Улсын их дэлгүүрийн урд “Рашаан болж хуулиар батлагдсан ариун ганга өвсөө аваарай” хэмээн 35 эргэм насны залуу бүдүүн баргил хоолойгоор зарлан сууна. Аль нэвтрүүлгийн хөтлөгч билээ гэж андуурахаар сайхан хоолойтой түүнийг хавь ойрын хүмүүс анзаарахгүй өнгөрнө гэж үгүй. Зүс танихгүй хүмүүс хүртэл түүнтэй "ганга зардаг ах" гэж халуун дотноор мэндчилэн “Таныг энд хараагүй удсан байна. Ганга өвс зарахаа больсон юм байх л гэж бодлоо” хэмээн ганга өвс худалдан авах аж.
Их дэлгүүрийн ойролцоо явж байхдаа түүнийг анзаарч харсан хүмүүс олон ч зорьж очоод “буу халж” гүнзгий яриа өрнүүлж үзсэн хүн ховор биз ээ. Ойр тойрныхондоо унзад хоолойт хэмээх хочтой, хүмүүсийн дунд “Ганга өвс зардаг ах/залуу” хэмээн танигдсан түүнийг Г.Тэмүүлэн гэдэг.
Г.Тэмүүлэн их дэлгүүрийн ойролцоо ганга өвс зарж эхлээд таван жил болжээ. Өнгөрсөн хугацаанд түүнд мэдээж амар байсангүй.
Дэлгүүрийн үүдэнд суулаа хэмээн хүмүүст хөөгдөж, туугдаж явсан үе цөөнгүй бий. Тэглээ гээд шантарсангүй. Ахиад өөр газар олоод л гялс товхиноод унзад хоолойгоороо “Рашаан болж хуулиар батлагдсан ариун ганга өвсөө аваарай” хэмээн зарлаж эхэлнэ.
Ийн явсаар таван жил өнгөрчээ. Одоо тэрбээр ганга өвсөө зарахаас гадна олон байгууллагад нийлүүлдэг болсон байна. Тэрбээр “Ганга бол үнэхээр гайхамшигт ургамал. Гангын мөн чанарыг хүмүүс таньж мэдээд их хэрэглэх болсон. Ганга өвсийг би өөрөө түүж хатааж явсан үе бий. Гэхдээ сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгийн ганга түүх зөвшөөрөлтэй бригадуудаас бөөндөж авдаг болсон. Зундаа бөөндөж аваад чингэлэгт хураагаад тавьчихдаг юм. Түүнээсээ ууталж өөрөө зарна. Хүргэлтээр эмийн үйлдвэр, цайны үйлдвэр, гандан зэрэг бусад газруудад өгдөг. Мөн зах, худалдааны төвүүд шуудай, шуудайгаар нь их авдаг” гэлээ. Ганга өвс нь амьсгалын замын халдварт өвчнүүдэд нэн сайн бөгөөд сарын тэмдгийн үеийн өвдөлт, хар дарж зүүдэлдэг хүмүүст тустай гэнэ. Ганга өвсийг хандалж, хоолойгоо зайлахад нян устаж, үрэвсэл дардаг болохыг ч сонирхуулав.
БАГААСАА ХАР АЖИЛ ГЭЖ ГОЛОЛГҮЙ АЖЛЫГ ХИЙЖ СУРСАН
Тэрбээр сонин, сэтгүүл зарахаас өгсүүлээд хийж үзээгүй ажил ховор. Заримдаа нүүрс, түлээний мөнгө хүрэлцэхгүй үе тохиодог ч тэрбээр хэнээс, юу ч гуйхыг хүсдэггүй гэнэ. Г.Тэмүүлэнгийн аав, ээж, эхнэр гурвуулаа багш. Өөрөө ар гэрийн шалтгаанаар их сургуульд суралцаж чадаагүй ч охидоо хэнээс ч дутахааргүй боловсролтой болгохыг хүсдэг гэдгээ хэлж байв.
Түүнийг гуравдугаар ангид байхад нь аав, ээж нь олон жил ажилласан хүүхэд асрагчдаа байраа луйвардуулж амьдрал нь орвонгоороо эргэсэн байна. Хэрэв тэр явдал болоогүй бол их сургуульд орж, мэргэжил эзэмших байсан хэмээн битүүхэндээ гомдол тээж явдгаа нуугаагүй юм. Багаасаа хар ажил гэж гололгүй ажлыг хийж сурсан нь түүнд их сургуульд сураад ч олж авч чаддаггүй амьдралын хар ухааныг суулгажээ.
ХАМГИЙН ГОЛ НЬ ОДОО БАЙГАА ЧИГЭЭРЭЭ НАСЫГ БАРАХ ЮМ ШИГ БОДОЖ БОЛОХГҮЙ
Тэрбээр “Би эхээс тавуулаа. Манай аав, ээж хоёр асрагч эгчид их итгэдэг байсан. Асрагч эгч манай хоёрт “Нөхөр БНСУ-аас машин оруулж ирэх гэтэл мөнгө нь дутсан” гэж хэлээд манай байрыг долоон сая төгрөгөөр заруулаад таван сая төгрөг аваад хулхидаад алга болсон. Тэр өдрөөс хойш бид нарыг эмээгийнд аваачиж өгөөд аав, ээж хоёр маань амьдралаа босгох гээд их л хичээсэн дээ. Одоо ах, дүү нар маань тусдаа гарч, амьдрал зохиоцгоосон. Харин аав, ээж хоёр тэтгэвэртээ гарсны дараа хөдөө рүү явсан. Хамгийн гол нь одоо байгаа чигээрээ насыг барах юм шиг бодож болохгүй. Хичээнгүйлэн хөдөлмөрлөх л хэрэгтэй гэдгийг ойлгосон. Тэвчээртэй хүнд аз жаргал ирдэг.
Миний хувьд ядарснаа мэдэхгүй ажиллаж байхад сэтгэл санаа минь хүртэл сайхан болдог. Зүгээр суух дургүй. Би цаашдаа шашны бараа зардаг лангуутай болох хүсэлтэй байгаа. Шашны бараа муудахгүй гэдгээрээ давуу талтай шүү дээ. Болж өгвөл их дэлгүүр дотор лангуутай болчихвол зүгээр юм болов уу. Гадны хүмүүс их сонирхох байх ” хэмээв. Тэр их сургуульд сурч, Их дэлгүүрт шашны бараа зардаг лангуутай болохыг мөрөөддөг. Бусдын дэргэд жижиг асуудал байж болох ч түүний хувьд том мөрөөдөл нь.
Зөв явахад зөөлөн, зөөлөн замбуулин гэгчээр Г.Тэмүүлэнгийн мөрөөдөл хэзээ нэгэн цагт биелэх бизээ!
Холбоотой мэдээ