Esport-Коронавирус зогсоож чадаагүй ганц спорт

Хуучирсан мэдээ: 2020.03.27-нд нийтлэгдсэн

Esport-Коронавирус зогсоож чадаагүй ганц спорт

Esport-Коронавирус зогсоож чадаагүй ганц спорт

Цэнхэр гаригийн спортын салбар шинэ коронавируст хүчин мөхөсдсөн бол дижитал дэлхийн спортын салбар энэ цаг үед эрчээ авч байна. Хөл хорио тогтоосон энэ үед гэрээсээ гарах ямар ч шаардлагагүй зөвхөн компьютер, интернет хоёртой байхад л ойролцоогоор 495 сая гаруй хүнийг хамарсан дэлхийн томоохон цахим спортын салбар "бужигнаж" байна.

Шинэ коронавирусийн улмаас өнгөрөгч хоёрдугаар сард Хятад улсад гар утсандаа цахим тоглоом татсан хэрэглэгчийн тоо өмнөх үеэсээ 39 хувиар өссөн бол Хятад улсаас Apple компанийн App story-оос татсан хэрэглүүрүүд (app)-ийн 62 хувь нь цахим тоглоом байжээ.

Үүний зэрэгцээ, АНУ-ын Verizon үүрэн холбооны оператор дэх тоглоомын траффик долоо хоногийн хугацаанд урьд өмнө үзэгдээгүй буюу 75 хувьд хүрсэн гэж U.S.telco саяхан мэдэгдэв. Харин Итали улсын Telecom Italia үүрэн холбооны операторын интернет урсгалын 70 хувь нь цахим тоглоомтой холбоотой байсан аж. Блүүмбергийн судалгаагаар стресстэй байгаа Италичууд “Fortnite” видео тоглоомыг ихээр тоглож байгаа гэнэ.

Valve компанийн Steam цахим тоглоомын платформ дээр энэ сарын 15-нд буюу шинэ коронавирусийн улмаас  АНУ-д хөл хорио тогтооход 20 сая гаруй тоглогч нэг дор бүртгэгдсэн нь тус платформын түүхэнд гуравт бичигдэхээр өндөр үзүүлэлт болжээ. Тус платформын Counter-Strike: Global Offensive онлайн видео тоглоомыг нэгэн зэрэг нийт 924,045 хүн тоглож тус тоглоомын өмнөх дээд амжилтыг эвджээ. Зөвхөн Counter-Strike: Global Offensive гэлтгүй Dota 2 цахим тоглоомыг өнгөрөгч хоёрдугаар сарын турш дунджаар 405,978 хүн тоглосон нь өмнөх оны арваннэгэн сарын үзүүлэлтээс даруй 7.14 хувиар нэмэгдсэн үзүүлэлт байна.

WePlay! байгууллагын зүгээс энэ сарын 20-26-ны өдрүүдэд дэлхийн томоохон Dota2 цахим тоглоомын 24 багуудыг хамарсан онлайн WeSave! гэх 120 мянган ам.долларын шагналын сантай covid-19-ийн эсрэг сайн үйлсийн тэмцээнийг зохион байгуулсан.

Мөн Twitch, Youtube Gaming зэрэг цахим, видео тоглоомуудын шууд дамжуулалт хүргэдэг онлайн үйлчилгээнүүдийн үзэгчдийн тоо зогсохгүй өсч байна. Жишээлбэл Twitch онлайн үйлчилгээний үзэгчдийн тоо хоёрдугаар сарын эхний долоо хоногоос хойш 66 хувиар өсчээ. Харин Youtube Gaming үйлчилгээний үзэлт өнгөрсөн долоо хоногоос хойш 15 хувиар өссөн үзүүлэлт байна. Үүнээс харахад хүмүүс гэрийн хорионд байхдаа телевизийн шоу, кино зэргээс гадна цахим тоглоомын шууд дамжуулалт болон бичлэгийг ихээр үзэж байна гэсэн үг.

Мөн онлайн видео тоглоомууд эдгээр өдрүүдэд жинхэнэ спортыг орлож байна гэж ойлгож болно.

Эдгээр өдрүүдэд ажилгүй болоод буй дэлхийн спортын одод ч видео тоглоомоор тоглож байгаагаа Twitch болон бусад шууд дамжуулалтын хэрэгслүүдээр хүргэж байна. NBA-ийн Финикс Санс багийн хамгаалагч Дэвин Бүүкер, Атланта Хавкс багийн холбон тоглогч Трае Ян, Даллас Маврикс багийн од Лука Дончич, Нью Орлеанс Пеликанс багийн хамгаалагч Жош Харт, Майами Хит багийн төвийн тоглогч Мейерс Леонард, Мемфис Гриззлис багийн залуу тоглогч Жо Морант, Тоттенхэм Хотспур багийн хагас хамгаалагч Деле Алли, Арсенал багийн хагас хамгаалагч Мезут Өзил, боксын хүнд жингийн дэлхийн аварга Антони Жошуа нар ямартай ч цагийг хөгжилтэй өнгөрүүлж байгаа ажээ.

Сүүлийн 30 хоногийн турш дараах тоглоомнууд Steam платформ дээр хамгийн их тоглогджээ.

Сүүлийн 30 хоногийн турш Twitch шууд дамжуулалтын платформ дээр хамгийн их үзэлттэй байсан видео тоглоомууд:

 

2019 онд зохион байгуулагдсан хамгийн өндөр шагналын сантай цахим спортын тэмцээнүүд:

Дэлхий нийт энэхүү салбарыг хүлээн зөвшөөрөөд, үүгээр мөнгө олж болох юм байна гэдгийг аль хэдийн харсан болохыг дээрх тэмцээнүүдийн шагналын сангаас ажиглаж болно. АНУ-ын 170 гаруй коллеж, их сургуулиуд сургалтын хөтөлбөртөө esport –ийн төрлийг нэмж, 16 сая гаруй ам.долларын тэтгэлэг олгодог аж. Үүгээр ч зогсохгүй Вашингтон болон бусад 17 муж нь албан ёсны цахим спортын багтай болох гэнэ. Цахим спортын мэргэжлийн баг болгон дотроо эмч, тогооч, сэтгэл зүйч гэх зэрэг дасгалжуулагчаас гадна арын албаны олон ажилчидтай байх шаардлагатай болжээ.

Монгол улсын хувьд сүүлийн жилүүдэд харьцангүй чанартай, тогтмол явагддаг хэд хэдэн цахим спортын тэмцээнүүдтэй болсон. Үүнийгээ дагаад ч ивээн тэтгэгч, хамтран ажиллах байгуулгууд олширч байгаа. Дотоодын өрсөлдөөн ширүүн байх тусам Монголын тамирчид гадны мэргэжлийн багуудад тоглох мөн багаараа олон улсын чанартай минор, мэйжор зэрэг тэмцээнүүдэд оролцох болсон.

Сонирхуулахад 2024 оны Парисын зуны XXXIII олимпийн наадмаас эхлэн цахим спортыг олимпийн төрөлд нэмэх тухай яриа хэлэлцээ IEF буюу Олон улсын esport-ийн холбоо болон Олон улсын олимпийн хорооны дунд яригдаад эхэлжээ. Хэрвээ энэ хэлэлцээ бүтвэл 2024 оны Парисын олимпод цахим спортын төрөл нь үзүүлэн маягаар оролцох гэнэ. Ямартай ч одоогийн байдлаар дэлхий дээр ямар нэгэн доголдолгүй, тогтмол үйл ажиллагаатай үүнийгээ дагаад ашиг орлого нь нэмэгдэж буй цорын ганц спорт Esport болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж