Монгол Улсын Үндсэн хуулийг шинээр баталснаар, 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12.00 цагаас эхлэн дагаж мөрдөнө. Энэ удаагийн өөрчлөлтүүд дунд Засгийн газартай холбоотой хэд хэдэн чухал заалт бий. Түүний нэг нь Засгийн газрын бүтэц. Одоогийн байдлаар У.Хүрэлсүхийн Засгийн газар сайд нараа шинэчлэх үү эсвэл маргаан нийгэмд үүсээд буй. Хуульч Ч.Өнөрбаярын хувьд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн тухай хууль тавдугаар сарын 25-аас эхлэн мөрдөгдөнө. Энэ нэмэлт өөрчлөлтөөр олон заалт хэрэгжиж эхэлсэн. Үүний нэг нь Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай юм. Ерөнхий сайд Засгийн газрын кабинетын гишүүдээ УИХ-д танилцуулж, тангараг өргөнө. Ерөнхий сайд Засгийн газрын шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлыг тавдугаар сарын 25-аас өмнө УИХ-д оруулах ёстой. Одоогийн Засгийн газрын гишүүд одоо 100 хувь давхар дээлтэй байгаа. Тавдугаар сарын 25-аас Ерөнхий сайдаас гадна дөрвөн гишүүн л давхар дээлтэй байж болно. Тэгэхээр хэнийгээ давхар дээлтэй үлдээх вэ гэдгээ шийдэх нь МАН-ын дотоод асуудал. Үндсэн хуулийн зарчим хэрэгжих ёстой. Хэрэв зөрчвөл Засгийн газраас гаргаж байгаа шийдвэр, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ Үндсэн хуулийн бус болж, хууль зөрчинө. Үндсэн хуульд нийцүүлэхээс өөр арга байхгүй. Хуулийг дээдлэх нь төр засгийн үүрэг. Үндсэн хуулийнхаа дээгүүр давж гардаг ямар ч том албан тушаалтан байх ёсгүй. Бэлтгэл хангасан уу гэдэг эргэлзээтэй байгаа. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулиа ярихгүй байна” гэсэн байр суурийг илэрхийлээд буй.
Монгол Улсын Үндсэн хуульд /2019.11.14-ны өдөр батлагдсан/: ГУЧИН ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ
- Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.
- Улсын Их Хуралд олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.
- Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.
- Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө
Яг энэ заалтаар бол одоогийн Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах шаардлага үүсч буй. Гэвч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийг Үндсэн хуультай хамтад нь баталсан бөгөөд энэ хуулийн 1-р зүйлд зааснаар органик хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүй бол хуучин хуулиар зохицуулна гэсэн заалттай юм байна.
Өөрөөр хэлбэл, Засгийн газраас Үндсэн хуулийн дагуу дөрвөн сайд нь давхар дээлтэй байж болох бөгөөд бусад нь парламентаас гадна байх ёстой гэдэг зарчмыг баримтлах хууль эрх зүйн өөрчлөлт хийх шаардлагатай гэсэн үг. Тодруулбал, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийн 1.1 дэх заалтад тухайн харилцааг шинээр зохицуулах хууль гарах хүртэл одоогийн хуулийг дагаж мөрдөнө гэсэн агуулга бий.
Нэгэнт дагаж мөрдөх журамд хуульд шинээр өөрчлөлт оруулах хүртэл одоогийн хуулиараа явах болж байна. Эс бөгөөс Засгийн газар Үндсэн хууль хэрэгжих тавдугаар сарын 25-ны өдрөөс өмнө өөрчлөлт оруулж амжвал У.Хүрэлсүх Засгийн газраа шинээр бүрдүүлэх сонголт гарч ирнэ. УИХ-ын сонгууль хаяанд ирсэн ийм цаг үед эрх баригчид үүнийг өөрчлөнө гэдэг юу л бол. Харин дараагийн бүрдэх Засгийн газраас танхимын дөрвөн сайд нь давхар дээлтэй байх зарчмыг баримтлахаар төлөвлөж буй. Тэр ч бүү хэл МАН-ын хэд хэдэн УИХ-ын гишүүн энэ удаагийн сонгуулийг өнжиж, сайд болохоор бэлтгэгдэж байгаа гэх яриа ч улс төрийн хүрээнд төдийгүй, МАН-ынхан дотор яригдаж эхэлсэн.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ