
Стокгольм хотын банкны ажилтан Marie Jarvas хоёр ч удаа дээрэмчдийн үйлдэлд өртжээ. Тэрээр “Өглөө эрт ажилдаа ирсэн юм. Гэтэл хоёр хүн хаалганы шилэн цонхыг сүхээр эвдлэн орж ирсэн. Тэд бэлэн мөнгө олгодог автомат хайрцгийг эвдэлж, бэлэн мөнгө дээрэмдэх зорилготой байсан. Би нуугдсан байсан тул намайг олж хараагүй, харсан бол би амь насаа алдах байсан юм” гэжээ. Хоёр жил өнгөрсний дараа машинтай дээрэмчин шилэн цонхыг эвдлэн орж ирсэн аж. Иймээс “Бэлэн цаасан мөнгөн тэмдэгт болон металл зоос хэрэглэхийг халахаас өөр тов тодорхой, ойлгомжтой үндэслэл алга байна” тэр ярьсан ажээ.
ABBA хамтлагийн гишүүн асан Bjorn Ulvaeus 30000 ажилтантай банкны ажилтнуудын аюулгүй байдалд санаа зовон хөдөлгөөн өрнүүлж буй үйлдвэрчний байгууллагын тэргүүн нь юм байна.
Шведийн банкны ажилтнуудын үйлдвэрчний байгууллагын гишүүн Marie Look “Банк болон улс нийгмийн хэмжээнд гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний эргэлтийг үгүй болговол гэмт хэрэг, дээрэм багасах юм. Бэлэн мөнгө байхгүй болохоор хулгайн хэрэг, банк дээрэмдэх үйлдэл ч багасна гэсэн байна. Швед улс энэ зорилтыг хэрэгжүүлсэн дэлхийн анхны орон болох боломж байна” гэж нотолжээ.
Эдүгээ Стокольмийн нийтийн тээврийн автобусууд бэлэн мөнгө авахаа зогсоосон байна.
Шведийн төв Банк энэ асуудлаар байр сууриа илэрхийлээгүй байгаа аж. Гэвч бүхэл бүтэн нийгмийн хэмжээнд гүйлгээндээ бэлэн мөнгө хэрэглэхгүй байх технологи байгаа нь хэнд ч эргэлзээ төрүүлэхгүй байгаа юм байна. Үүнийг эсэргүүцэгч хүмүүс бэлэн мөнгийг гүйлгээнээс гаргавал хүмүүсийг хэт хараа хяналтад оруулсан нийгмийг бий болгоно гэсэн тайлбар хийж байгаа ажээ.
Эх сурвалж: BBC World
Бэлтгэсэн Д.Пунцаг