ОБЕГ: Говь-Алтай аймагт хоёр удаа хүчтэй газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2020.03.27-нд нийтлэгдсэн

ОБЕГ: Говь-Алтай аймагт хоёр удаа хүчтэй газар хөдөлжээ

ОБЕГ: Говь-Алтай аймагт хоёр удаа хүчтэй газар хөдөлжээ

Онцгой байдлын Ерөнхий газрын хоногийн мэдээнд дараах хэргүүд бүртгэгджээ.


ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ХОЁР УДАА ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨВ 

Говь-Алтай аймгийн Бигэр сумын Мянгаа багийн Ногоон шанд гэдэг газар сумын төвөөс зүүн урд зүгт 22 км-т өнгөрсөн шөнө /2020.03.26/ 03.25 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Ж.Лхаасүрэнгээс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна. 

  • Мөн  Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс-Уул багийн Бөөн чулуут гэдэг газар сумын төвөөс зүүн урд зүгт  өнгөрсөн шөнө /2020.03.26/ 04.46 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн ч азаар хохирол учраагүй хэмээн мэдэгджээ.

Эргэн сануулахад, энэ сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багийн Хатавчийн-Ам гэдэг газар сумын төвөөс урд зүгт 29 км-т 18.31 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. 

ГАЛЫН УЛМААС ОВОГ НЭР ТОДОРХОЙГҮЙ 45-50 ОРЧИМ НАСТАЙ, ЭМЭГТЭЙ НАС БАРАВ

Нийслэлийн Баянгол дүүргийн 23 дугаар хороонд өнгөрсөн шөнө буюу гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө дөрвөн ханатай гэр шатсаны улмаас 45-50 орчим настай эмэгтэй  нас баржээ. Тодруулбал, 23 дугаар хорооны Зүүн ард-Аюушийн  17 дугаар гудамжинд иргэн Г-ийн гэр шатаж  байна гэх дуудлага мэдээллийн дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 03.32 цагт очиж түймрийг унтраасан байна.

Уг гал түймэрт овог нэр тодорхойгүй 45-50 орчим настай, эмэгтэй өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ. 


ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС НИЙСЛЭЛД НЭГ, ОРОН НУТАГТ ГУРВАН ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРЧЭЭ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс энэ сарын 23-27-ны өдрүүдэд нийт 664 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 476 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас арван хүн гэмтсэний хоёр нь хүүхэд байжээ.

Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт гурван хүний амь нас хохирчээ.

Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөсөн -9
  • Мөргөлдсөн-2
  • Үл хөдлөх зүйл мөргөсөн нэг осол бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал,

  • Гуравдугаар сарын 24-ны өдрийн 11.00 цагт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын гуравдугаар багийн нутаг Арын нуур гэх газар шороон замд Toyota Harrier маркийн А жолоочтой автомашины хойд хаалга онгойж зорчигч хоёр  настай, эмэгтэй хүүхэд унаж амь насаа алджээ.
  • Гуравдугаар сарын 25-ны өдрийн 14.00 цагт Говь-Алтай аймгийн Тонхил сумын  гуравдугаар багийн нутаг Наймаа замын эх гэх газар шороон замд Mighty маркийн Д жолоочтой автомашин урагш өнхөрч, зорчигч 36 настай, эрэгтэй Т-гийн амь насыг хохироосон,
  • Гуравдугаар сарын 25-ны өдрийн 20.00 цагт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн замд Toyota Prius  маркийн Д жолоочтой автомашин явган зорчигч 56 настай, эрэгтэй Ө-г мөргөж амь насыг хохироосон, 
  • Гуравдугаар сарын 26-ны өдрийн 17.00 цагт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын  есдүгээр багийн нутаг дэвсгэрт асфальтан замд Мустанг-5 маркийн О жолоочтой мотоциклийн зорчигч  46 настай, эрэгтэй Ч мотоциклоос унаж амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон  есөн хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Энэ  долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх  долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 10,2 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 13,6 хувиар, гэмтсэн хүн 33,3 хувиар, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон осол, хэрэг 50 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж