Цар тахлын хэмжээнд хүрсэн аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга нь амны хаалт зүүх, ариун цэврээ сахих, олон хүнтэй газраар явахгүй байх, бусдаас зай барих гэдгийг ДЭМБ зөвлөж байна. Монголчуудын хувьд ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийг дагаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваад гурван сар өнгөрчээ. Нэг үеэ бодвол хүн бүр амны хаалт зүүж хэвшсэн байна. Гэхдээ олон нийтийн газраар явж, бусдаас зай барихад хойрго хандсан хэвээр
Орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, ЭМЯ-ны эмч, мэргэжилтнүүд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг өглөө болгон танилцуулж буй. ДЭМБ зөвлөмжөөр таван хүн нэг дор байвал хүний бөөгнөрөл гэж үздэг байсан бол өдгөө хоёр хүн цугларвал хүний бөөгнөрөл хэмээн үзэж буйг анхааруулсан. Covid-19 халдварын үед хүмүүс бие биетэйгээ хоёр метрээс багагүй зайнаас харьцахыг уриалах болсон билээ.
Монголчуудын хувьд зах, худалдааны төв, эмнэлэг, нийтийн тээвэр, арилжааны банк, АТМ-д хүмүүс хоёр байтугай хорь гучуулаа нэг дор бөөгнөрдөг нь ердийн л үзэгдэл. Энэ дүр зураг хөл хорио тогтоосон ч өөрчлөгдсөнгүй.
Хорио цээрийн дэглэм үргэлжилж буй ч гудамж талбай, худалдааны төвүүд, эмнэлэгт хөл хөдөлгөөнтэй байна. Тиймээс аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллагууд Эрүүл мэндийн байгууллага, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Зай барь” уриалгыг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх боломжтой юу гэдгийг сурвалжиллаа.
"ЗАЙ БАРЬ" ТЭМДЭГЛЭГЭЭ ЭЕРЭГ ХАНДЛАГЫГ БИЙ БОЛГОЖ БАЙНА
Нийслэлд цөөхөн аж ахуй нэгж байгууллага “Зай барь” тэмдэглэгээг нааж, ЭМЯ-ны зөвлөмжийг дагажээ. Тухайлбал, КFC сүлжээ ресторан, “Юнивишн”-ы Хан-Уул дахь салбар, "Интермед" эмнэлэг зэрэг үйлчилгээний байгууллага бусдадаа үлгэр дууриалал болжээ. Эдгээр аж ахуй нэгжүүдийн төлөөлөл болох “Интермед” эмнэлгийг зорилоо. Тус эмнэлгийн үүдэнд халуунаа хэмжүүлсний дараа үйлчилгээ авах боломжтой. Иргэдийн хувьд амны хаалт, бээлийтэй үйлчлүүлж байв.
Эмнэлгийнхэн иргэдийн үйлчлүүлэх хэсэг болох лифт болон эмийн сангийн шаланд “Зай барь” тэмдэглэгээг байршуулжээ. Ингэснээр хүмүүсийн хандлага ч өөрчлөгдсөн болохыг Интермед эмнэлгийн Маркетингийн менежер Г.Энхзаяа хэлж байв.
Түүний хэлснээр үйлчлүүлэгчид цахилгаан шат ирсэн даруйд бөөнөөрөө суух гэж яаралгүй хүлээцтэй ханддаг болсон байна. Өөрөөр хэлбэл, цахилгаан шатны дөрвөн хэсэгт “зай барь” тэмдэглэгээ байршуулсны дагуу хүмүүс зорчдог болжээ. Мөн эмийн санд “зай барь” тэмдэглэгээг байршуулсан нь олон хүн нэг дор бөөгнөрөхөөс сэргийлж чадсан байна.
"ЗАЙ БАРЬ" ТЭМДЭГЛЭГЭЭНИЙ ДАГУУ ЗОРЧСОНООР ХАЛДВАРЫН ЭРСДЛИЙГ БУУРУУЛНА
Интермед эмнэлгийн Маркетингийн менежер Г.ЭНХЗАЯА:
-Манай эмнэлгийн хэмжээнд иргэдийн үйлчлүүлэх хэсэг болох үндсэн гурван лифттэй. Бид хоёр долоо хоногийн өмнөөс “зай барь” тэмдэглэгээг байршуулж, үйлчлүүлэгчдэдээ аль болох зай барих боломжийг бүрдүүлэхийг зорьсон. Хүмүүсийн хамгийн их бөөгнөрөл үүсдэг лифт, эмийн санд “Зай барь” гэсэн санамжийг нааснаар эерэг үр дүнтэй байна. Нэг лифтэнд хөлний мөрөөр 4-6 тэмдэглэгээтэй бол мөн тооны хүмүүс л зорчиж байгаа юм. Ингэснээр халдварын эрсдэлийг бууруулж байна гэж үзэж байгаа. Бусад аж ахуй нэгжүүдэд ч бас манай эмнэлэг үлгэр жишээ болж “зай барь” тэмдэглэгээг байршуулж эхэллээ. Миний харж байгаагаар эрүүл мэндийн байгууллагын хүмүүс хоорондоо хоёр метрийн зайд харилцах уриалгыг аж ахуй нэгж, иргэд маш сайн дагаж мөрдөж байна гэлээ.
Тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн хувьд “Зай барь” тэмдэглэгээ байршуулсныг дэмжиж байв. Гэхдээ зарим тохиолдолд анзаарахгүй өнгөрөх, тоохгүй лифтэнд зорчиж байна гэдгийг хэлж байлаа.
ТЭМДЭГЛЭГЭЭ БАЙРШУУЛСАН Ч ЗАЙ БАРИХ ҮГҮЙ НЬ ХҮМҮҮСИЙН ХАНДЛАГАТАЙ ХОЛБООТОЙ
Иргэн Ч.СҮНЖИДМАА:
– Би “Интер мед” эмнэлэгт физик эмчилгээнд явж байгаа юм. Эмнэлгийн лифтэнд “зай барь” тэмдэглэгээ байршуулсныг их дэмжиж байгаа. Зай барих нь их зөв. Хүмүүс лифтээр зорчихдоо “Зай барь” тэмдэглэгээг эхлээд анзаараагүй юм шиг байна билээ. Тоохгүй байсан. Гэхдээ өчигдрөөс тэмдэглэгээгээ харж эхэлсэн үү, зааврын дагуу цөөн хүн лифтээр зорчиж байна. Интермед эмнэлгээс гадна Хан-Уул дахь Юнивишин-ы салбараар үйлчлүүлэхэд хүмүүс нэг метрээс багагүй зайд зогсч үйлчлүүлж байсан. Зай барих үгүй нь хүмүүсийн хандлагатай л холбоотой болов уу
Иргэн Д.ГЭРЭЛМАА:
-Олон нийтийн газраар хоёр метрээс багагүй зайд хүмүүс хоорондоо харилцаж, зай барих уриалгыг дэмжиж байгаа. “Интер мед” эмнэлгийн лифт, эмийн санд “Зай барь” тэмдэглэгээ байршуулсан нь их таалагдлаа. Лифтэнд байршуулсныг нь харсан ч эмийн санд “Зай барь” гэж шалан дээр нь наасныг анзаарсангүй. Эмийн санч хэлэхэд нь л харлаа. Лифтэнд бол хүмүүс буруу харж зогсохоор ядахдаа л хүмүүсийн амьсгал бие биедээ хүрэхгүй юм билээ. Эмийн санд ч бас тэмдэглэгээнийхээ дагуу зогсох нь зөв юм гэлээ.
ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДЭД ЗАЙ БАРИХ БОЛОМЖ АЛГА
Харин “Баянзүрх худалдааны төв”, “И-март”, “Оргил” сүлжээ дэлгүүрүүдээр ороход “Зай барих” тэмдэглэгээ алга. Иргэд ч хоорондоо зай барихад ач холбогдол өгсөн шинжгүй харагдав. И-Мартын Чингис салбар гэхэд л хүмүүс касст олноороо дугаарлаж, шахцалдаж харагдсан бол "Баянзүрх" худалдааны төвд хүмүүс нэг метрийн зай барих нь бүр боломжгүй, хоорондоо зэрэгцэн, ам булаалдан худалдан авалт хийж байв. Мөн АТМ-д нэг дор олуулаа бөөгнөрөх нь ердийн л үзэгдэл мэт.
Баянзүрх худалдааны төвийн Худалдагч Э.ЛУВСАНДУЛАМ:
-Худалдааны төв, олон нийтийн газарт хүмүүс зай барьж үйлчлүүлэх нь маш ховор. Боломж нь хомс. Эсвэл манайхан бөөгнөрч, шахцалдаад сурсан юм уу. Манай нөхцөлийг харж байгаа биз дээ. Гэхдээ зарим хүмүүс зайнаас үйлчлүүлж байгаа ч ихэнх нь л нэг дор шахцалдаж, бөөгнөрч үйлчлүүлнэ. Ер нь “Зай барь” тэмдэглэгээг байршуулбал хүмүүс ч бас анзаарч зайнаас үйлчлүүлж сурна. Ийм тэмдэглэгээ маш хэрэгтэй. Зөвхөн худалдааны төв ч биш АТМ-д ч бас зай барь тэмдэглэгээг байршуулах ёстой. Гэтэл ийм тэмдэг байхгүй, дээр нь зай барих ямар ч боломжгүй. Миний хувьд ганц хаалгатай АТМ-д үйлчлүүлэхийг зорьдог. Ядахдаа л олон хүн нэг дор бөөгнөрөхгүй.
"Оргил" сүлжээ дэлгүүрийн салбар хариуцсан эрхлэгч Г.БҮРЭНЖАРГАЛ:
-Манай сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлэх иргэд харьцангуй цөөхөн. Үйлчлүүлэгчдийн ихэнх нь албан байгууллага, аж ахуй нэгжүүдийн ажилчид байдагтай холбоотой. Гэртээ худалдан авалт хийж байгаа хүмүүс ховор гэж ойлгож болно. Тиймээс “Зай барь” тэмдэглэгээг байршуулах шаардлагагүй. Касст нэг, хоёр хүн л үйлчлүүлж байна. Хүмүүс зай барих нөхцөл үүсдэггүй.
Иргэн Ц.ЭРДЭНЭЦЭЦЭГ:
-Хөл хорио тогтоосон үед хүмүүс хоорондоо зайнаас харилцах боломжтой. Гэхдээ АТМ-д зай барих нь ховор шүү дээ. ДЭМБ-ын зөвлөж байгаа шиг Монголын нөхцөлд хүмүүс нэг метрээс илүү зайнаас харилцана гэдэг боломжгүй. Хүмүүс нийтийн тээвэр, зах, дэлгүүр, АТМ-д зай барьж байгаа нь харагддаггүй. Уг нь “Зай барь” тэмдэглэгээг байршуулчихвал хүмүүс заавар зөвлөмжөө л дагана гэлээ.
АВТОБУСАНД ХАГАС МЕТРИЙН ЗАЙТАЙ Ч ЗОРЧИХ БОЛОМЖГҮЙ
Эрүүл мэндийн байгууллагууд нийтийн тээвэрт иргэд аль болох хоорондоо хоёр метрийн зайнд зорчих зөвлөмжийг өгсөн. Энэ нь бодит байдал дээр хэрэгжих боломжгүй гэдгийг жолооч болон иргэд санал нэг байв.
“Тэнүүн Огоо” ХХК-ны жолооч Ү.ЭРДЭНЭБАЯР:
-Автобусанд хүмүүс зай барьж зорчих боломжгүй. Автобус хоёр метрийн өргөнтэй. Тэгэхээр нэг метрээс илүү зай барих аргагүй. Зорчигчдын ачаалал бага байгаа. Та нар харж байгаа бол, хүн цөөнтэй хэрнэ л зай барьж зорчих орчин нөхцөлгүй байгаа биз дээ.
Иргэн Б.ХИШИГЖАРГАЛ:
-Худалдааны төв, үйлчилгээний байгууллагуудад “Зай барь” зөвлөмжийг хэрэгжүүлбэл хүмүүс ч дэмжинэ. Зай барьж үйлчлүүлэх байх. Гэхдээ нийтийн тээвэрт хүмүүс нэг метрээс илүү зайнд зорчино гэвэл боломжгүй. Олон хүн зорчиж байхад зай барих аргагүй. Тэр тусмаа хичээл сургууль эхэлбэл нийтийн тээвэр ачаалалтай. Одоо бол автобус хүн цөөнтэй болохоор хэрдээ л зай барьж зорчиж байна.
Иргэн О.МАНДАХБАЯР:
-Автобус хүн цөөнтэй бол хол зайтай сууж зорчих байдлаар зай барьж болно. Харин олон хүн зорчиж байгаа тохиолдолд хүнтэй 1-2 метрийн зай барих ямар ч боломжгүй шүү дээ.
Хүн нь ч багтахгүй. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн газарт хүн цөөтэй бол зай барих зөвлөмж хэрэгжих боломжтой гэлээ.
Зөвхөн нийслэлд ч биш “Зай барь” тэмдэглэгээг орон нутагт үйлчилгээний байгууллагууд байршуулаад байгаа юм. Тухайлбал, Дорнод аймагт Номин сүлжээ дэлгүүр, Хаанбанкны АТМ-д “зай барь” тэмдэглэгээг байршуулсан нь хүмүүс зайнаас харилцах боломжийг бүрдүүлжээ. Түүнчлэн Сүхбаатар болон Чойр хотод ч бас уг тэмдэглэгээг байршуулаад байгаа юм. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд аж ахуй нэгж байгууллагад “Зай барь” тэмдэглэгээг байршуулахыг уриалсан тул хяналт тавих боломжгүй гэх мэдээллийг өгч байв. ДЭМБ, Эрүүл мэндийн яамнаас өгч буй хүмүүс хоорондоо хоёр метрээс илүү зайнд харилцах уриалгыг хэрэгжүүлэхэд Монголын хувьд хүндрэлтэй. Учир нь, нийтийн тээврээр үйлчлүүлэгчид хоёр метрын зайтай зогсох боломжгүй. Зах, худалдааны төвүүдэд зай барих тэмдэглэгээгүй, хүмүүс ч зайнаас харилцах анхааруулгыг үл тоосон хэвээр. Олон орон цах тахал гамшиг тарьж байхад монголчууд ийн хэнэггүйтэж байгаа нь айдас төрүүлж буй юм.
Б.ЦЭЦЭГ