АНУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинэ төрлийн коронавирусийн 17166 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр өнөөдрийн байдлаар /2020.03.27/ тус улсад нийт халдвар авсан хүний тоо 85,377 болжээ. Ингэснээр тус улс халдвар авагсдын тоогоор Хятадыг ардаа орхиж, дэлхийд нэгдүгээрт бичигдэж эхэллээ. Харин нас баралт нэмж 268 бүртгэгдсэнээр нийт нас барагсдын тоо 1,295 болжээ. АНУ нэг хүнд ногдох халдварын тоогоор Хятад улсаас даруй дөрөв дахин их буюу 4,010 Америк хүн тутмын нэг нь халдвар авсан гэсэн үг юм.
Дэлхий даяар нийт халдварын тоо 530 мянга давж, нас баралт 24 мянга давсан бол эдгэрсэн хүний тоо 123 мянгад хүрчээ. Хятад улсын хувьд одоогоор 81,285 хүн халдвар авсан нь батлагдсан байгаа боловч үүний бараг 90 хувь нь эдгэрсэн байгаа юм. АНУ болон бусад улс орнуудын хувьд эдгэрэлтийн хувь Хятадаас харьцангуй бага байгаа билээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр ээлжит хэвлэлийн хурлаа хийх үеэр сэтгүүлч түүнээс АНУ халдварын тоогоор Хятадаас давж буй талаар асуухад “Хятад улсад яг хэдэн хүн халдвар авсныг хэн ч мэдэхгүй шүү дээ” хэмээн хариулжээ. Ийнхүү Хятадын тоо баримтад итгэхгүй байгаагаа илэрхийлсэн ч тэрбээр орой нь Хятадын дарга Ши Жиньпинтэй утсаар холбогдож коронавирусийн халдварын талаар зөвлөлдөх болно хэмээн хэлсэн байна.
Нөхцөл байдал ийнхүү улам дордож байгаа ч АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дөрөвдүгээр сарын дундаас эхлэн Америкчуудыг хөл хорионы дэглэмээс гаргаж, ажилд нь оруулах хүсэлтэйгээ илэрхийлсээр байгаа юм. Гэсэн ч тус улсын үндсэн хуулинд зааснаар олон нийтийн аюулгүй байдлыг хангах, дэг журам тогтоох эрх мэдэл мужийн захирагч нарт байдаг. Тиймээс Трамп шууд шийдвэр гаргахад хүндрэлтэй гэж шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ