Remdesivir). АНУ-ын “Гилийд Сианс” (Gilead Science) компанийн Эбола вирусийн эсрэг гарган авсан Ремдесивир гэдэг эм САРС-КОВ-2 оор халдварласан эс болон амьтан дээр туршилт явуулахад маш сайн үр дүн гарсан. Улмаар энэ оны нэгдүгээр сард АНУ-д халдвар авсан нэг тохиолдлыг амжилттай эдгээсэн. Тиймээс “Гилийд Сианс” Хятадын хоѐр эмнэлэгтэй гэрээ байгуулан фаз-3 клиникийн туршилт 760 өвчтөн дээр явуулсан. Тушилт хоѐрдугаар сараас дөрөвдүгээр сарын хооронд явагдана гэж мэдээлж байсан. Үр дүн дөрөвдүгээр сарын сүүлээр гарахаар тооцоолж байна. Ингээд тавдугаар сард Хятадад албан ѐсоор хэрэглэх эрх авах юм байна. Мөн БНСУ-д фаз-2 болон фаз-3 клиникийн туршилтуудыг нийт 295 өвчтөн дээр 6 эмнэлэгт нэгэн зэрэг явуулж байна. Туршилтын хариу дөрөвдүгээр сарын эхээр гарах юм байна. АНУ-ын ФДА (FDA)-р хамгийн хурдан хүлээн зөвшөөрөгдөх боломжтой эм гэж үзэж байна. Гол дутагдал нь богино хугацаанд их хэмжээгээр үйлдвэрлэх боломж хязгаарлагдмал юм байна.
  • Фавипиравир (Favipiravir). Японы “Фүжифилм” компанийн гарган авсан инфлюнза вирусийн эсрэг үйлчилгээтэй Фавипиравир эмийг Хятадын Ухань болон Шензенд КОВИД-19-өөр халдварласан 340 өвчтөнд клиник туршилт хийсэн байна. Судалгааны үр дүн хөнгөн болон дунд зэрэг хүндрэлтэй өвчтөн дээр сайн гарсан бөгөөд КОВИД-19 халдвартай 10 хүн эмчилсэнээс 9 хүн нь илааршиж байгааг уушигны зургаар тогтоожээ. Харин хүндэрсэн тохиолдолд үйлчилгээ үзүүлээгүй байна. Энэ эмийн хуулбар хувилбарыг Хятадын компани /Zhejiang Hisun Pharmaceuticals/ Фапилавир нэртэйгээр үйлдвэрлэн инфлюнза вирусийн эсрэг хэрэглэж байгаа. Хятад энэ эмийг хамгийн анхны КОВИД-19-ийн эсрэг хэрэглэх эмээр хүлээн зөвшөөрсөн.
  • Клорокүйн (Chloroquine). Mалариагийн халдварын эсрэг эм Клорокүйныг Хятад, БНСУ, Австрали улсуудад КОВИД-19 өвчтөнүүдэд клиник түвшинд туршиж байгаа. Энэ эм нь эсийн (хуруу шилний) судалгаагаар коронавирусийг амжилттай устгаж байсан. Клиник туршилтын эхний үр дүн эерэг гарч байгааг мэдээлсэн. Доор дурдсан ДОХ-ын эсрэг эмтэй хослуулж хэрэглэсэн үед илүү үр дүнтэй юм байна. Клорокүйны өөр нэг хувилбар Гидрооксиклорокүйн (Hydroxychloroquine) амьтны туршилтаар маш сайн үр дүн үзүүлсэн бөгөөд Хятад, АНУ болон Италид явуулсан клиник судалгаа үр дүнтэй байгаа. Тиймээс АНУ хэрэглээнд хүлээн зөвшөөрөхөөр хэлэлцэж байгаа. https://www.nature.com/articles/s41421-020-0156-0
  • Калетра (Kaletra). Олон оронд КОВИД-19-ийн халдварын тохиолдолд ДОХ-ын эсрэг эм Калетра (Лопинавир ба Ритонавир хоѐр эмийн хослол)-ийг туршиж байгаа. Энэ эм вирус үржихэд хэрэгтэй энзимийг блок хийдэг бөгөөд САРС болон МЭРС-ийг дарангуйлж байсан байна. Австралид энэ эмийг цөөн тооны КОВИД-19 өвчтөн дээр туршихад сайн үйлчилж байсан. Тиймээс ойрын үед клиник туршилт хийхээр төлөвлөж байгаа. Мөн энэ эмийг БНСУ-д туршилтаар хэрэглэж байгаа юм байна. Харин КОВИД-19-ийн хурц халдвартай 195 өвчтөн дээр Хятадад явуулсан судалгааны үр дүн гуравдугаар сард гарсан бөгөөд муу үйлчилгээтэй байсан.
  • Актемра (Actemra/tocilizumab). Шведийн Роши (Roche) компанийн үрэвслийн эсрэг үйлчилгээтэй Актемра антибоди эмийг Хятадад КОВИД-19-өөр халдварласан уушигны хурц дутагдалтай өвчтөнүүдэд хэрэглэх зөвшөөрөл авсан байна. КОВИД-19 хүндэрсэн тохиолдолд хамгийн түрүүнд уушиг үхжих, улмаар бусад эрхтэний систем доголдох эрсдэлтэй. Итали улсад хэд хэдэн эмнэлэгт туршиж байгаа бөгөөд урдчилсан үр дүнгүүд сайн байна. Энэ эм уушиг нь дээр илэрдэг IL-6 /Interleukin 6/ урхитай холбогдон үйл ажиллагааг нь саатуулдаг.
  • Шинэ Антибоди (Antibody). Өмнөд Солонгосын биотек компани Селтрион (Celltrion) зургаан сарын дотор клиник эмчилгээнд ашиглах антибоди эмийг гарган авна гэдгээ мэдэгдсэн. Энгийн тохиолдолд 18 сар зарцуулдаг бол энэ удаа маш богино хугацаанд гаргана гэдгээ амлав. Энэ компани Сөүл болон Тэгү хотод байгаа өвчтөнүүдээс ялган авсан антибодигаас сонгох туршилтаа хийгээд эхэлсэн байна. Мөн хүн өөрөө энэ вирусийг шалгах боломжтой Кит гарган авахаа мэдээлэв.
  • Цусны сийвэн (Антибоди). Өөр нэг судалгаа бол КОВИД-19-ээр халдварлаад эдгэрсэн өвчтөний цусны сийвэнг ашиглан Хятадад 300 өвчтөн дээр туршилт хийж байгаа. Энэ процесс бол эдгэрсэн өвчтөний цусанд үүссэн антибоди (нэг төрлийн эм) КОВИД-19-ийг дарангуйлах үйл явц дээр үндэслэдэг.
  • Уламжлалт эм (Chinese Traditional Medicine). Дээр дурдсан эмүүдээс гадна Хятадын уламжлалт эмийг ашиглан 15 судалгаа нийт 2000 өвчтөн дээр хийгдэж байгаа. Нэг том төлөөлөгч нь Шуанхуанлиан энэ нь Хятадын эмийн ургамал (Forsythiae fructus)-аас гарган авсан уламжлалт эм бөгөөд ойролцоогоор 2000 жилийн өмнөөс хэрэглэж эхэлэсэн байна. Бусад эх сурвалжийн мэдээлснээр Хятад нийт өвчтөнийхөө дийлэнх хувьд уламжлалт эм туршсан гэсэн мэдээ бий.
  • Үүдэл эс (stem cell). Хятадад хоёр төрлийн үүдэл эсийн тушилт 28 өвчтөн дээр хийгдэж байгаа. Гэхдээ үүдэл эс коронавирусыг устгаж чадна гэсэн нотолгоо одоогоор байхгүй байна.

Вакцин хөгжүүлэлт

Вакцин нь тухайн хүнд ямар нэгэн өвчин үүсгэгчийн (вирус, празит, бактери гм), эсрэг дархлаа суулгаж өгдөг нэг төрлийн биомолекул юм. ДЭМБ-аас мэдээлснээр КОВИД-19 ийн эсрэг вакциныг бүрэн бэлэн болгоход ойролцоогоор 18 сар зарцуулагдана.

Дэлхийн хэмжээнд вакцины олон төрөл байдаг бөгөөд КОВИД-19 ийн эсрэг мРНХ (mRNA) болон ДНХ (DNA) вирусийн эх үүсвэрээс гарган авсан вакцин хөгжүүлж байна. мРНХ/ДНХ вакцин нь богино хугацаанд гарган авах боломжтойгоос гадна үйлдвэрлэх өртөг бага байдаг байна. Харин уламжлалт вакцин нь илүү удаан хугацаа шаарддаг бас үнэтэй юм байна. Хэрэв энэ вирус мутацид ороод эхлэвэл нэг вакцин хангалтгүй болох нөхцөлтэй. Одоогоор 80 гаруй компани (АНУ-ын “Модерна”, “Файзер”, Германы “Кюүр Вак”, “БиоНТек”, Хятадын “Кан Сино” гэх мэт) КОВИД-19 ийн эсрэг вакцин гарган авахаар судалгааны ажил хийж байгаа.

  • Модерна (Moderna). Хамгийн хурдацтай явж байгаа вакцин хөгжүүлэлт бол АНУ-ын Модерна компанийн судалгаа. Энэ компани 42 хоногийн дотор мРНХ вакциныг лабораторийн нөхцөлд гарган авсан. Одоогоор фаз-1 клиникийн тушилтад орсон. Энэ вакцин мРНХ молекулыг липид нанопартикл дотор оруулан хүний биед тарьж хэрэглэнэ. Хийхэд хялбар боловч одоогоор дэлхий дээр мРНХ вакцин гарган авах үйлдвэр байхгүй учир цаг хугацаа шаардах ажил болоод байна.
  • Кюүр Вак (Cure Vac). Германы компани Кюүр Вак мРНХ вакцины клиник тушилт эхлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ компани 2008 оноос хойш мРНХ вакцин хөгжүүлж байгаа нилээд туршлагатай компани юм байна. Кюүр Вак компани мРНХ вакцин их хэмжээтэй үйлдвэрлэх үйлдвэр хөгжүүлж байгаа юм байна.
  • Фиазер (Pfizer) ба БиоНТек (BioNTech). АНУ-ын компани Фиазер Германы компани БиоНТек тэй хамтран КОВИД-19 ийн эсрэг мРНХ вакцин хөгжүүлэхээр болсон байна. Эдгээр компанийн вакцин хөгжүүлэлт 12-18 сар зарцуулана гэж мэдээлсэн. БиоНТек компани мРНХ вакцин хөгжүүлэлтийн салбарт илүү туршлагатай. мРНХ вакцин нь тухайн вирусийн дээж хэрэглэдэггүйгээрээ онцлог бөгөөд ДНХ вакцинтай харьцуулахад илүү аюулгүй. Хөгжүүлсэн мРНХ нь халдварласан эсний дотор вирусийн үйлдвэрлэдэг уурагтай ижил төстэй уураг гаргах чадвартай бөгөөд цаашлаад вирусийн эсрэг антибоди үйлдвэрлэхийг дэмждэг.
  • Кан Сино (Can Sino). Хятадын компони Кан Сино адено вирус дээр суурилсан вакцины платформ ашиглан Ad5-nCoV вакцин хөгжүүлж байгаа. Энэ вакцин нь Эбола вирусын эсрэг вацины технологийг хэрэглэж байгаа юм. Ad5-nCoV вакцин анхан шатны амьтны туршилтаар үр дүнтэй байгаа нь батлагдсан ба одоогоор клиникийн фаз 1 туршилтыг Хятадын Вухан хотод 18-60 насны 108 эрүүл хүн дээр явуулж байна.
  • Иновио (Inovio). AНУ-ын компани Иновио INO-4800 нэртэй ДНХ вакцин КОВИД-19-ийн эсрэг хөгжүүлж байгаа бөгөөд дөрөвдүгээр сард АНУ-д 30 хүн дээр мөн Хятад, БНСУ-д клиник туршилт явуулахаар төлөвлөөд байгаа. Иновио олон төрлийн вирусийн халдварын эсрэг ДНХ вакцин хөгжүүлж байгаа бөгөөд фаз 3 клинкийн туршилт хүртэл хийсэн. Энэ компани энэ оны сүүлээр их хэмжээгээр үйлдвэрлэн хэрэглээнд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй юм байна.

Үүнээс гадна АНУ-ын судлаачид дэлхийн хамгийн хурдан супер компьютер Саммитоор хиймэл оюун ухаан (AI) ашиглан АЦЕ-2 урхи тай холбогдох боломжтой 8000 молекулаас хамгийн өндөр магадлалтай 77 молекулыг олж тогтоосон. Энэ нь вакцин хөгжүүлэлтэд онцгой хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Нэг вакциныг бүрэн хэрэглээнд нэвтрүүлэхэд урт хугацаа шаарддаг олон үе шаттай амаргүй процесс юм. Лабораторийн нөхцөлд гарган авахад 2-12 сар шаардана. Дараа нь амьтан дээр 6-12 сар туршаад дараа нь хүн дээр 3 үе шаттай (Фаз 1, 2, 3) туршилт явуулна. Үе шат бүр 3-6 сар зарцуулна. Ийм олон давааг давж байж хүн дээр албан ѐсоор хэрэглэх зөвшөөрөл авна. Олон үе шат дамждаг шалтгаан нь алдаатай гарвал маш ноцтой хохирол амсах учраас тэр юм.

КОВИД-19-ийн эсрэг вакцин хөгжүүлэлт хэтэрхий хурдан явж байгаад олон эрдэмтэд санаа зовинож байгаа. Вакциныг клиник туршилтанд оруулахаас өмнө удаан хугацааны турш амьтны туршилт явуулах шаардлага байдаг. Учир нь, нэгэнт хэрэглээнд нэвтэрсэн вакцин хэрэглэсэн хүн өвчилвөл маш ноцтой байдал үүсэх аюултай. 1960 онд RSV (Respiratory Syncytial Virus) вирусийн эсрэг вакцин хөгжүүлсэний дараа ноцтой хүндрэлүүд вакцин хийлгэсэн хүүхдүүд дээр илэрсэн байна. Тиймээс генийн инженерчлэлд оруулсан хулгана дээр вакцины хяналтын туршилт зайлшгүй хийх ѐстой байдаг байна. Зарим лаборатор амьтны загварыг дөнгөж боловсруулж эхэлж байгаа.

Үүнээс гадна шинэ корона вирусийн хувьд мутацид орох замаар өөр вирус болох магадлалтай байгааг судалгаагаар тогтоосон. Хятадын эрдэмтэд хоѐр төрлийн САРС-КОВ-2 байна гэж мэдээлсэн бөгөөд нэг нь S-Ков нөгөө нь L-Ков. L хувилбар нь илүү аюултай болохыг мэдэгдсэн. Зарим улсад буртгэгдэсэн вирусууд Хятадад илэрснээс өөр байгааг ч мэдээлж байна. Тиймээс урт хугацаа зарцуулан вакцин гарган авахад вирус нь мутацид орон өөрчлөгдсөн байвал вакцин гарган авсаны хэрэг гарахгүй байх эрсдэлтэй.

Монгол улсын хувьд КОВИД-19 хэрхэн нөлөөлж байгаа, хэрхэн хамгаалах

Монголын хувьд КОВИД-19 тархах хамгийн боломжтой газрын нэгээр зүй ѐсоор тооцогдож байсан. Учир нь, газар зүйн байрлалын хувьд Хятадтай хил залгаа оршдог мөн худалдаа наймаа, ард иргэд ихээр зорчдог. Вирус анх илэрснээс хойш хоёр сар гаруй хугацаанд олон чухал арга хэмжээнүүд Монголын Засгийн газраас авсан учир тархалтыг тодорхой хэмжээнд хязгаарлаж чадаж байсан нь үнэн.

Түүнээс гадна Монгол орны цаг уурын нөхцөл энэхүү вирус үржихэд саад болсон байх магадлал өндөр харагдаж байгаа. Учир нь, энэ вирусын үржих таатай температур бол нэмэх хэм. Гэтэл манай орны хувьд арваннэгдүгээр сараас гуравдугаар сарын дунд хүртэл тогтмол хасах хэм тэр дундаа шөндөө -20 ºС-аас буугаагүй. Үүнийг баталж байгаа нэг жишээ бол манай оронд КОВИД-19 бүртгэгдсэн өдрөөс хойш халдварын тархалт байхгүй байгаа, бас манайхтай төстэй цаг уурын нөхцөлтэй улсууд ОХУ, Казакстан гэх мэт улсад тархалт хурдацтай явахгүй байсныг харж болно.

Халдвартай тохиолдлын хамгийн ойрхон хавьтагчид халдвар аваагүй байгаа сонирхолтой бас азтай тохиолдол юм. Анхны тохиолдол монголчуудын хувьд дээр дурдагдсан АЦЭ2 хүлээн авагч молекул /урхи/ хэр зэрэг илэрч байгааг судлах шаардлагатай. Энэхүү урхи хүний амний хөндийд ихээр илэрч байгааг Хятадын эрдэмтэд тогтоосон байсан ба тэр нь энэ вирус хурдацтай тархах үйл явцад нөлөөлж байна уу гэдэг таамаг дэвшүүлсэн.

Монголын цаг агаар дөрөвдүгээр сараас эхлэн дулаарах учир КОВИД-19 тархах боломжтой үе ирж байгааг анхаарч бэлтгэлтэй байх нь дээр. Энэхүү вирусээс хамгаалж чадах найдвартай арга бол маск зүүх (даавуун маск шууд бус халдвараас сайн хамгаална) болон гараа сайн савандаж угаах. Саван бол энэ вирусийг устах сайн зэвсэг. Мөн 70%-ийн этилийн спирт, натрийн хипохлоритын 0.5% шингэрүүлсэн уусмалаар ариутгах болон олноороо бөөгнөрөхгүй байх хэрэгтэй.

Үүнээс гадна аль болох олон хүн цугларсан үйл ажиллагааг урт хугацаагаар хориглох, онцын шаардлагагүй бол гэртэй байх хэрэгтэй.

Дээрх судалгаануудаас харахад халдварыг эрт илрүүлэх нь тархалтыг зогсоох хамгийн сайн арга бөгөөд мөн тусгаарлах нь үр дүнтэй арга юм. Маск тогтмол зүүх, ариутгал тогтмол хийх нь халдвараас сэргийлэх чухал аргууд юм. Халдвартай тохиолдлуудыг эмчлэх вирусын эсрэг эмнүүдийг урьдчилан бэлдэх шаардлагатай. Одоогийн байдлаар хамгийн сайн эмнүүд бол Ремдесивир, Фапилавир, Гидрооксиклорокүйн болон Актемра орж байна. Вакцины хувьд хамгийн хурднаар хөгжүүлэхэд нэг жилийн дараа хэрэглээнд нэвтрэхээр байгаа.


Ашигласан бүтээлийн жагсаалт

  1. https://en.wikipedia.org/wiki/Coronavirus
  1. nature.com
  1. https://www.theatlantic.com/science/archive/2020/03/biography-new-coronavirus/608338
  1. https://www.technologyreview.com
  1. https://www.nature.com/articles/s41368-020-0074-x
  1. https://www.nature.com/articles/d41586-020-00758-2
  1. https://www.nature.com/articles/d41586-020-00444-3
  1. medrxiv.com
  1. Sciencemagazine.com
  1. cnn.com
  1. bbc.com
  1. https://www.worldometers.info/coronavirus/.
  1. https://www.nature.com/articles/s41421-020-0156-0
  1. https://www.dailymail.co.uk/news/article-8115879/COVID-19-Australian-researchers-CURE-html
  1. http://www.koreaherald.com/view.php?ud=20200312000885
  1. https://learningenglish.voanews.com/a/scientists-warn-of-going-too-fast-to-develop-coronavirus-vaccine-/5324983.html
  1. https://www.chemistryworld.com/news/rna-vaccines-are-coronavirus-frontrunners/4011326.article
  1. https://www.businessinsider.com/
  1. https://www.fiercepharma.com/vaccines/china-s-cansino-pushes-coronavirus-vaccine-into-clinical-testing-as-moderna-doses-1st
  1. http://ir.inovio.com/news-and-media/news/press-release-details/2020/Inovio-Accelerates-Timeline-for-COVID-19-DNA-Vaccine-INO-4800/default.aspx
  1. /www.global times.com/
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
56
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ene 2020-03-27 66.181.179.212

натрийн хипохлоритын 0.5% gedeg ni bidnii хлораминтай усаар угаахыг хэлээд бнуу????

Avatar

irgen 2020-03-27 192.82.67.225

Hamgiin gol ni gadnaas humuusee avchraad ersdeliig nemegduuleed baih ni zov eseh talaar yum helsengui. Ene bol Mongoliin huvid ene sedveer yrih nen chuhal asuudal baina. Mask zuuh, boognorol uusgehgui baih zergiin talaar bid odor bur bainga sonsoj baigaa.

Avatar

нинжээ 2020-03-27 150.129.143.124

маш баярлалаа

Avatar

Ариуна 2020-03-27 59.6.123.183

Сайн бн уу? Очуулж өгсөнд маш их баярлалаа!! Хөнгөн ойлгомжтой бичисэнд баярлалааа!!! Манайхан сайн уншаад ойлгоод аваасай!!! Вирусын эсрэг ариун цэврээ сахиарай!!!

Avatar

Tseren 2020-03-27 125.180.204.117

Маш их мэдээовлэл хүргэсэнд баярлалаа

Avatar

Ядууст анхаар 2020-03-27 192.82.72.51

Цаг агаар дулаарч шөнө ч гэсэн +рүү орохоор тархалт үүсэхвий гэж эмээж байна. Гаднаас ирж буй хүмүүс халдварын эх үүсвэр болох өндөр магадлалтай. Эмч эмнэлгүүдийн бэлэн байдал эм хэрэгслүүдийн хангамж нөөц маш чухал. За тэгээд иргэдийн сонор сэрэмж Ядууралд өртсөн иргэдийн нөхцөл байдлыг дээрдүүлж цаг алдалгүй үргэлж анхаарахгүй бол ч их эрсдэл үүсэх магадгүй юм.

Avatar

Уншигч 2020-03-27 202.9.46.222

Баярлалаа. Чухал мэдээлэл байна.

Avatar

Зочин 2020-03-27 122.201.21.221

Saihan heljee …deer doorgui anhaarch avaarai

Avatar

Ганаа 2020-03-27 103.14.39.51

Мэдээллийг маш сайхан тайлбартай энгийн хүн ойлгохоор бичсэн байна. Хүн болгон уншмаар зүйл байна. Амжилт хүсье

Avatar

Жагаа 2020-03-27 31.10.174.204

Цаг үеэ олсон тун сайн мэдээлэл байна. Хүмүүс уншиж ойлгон, ахуй амьдралдаа хэвшүүлэхүйц чухал зөвлөгөө байна. Харин ЭМЯ-наас өдөр бүр гар утсаар дамжуулан мэдээлээд байгаа зөвлөгөөг кирилл үсгээр бичиж байвал илүү ойлгомжтой байх бус уу.

Avatar

Oyunaa 2020-03-27 124.158.92.36

Mash saihan todorhoi medeelel ogsond bayrlalaa.

Avatar

789 2020-03-27 103.57.94.157

зарим нэг нэр томъёог шууд хэрэглэснийг эс тооцвол маш уншууртай юм бичигдсэн байна. Аль болох олон хүн тэр тусмаа монгол хэлээр уншдаг болгон уншаасай гэж бодож байна

Avatar

Всүх 2020-03-27 66.181.180.22

Сайн мэдээлэл өгсөнд баярлалаа

Avatar

Зочин 2020-03-27 64.53.234.130

Good job, thanks.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж