Коронавирусийн цар тахал нь дэлхийн эдийн засгийг сүүлийн 100 жилд тохиогоогүй ноцтой хямралын ирмэгт авчраад байгаатай дэлхий нийтээрээ санал нэгтэй байгаа билээ. Сүүлийн нэг сарын хугацаанд шинжээчид урьдчилсан таамаглалаа улам бүр муутгаж эхэллээ. Bank of America-ийн санхүүгийн шинжээч Итон Харрис АНУ болон евро бүсийн ДНБ хэмжээ буурч, Хятад улсын ДНБ ердөө 1.5% -ийн өсөлт үзүүлнэ гэсэн нь 1982, 2009 оны хямралтай харьцуулж болох хэмжээ юм. II улирал үнэхээр аймшигтай байх болно гэж шинжээчид тооцоолж байна. "АНУ-ын ДНБ 10% -иар буурах магадлалтай" гэж ING-ийн ерөнхий эдийн засагч Жеймс Найтли бичжээ. Голдман Сакс 4-р сараас 6-р сард ДНБ-ий уналтыг 24% -иар буурна гэж тооцсон нь байсан бөгөөд энэ нь хасах 10% байсан 1958 оны I улирлын рекордтой харьцуулахын аргагүй юм.
Өнөөдөр Европ, Америк тив цар тахалын голомт болоод байна. Улс орны эдийн засгийн хүндийг үүрч яваа хувийн хэвшлийнхэн, олон мянган өрх айлууд орлогогүй тулгамдсан хүндрэл бэрхшээлийн өмнө ирлээ. Ийм хүнд үед бусад улсын төр бизнесээ дэмжих, ажлын байрын хадгалах, айл өрхийн орлогыг бууруулахгүй байх багц арга хэмжээнүүд авч дорвитой шийдэл гаргаж буйг бид харж байна. Тухайлбал,
Канадын Засгийн газар төсөвтөө ийм өөрчлөлт орууллаа. 82 тэрбум канад долларын тусгай төсөв баталж 27 тэрбум канад долларыг иргэн, ААН-д зарцуулахаар шийдвэрлээд байна. Хөл хорионд орсон хүмүүст 2 долоо хоног бүр бэлэн мөнгө олгох бөгөөд даатгалгүй, эмнэлгийн мөнгөгүй иргэдэд нөхөн төлбөр төлөх талаар мэдэгдээд байна.
Францын Засгийн газар 2020 оны 03 сарын 17 өдрөөс эхлэн иргэдээс ахуйн хэрэглээ /ус, хий, цахилгаан, орон сууцны төлбөр, түрээс/-ний мөнгө авахгүй байхаар шийдвэрлэв.
Францын Ерөнхийлөгч Э.Макрон эдийн засгаа аврахын тулд дараах арга хэмжээг авахаа зарлалаа. Компаниудын 335 тэрбум ам.долларын банкны зээлд Засгийн Газар баталгаа гаргаж Нийгмийн даатгалын шимтгэл, татвараас чөлөөлөхөөр болсон байна. Зээлийн эргэн төлөлтийг мөн хойшлуулаад байна. Францад түрээсийн орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний төлбөрийг цуцлах шийдвэр гаргалаа.
АНУ эдийн засгаа аврахын тулд 1.2 их наяд долларыг зарцуулах саналаа конгресст илгээв. АНУ-ын эрх баригчид Америкийн насанд хүрсэн хүн бүрт 1000 доллар, хүүхэд бүрт 500 долларын чек илгээнэ. Энэ мөнгийг гурван долоо хоногийн дотор олгохоор төлөвлөж байна. Хэрэв хямрал цаашид үргэлжлэх аваас энэхүү тэтгэмжийг дахин олгох болно. Иргэн 1 сая, компанид 10 сая доллар хүртэл дүнтэй татвар төлөлтийг 90 хоног хойшлуулах шийдвэр гарлаа. Мөн агаарын тээврийн салбарт 50 тэрбум, ЖДҮ бизнест 250 тэрбум ам.доллар олгоно.
Португалийн Сангийн сайд Марио Сентено, "Цар тахалтай тэмцэж халдварыг эмчлэх, түүний эсрэг тэмцэх ёстой. Гэхдээ бизнес эрхлэгчид, ялангуяа жижиг дунд үйлдвэрийг дэмжих хэрэгтэй. Тэд тахалд хамгийн түрүүн хэлмэгдэгчид. Тиймээс бид авах болно” гэж хэлжээ. Португалийн Ерөнхийлөгч АП Мигель Фигейредо Лопес “Энэхүү зардалд 9 тэрбум евро гаргахаа зарлав. Үүнтэй ижил төстэй санхүүгийн тусламжийн арга хэмжээг Грек хэрэгжүүлнэ. Афин 4 тэрбум ам.доллар гаргаж байгаа бөгөөд үүний тал хувь нь Европын хөрөнгө оруулалтын сангаас гарна. Үүнээс гадна татвар авах ажлыг зогсоосноо зарлав.
Италид иргэдийнхээ зээлийн төлбөр, барьцаалах зээл, татвараа түр төлөхгүй байхыг зөвшөөрсөн бол Гүрж, Хорват, Чех улсуудад иргэдийнхээ зээлийн төлбөрийг хойшлуулах шийдвэр гаргажээ.
Ийнхүү дэлхийн улс орнууд энэхүү онцгой үе ойрын 3-5 сарын турш үргэлжилнэ гэсэн таамагтайгаар эдийн засгийн багц арга хэмжээнүүдийг авч байна. Багц арга хэмжээ гэдэгт иргэдийнхээ эрүүл мэндийн аюулгүй байдал, бизнесийг дэмжих, иргэдийнхээ амьжиргааг дэмжих гэсэн гурван асуудал багтаж байна.
Харин Монгол Улсад
Харин Монгол улсын хувьд хүн амын гуравны нэгийг хамарсан ядууралд нэрвэгдэж ажилгүйдлийн түвшин 10 хувьд хүрсэн төдийгүй цаашид цар тахалтай холбоотой энэ статистик үзүүлэлт улам нэмэгдэх нөхцөл байдал бий боллоо. Гэвч манай эрх баригчид өндөр өртөгтэй тэнгэрийн "тэнгэрийн зам", дүүжинт тээврийн байгууламж гадаадын ажилчдаар бариулах, эрх мэдэлтнүүдийн танил тал, үр хүүхдүүдийнх нь гадаадад суралцахад зарцуулсан их хэмжээний зээлийг төсвөөс төлүүлэх асуудал хөөцөлдөж явна. Төр, засаг энэ хүнд үед ажилгүйдлийг улам хавтгайруулахгүй байх, ядуурлын хүрээг нэмэгдүүлэхгүй байх талаар цаг алдалгүй бодитой шийдвэр гаргаж байх ёстой юм.
2020 оны 2 сарын статистик үзүүлэлтүүдийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улсын төсвийн орлого 11.7 хувь, аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 14.2 хувь, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 23.8 хувь, агаарын тээврийн орлого 21.7 хувь, экспорт 29.5 хувиар тус тус буураад байна. Монгол улсын экспортын хэмжээ өнгөрсөн оны эхний 2 сарын байдлаар 1 тэрбум 94 сая ам.доллар байсан бол энэ онд 771 сая ам.доллар болж даруй 321 сая ам.доллараар буурсан “тааруу” үзүүлэлтүүд гарчээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол банк болон Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хурлуудаас хоёр шийдвэр гаргасан.
- Хэрэглээний зээлийн төлбөрийн хугацааг сунгасан
- Бодлогын хүү бууруулж, банкуудад тавих шаардлагуудыг сулруулсанаар, зээл нэмж гарах боломж бүрдүүлсэн.
Гэвч цар тахалын аюулыг зөвхөн мөнгөний бодлогод найдах боломжгүй. Төсвийн бодлого зайлшгүй хэрэгтэй байна. Мөнгөний бодлого хөгжилтэй орнуудад чухал үүрэгтэй нь үнэн. Учир нь 60-300 сая хүн ам бүхий асар том дотоодын зах зээлээ дэмжих нь зайлшгүй шаардлагатай. Хөгжилтэй орны дотоодын хэрэглээ хүн амаасаа шалтгаалж харьцангуй өндөр, эдийн засгийн бүтцэд нь аж үйлдвэрлэл 40-50 хувь эзэлдэг учраас хэдийгээр гадаад худалдаа хаагдсан ч дотоод зах зээл, дотоодын үйлдвэрлэлээ мөнгөний бодлогоор дэмжиж хямралыг давах боломж байдаг.
Харин манай эдийн засгийн бүтэц тэднээс тэс өөр. 3 сая иргэнтэй манай улсын зах зээл бага, түүхий эд экспотолдог, экспортын 90 хувь нь нэг улсаас хараат, аж үйлдвэрлэл хөгжөөгүй, гаргах бүтээгдэхүүн аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн биш, түүхий эд юм. Монголбанкны мөнгөний бодлогоор дэмжсэн гэх мөнгө экспортоор дамжиж импорт болж орж ирнэ. Мөнгөний бодлого бизнесийг дэмжихэд чухал нөлөөтэй, харин ажлын байр хадгалах, айл өрхийн амьжиргааг дэмжихэд төсвийн бодлого зайлшгүй хэрэгтэй байдаг. Тиймээс энэ асуудлыг зөвхөн Засгийн газар шийдэж чадна. Төсвөөс батлагдаагүй хөрөнгө гаргах боломжгүй учраас төсвөө яаралтай тодотгох шаардлагатай байна. Төсвийн болон гадаад худалдааны төсөөллөө өөрчилж, бодитой нөхцөл байдалдаа тохируулж чадахгүй бол ирээдүйд эдийн засгаа асар их эрсдэлд оруулж, хямруулах нь маш тодорхой болоод байна. Төсөв дотроо эх үүсвэрээ хаанаас гаргахаа шийдэхийн тулд ач холбогдлоо тогтоох шаардлагатай. Хөдөө орон нутагт байшин барих нь чухал уу, эсвэл ажлын байраа хадгалах, өрхийн амжиргаагаа хамгаалах нь чухал уу гэдгээ УИХ гишүүд яаралтай шийдвэрлэх цаг болсон.
Манайх шиг жижиг эдийн засагтай оронд эдгээр зардал хүндээр тусах магадлал бий. Гэвч цар тахлын онцгой үед ийм шийдвэр гаргахаас өөр аргагүй. Манай төсөвт ийм боломж бий.Иймээс манай Засгийн төсвийн алдагдал болон дээрх хөтөлбөрүүдийн өртөг, санхүүжүүлэх эх үүсвэрээ тодорхойлоод, зохицуулах ажилдаа нэн яаралтай орох хэрэгтэй байна.
Холбоотой мэдээ