АНУ-ын засаг захиргаа өчигдөр /2020.03.26/ Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро болон тус улсын бусад 10 гаруй төрийн өндөр албан тушаалтнуудыг “нарко-терроризм”-ийн хэрэгт буруутгаж байгаагаа зарлажээ. Үүнээс гадна Мадурогийн талаар мэдээлэл өгсөн хүнд 15 сая ам.долларын бэлэн мөнгө амласан байна.
АНУ-ын ерөнхий прокурор Уилльям Баррын мэдээлснээр Мадуро болон түүний хамсаатнууд Колумбын социалист партизаны “FARC” хэмээх бүлэглэлтэй хуйвалдаж, АНУ руу их хэмжээний кокайн нийлүүлдэг байжээ. Ингэж тэд эдийн засгийн хоригт орсон газрын тосны салбарынхаа ашгийг нөхдөг гэж АНУ-ын тал үзэж байна.
Мадурогоос гадна Венесуэлийн батлан хамгаалахын сайд Владимир Падрино Лопез, социалист намын удирдагчдын нэг Диосдадо Кабелло, дээд шүүхийн шүүгч Майкел Хосе Морено Перез зэрэг албан тушаалтнууд “нарко-терроризм”-ын хэрэгт буруутгагдаад байна.
Энэ үйл явдал хоёр улсын харилцаа хэр ноцтой түвшинд хүрснийг харуулсан явдал боллоо гэж ажиглагчид үзэж байна. Уго Чавезыг нас барсны дараа 2013 оноос Венесуэлийг удирдах болсон Мадуро нь АНУ-ын эсрэг үзэлтнүүдийн нэг бөгөөд сөрөг АНУ тэргүүтэй улс орнууд сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог Венесуэлийн хууль ёсны удирдагч гэж үздэг юм. Мөн ОХУ, Хятад, Куба зэрэг улс орнууд Мадурогийн засаглалыг дэмждэг.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ