Путины "хаан" болох санаархлыг коронавирус зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2020.03.27-нд нийтлэгдсэн

Путины "хаан" болох санаархлыг коронавирус зогсоолоо

Путины "хаан" болох санаархлыг коронавирус зогсоолоо

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин авторитари маягийн дэглэмээр олон жилийн турш улс орноо удирдаж ирсэн. Энэ онд тэр үүнийг нэг мөр цэгцэлж, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгааргүй болгохын тулд Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулахаар зориг шулуудаад байсан ч түүний энэхүү санаархал шинэхэн сорилттой тулгарлаа.

Дэлхий нийтийг нөмрөөд буй коронавирусийн цар тахал Путины замд хөндөлсөж байна.Тэрбээр лхагва гаригт /2020.03.25/ард иргэддээ хандан телевизийн шууд эфирээр коронавирусийн тархалт, түүний эдийн засагт үзүүлэх хор хөнөөлийг хохирол багатай даван туулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг танилцуулсан юм.

Путин “Бид Орос хүний азанд найдах хэрэггүй болж байна. Европ болон бусад улс орнуудад юу болж байгааг харцгаа. Магадгүй энэ манай орны ойрын ирээдүй байж болно. Бид нөхцөл байдлыг бодитоор үнэлж, зөвхөн эмч мэргэжилтнүүдийн өгсөн зөвлөмжийг үндэслэн аливаа шийдвэрийг гаргах болно” хэмээн шууд нэвтрүүлгийн үеэр мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр дөрөвдүгээр сарын 22-нд болохоор товлогдсон байсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бүх нийтийн санал асуулгыг хойшлуулахаа мэдэгдсэн нь түүний хувьд маш таагүй зүйл байлаа. Одоо байгаа үндсэн хууль нь Путиныг одоогийн бүрэн эрхийнхээ дараа огцрохыг шаардаж байгаа бол нэмэлт өөрчлөлт оруулснаар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг хязгааргүй болгох байсан. Үүний тулд л тэр Засгийн газраа огцруулж, бүх нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар зохицуулчхаад ард нийтийн санал асуулгыг хүлээж байсан билээ.

Ийм нөхцөл байдалд бүх нийтийн санал асуулга явуулна гэдэг бол маш том эрсдэл. Сөрөг хүчний удирдагч Алексей Навальный хэрэв санал асуулга болох юм бол

"гэмт хэрэг"  хэмээн мэдэгдэж байсан юм. Оросын хамгийн үнэнч сонгогчид нь коронавирусийн хамгийн эрсдэлт бүлэг буюу тэтгэврийн насныхан байдаг. Аль ч талаа бодсон Путинд энэ санал асуулгыг явуулах нөхцөл боломж бүрдсэнгүй.

Өмнөх өдөр нь коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг эмчилж буй эмнэлэгт өөрийн биеэр зочилж, нөхцөл байдалтай өөрийн биеэр танилцсан Владимир Путин энэхүү цар тахлаас улсынхаа эдийн засгийг ч мөн аврах хэрэгтэйг онцолж “Бид эх орон, нийгмийнхээ төлөө зарчмын чухал асуудлаар та бүгдийн санаа бодлыг сонсох нь онцгой ач холбогдолтой байгаа талаар миний бие өмнө нь дурдаж байсан. Гэхдээ мөн л та бүхэнд өмнө нь хэлж байсанчлан эрүүл мэнд, ард иргэдийн аюулгүй байдал гэдэг бол түүнээс ч илүү чухал. Тиймээс эмч мэргэжилтнүүдийнхээ саналд үндэслээд бүх нийтийн санал хураалтыг хойшлуулахаар боллоо. Өвчний тархалтыг тогтоох нь одоо эн тэргүүний ажил болоод байна” хэмээн мэдэгдээд дараах санал шийдвэрүүдийг танилцуулжээ. Үүнд,

  • Гуравдугаар сарын 30-аас долоо хоногийн хугацаанд эмнэлэг, эмийн сан, банк, хүнсний дэлгүүрээс бусад бүх байгууллагуудыг амрааж, ирэх долоо хоногийг бүхэлд нь бүх нийтийн амралтын өдөр болгох.
  • Дээрх хугацаанд ард иргэдийнхээ цалин болон бусад хангамжийг хэвээр хадгалах.
  • 0-3 хүртэлх насны хүүхэдтэй гэр бүлүүдэд хүүхдийн тоогоор 5000 рубль гурван сарын турш олгох.
  • Жижиг дунд бизнес эрхлэгчдийн татварыг зургаан сараар хойшлуулах.
  • Хөрөнгийн гадагшлах урсгалтай тэмцэхийн тулд Оросоос гарч буй бүх хүү, ногдол ашгийн төлбөрийг одоогийн 2% -аас дээш 15% болгох
  • Ажилгүйдлийн тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй ортуулахын тулд сард 12,130 рубль (153 доллар) болгож нэмэгдүүлэх
  • 1 сая рублиас дээш хадгаламжийн хүүнд татвар ногдуулах
  • Мөн тэрбээр нийгмийн дийлэнх хэсгийг бүрдүүлдэг залуу үеийнхнийг дэмжих шаардлагатай байгааг онцлон тэмдэглэсэн юм.

Эх сурвалж: CNN, BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж