Ц.САНДУЙ БАТЛАН ДААЛТАД ГАРАВ
Төрийн эрхийг хууль бусаар авсан, худалдахыг завдсан гэх хэргээр НИТХ-ын дарга асан Ц.Сандуй албан тушаалаасаа огцроод зогсохгүй шүүхээс ял сонссон. Тэрбээр өөрийгөө улс төрийн золиос болж байна гэсэн тайлбар хэлж байсан юм. НИТХ-ын дарга асан Ц.Сандуйд 2019 оны аравдугаар сарын 31-нд нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөрвөн жилийн ял оноов. Түүнийг яллахдаа 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэг буюу сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлөх зорилгоор, энэ хуулийн 14.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэхэд бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна шүүх үзсэн. Харин давж заалдах шатны шүүхээс уг хэргийг прокурорт буцааж, тэдэнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхийг шийдвэрлэсэн юм.
Тэгвэл НИТХ-ын дарга асан Ц.Сандуйг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээс цаашид цагдан хорих арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзээд гуравдугаар сарын 24-нд батлан даалтаар гаргажээ.
Мөн Нийслэлийн прокурорын газраас Ц.Сандуй, А.Ганбаатар нарын цагдан хорих таслан шийдвэрлэх хугацааг сунгах саналыг энэ оны хоёрдугаар сарын 11-ны өдөр ирүүлснийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийн ээдрээ төвөгтэй байдал, шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгчдийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Ц.Сандуйгийн цагдан хорих хугацааг сунгаж шийдвэрлэж байсан ч Давж заалдах шатны шүүх хурлаас батлан даалтад гаргажээ.
Шүүхийн албан ёсны мэдээллээс харахад Нийслэлийн прокурорын газрын прокурор Ц.Сүхбат, А.Ганбулган нарын гаргасан “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал”-ыг үндэслэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор гуравдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, А.Ганбаатар, Г.Доржзодов, М.Энхболд, М.Өлзий, Т.Анхбаяр нартай уулзахыг хориглох “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал авч шийдвэрлэсэн байна.
Б.АМАРХҮҮГ ХОЁР ЖИЛ ХОРИХ ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭВ
Улсын Дээд шүүх энэ сарын 25-ны өдөр дуучин Б.Амархүүд холбогдох хэргийг хянан хэлэлцэж анхан шатны шүүхийг шийдвэрийг хэвээр үлдээжээ. Ингэснээр хар тамхины хэрэгт холбогдсон дуучин үргэлжлүүлэн хорих ял эдлэхээр болов.
Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн аравдугаар сарын 29-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, хоёр жилийн ял оноосон билээ. Анхан шатны шүүхээс Б.Амархүүг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан хэрэгт буруутгасан. Уг шийдвэрийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хүчингүй болгосон юм. Тодруулбал, давж заалдах шатны шүүх хурлаар шүүгдэгч Б.Амархүү болон түүний өмгөөлөгчдийн хүсэлтээр хянан хэлэлцсэн байдаг.
Харин давж заалдах шатны шүүх Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Амархүүд оногдуулсан хоёр жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон. Улмаар хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан, Нийслэлийн прокурорын газарт буцаасан юм.
Нийслэлийн прокурорын газраас давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэнээр Улсын дээд шүүхээс ийнхүү анхан шатны шүүхийг шийдвэрийг хүчинтэй хэвээр үлдээлээ.
Эргэн сануулахад, дуучин Б.Амархүү нь өнгөрсөн оны есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө нэгэн зочид буудлын гадна зогсоолын талбайд өөрийн машиндаа хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдад баригдсан юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ