Сонгууль 2020: Өмнөговьд шинэ, хууччуулын “тулаан” болно

Хуучирсан мэдээ: 2020.03.27-нд нийтлэгдсэн

Сонгууль 2020: Өмнөговьд шинэ, хууччуулын “тулаан” болно

Сонгууль 2020: Өмнөговьд шинэ, хууччуулын “тулаан” болно

“NEWS” агентлаг 2020 оны УИХ-ын сонгуульд хэн, хэн нэр дэвших вэ гэдгийг тойрог бүрээр нь уншигчдадаа хүргэж эхэлсэн. Энэ удаад 11-р тойрог буюу Өмнөговь аймгийг онцолж байна.


Өмнөговьчууд энэ удаад УИХ-д хоёр төлөөлөлтэй байхаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгасан. Өмнөговь аймгийн хувьд өнгө алагладаг гэхэд болох ч ихэнхдээ АН-д илүү итгэл үзүүлж ирсэн. Уул уурхайн хамгийн том тулгаар болсон Өмнөговь аймгийн хувьд энэ удаагийн сонгуульд цэнхэртэх үү, улаарах уу гэдэг сонгогчдоос нь хамаарна.

Өмнөх сонгуульд өмнөговьчууд Ардчилсан намынханд итгэл үзүүлж байсан түүхтэй. УИХ-ын гишүүн асан Ц.Баярсайхан хоёр ч удаагийн сонгуульд Өмнөговь аймгаас нэр дэвшиж байсан бөгөөд түүний “залгамж”-ийг Ажнай группийн эзэн Б.Бат-Эрдэнэ Ардчилсан намаас сонгогдож байв. Харин өнгөрсөн сонгуулиар Ажнай группийн эзэн Б.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Б.Бадраа нар нэр дэвшиж өвдөг шороодож, өмнөговьчууд МАН-д итгэл үзүүлсэн. МАН-аас Өмнөговь аймгийн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын гишүүн Л.Амарзаяа, Л.Энхболд нар төлөөлж сонгогдсон юм.

МАН Н.АМАРЗАЯАГ “ЖИЙЖ”, Х.МАНДАХБАЯР, Л.ЭНХБОЛД НАРЫГ НЭР ДЭВШҮҮЛНЭ

Өнгөрсөн сонгуулиар улс даяараа МАН-д итгэл үзүүлж, тэд олонх болсон. Өмнөговьчууд ч мөн адил МАН-ыг багаар нь сонгосон нь УИХ-ын гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяа нар сонгогдсон. УИХ-ын гишүүн Л.Энхболдын хувьд ЖДҮХС-аас гурван ч удаа зээл авч байсан, мэдээлэлд ойр байдлаа ашигласан хэмээн хуулийн байгууллагад шалгагдсан. Улсын ерөнхий прокурор Л.Энхболдын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүртэл санал гаргаж байсан удаатай. Гэвч энэ хэрэг хэрхсэн нь тодорхойгүй, хуулийн байгууллага ч ямар нэг мэдээлэлгүй хав дарагдсан гэж улс төрийн хүрээнд яригдах болсон. Түүнээс гадна МАН-ын дарга У.Хүрэлсүх ЖДҮ-чин гишүүдээ энэ удаад нэр дэвшүүлэхгүй гэж “ам гарсан” ч Л.Энхболд нэр дэвшинэ хэмээн тойргоо усалж яваа. Түүнтэй хамт УИХ-ын гишүүн болсон Н.Амарзаяагийн хувьд энэ удаагийн сонгуульд өнжих сурагтай. Учир нь намын даргатай бус М.Энхболдын фракц гэгдэж түүнд нэр дэвших эрх олгохгүй гэх мэдээлэл байна. Тиймээс Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр Өмнөговь аймагт нэр дэвших бололтой. Түүний хувьд Өмнөговь аймгийн МАН-ын дэд даргаар ажилладаг, уул уурхайтай тэмцэж, өмнөговьчуудын эрх ашгийг хамгаалах “дайнд” сүүлийн хэдэн жил оролцож буй. Гэхдээ түүнийг ч мөн өөрөө нүүрс тээвэрлэлт хийдэг компанитай, хувийн эрх ашигтай хэмээн өмнөговьчууд ярих юм билээ. Ямартай ч нэгэн цагт “Сэтгүүлчдийнхээ эрх ашгийн төлөө тэмцэж, нэр дэвшихгүй” хэмээн ам гарч байсан МСНЭ-ийн ерөнхийлөгч маань энэ удаад МАН-аас Өмнөговь аймагт дэвших нь тодорхой болжээ.

АН-ААС АЖНАЙ Б.БАТ-ЭРДЭНЭ, Б.БАДРАА НАР ӨРСӨЛДӨНӨ

Өмнөговьчуудын хэзээний элэгтэй Ардчилсан нам энэ удаад УИХ-ын гишүүн асан, Ажнай группийн эзэн Б.Бат-Эрдэнэ, экс Засаг дарга Б.Бадраа нар тус аймагт нэр дэвшихээр бэлтгэлээ базааж байна. Тэдний хувьд өнгөрсөн 2016 оны сонгуульд нэр дэвшин, өвдөг шороодсон ч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тойргоо услахаа умартаагүй гэдэг. УИХ-ын гишүүн асан Б.Бат-Эрдэнийн хувьд нэг удаа өмнөговьчуудыг төлөөлж, Батлан хамгаалахын сайд хүртэл хийж байсан. Харин Б.Бадраагийн хувьд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хувьд Засаг даргаар ажиллаж, энэ хугацаандаа засаглалаа тогтоосон гэлцэж, Б.Бадраагийн хувьд хийсэн бүтээсэн хэлсэн ярьсан арвинтай учир ялна гэдэгтээ бардам байсан ч Н.Амарзаяад ялагдаж, өвдөг шороодсон.

ӨМНӨГОВЬ АЙМГААС УИХ-Д СОНГОГДСОН ГИШҮҮД

  • 1992 он: МАХН-ын гишүүн Д.Идэвхтэн, Р.Цагаанхүү
  • 1996 он: Ардчилсан холбоо эвсэл Ч.Отгонбаяр, Ц.Баярсайхан
  • 2000 он: МАХН-ын гишүүн Ц.Оюунбаатар, Б.Долгор
  • 2004 он: Эх орон-Ардчилал эвсэл Д.Бат-Эрдэнэ, Ц.Баярсайхан
  • 2008 он: МАХН-ын гишүүн Х.Бадамсүрэн, Ардчилсан нам Ц.Баярсайхан
  • 2012 он: Ардчилсан намын гишүүн Д.Бат-Эрдэнэ
  • 2016 он: МАН-ын гишүүн Н.Амарзаяа, Л.Энхболд
  • 2020 он: ?

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж