Т.Бадрал: Төлөвлөсөн гурван нислэгийн нэгийг цуцалсан

Хуучирсан мэдээ: 2020.03.26-нд нийтлэгдсэн

Т.Бадрал: Төлөвлөсөн гурван нислэгийн нэгийг цуцалсан

Posted by News.mn on Thursday, March 26, 2020

Улсын онцгой комиссын 14 дахь удаагийн хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэсэн асуудлын талаар Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/-ын дарга Т.Бадрал мэдээлэл хийлээ.

ОБЕГ-ын дарга Бадрал:

Эрүүл мэндийн салбараас тусгаарлалтад байгаа иргэдийн тусгаарлах хугацааг сунгах саналыг Эрүүл мэндийн яамнаас тавьсан. Үүнтэй уялдуулан хэд хэдэн судалгаа хийгдсэн. Коронавирусийн халдварын  нууц үе нь 14 хоног биш сүүлийн үеийн судалгаагаар 5.5-19 хоног болсон байна. Тиймээс тусгаарлах иргэдийг хамгийн багадаа 21-28 хоног тусгаарлах хүсэлт тавьсан. Үүний дагуу сүүлд дөрвөн нислэгээр ирсэн 1000 орчим иргэнийг тусгаарлах хугацааг дахин долоо хоногоор сунгах шийдвэр УОК-оос гарлаа. Дээрх санал нь гэнэтийн санал байсан учраас дараагийн чартер нислэгт өөрчлөлт орж байна. 14 хоногийн хугацаанд тусгаарлалтад байсан иргэдийн хугацаа энэ Ням гаригт дуусах байсан. Гэтэл дахин долоон хоногоор тусгаарлалтын хугацааг сунгаж байгаа учраас дараагийн ирэх иргэдээ хүлээж авах боломжгүй болсон. Тиймээс эхний ээлжинд төлөвлөсөн гурван нислэгийн нэгийг цуцалж хоёр нислэгээр авахаар болсон.

Хоёрдох асуудал нь нэг өрөөнд олуулаа байх нь эрсдэлтэй байна. Мөн нууц үе нэмэгдэж байгаа учраас нэг нь нөгөөдөө халдварлах магадлал өндөр гэсэн дүгнэлтийг гаргасан. Тиймээс тусгаарлагдах байранд иргэдийг нэг өрөөнд ганцаар нь байлгахаар ярьж байна. Энэ мэдээж хүндрэлтэй. Тусгаарлах байранд иргэд 2-5-уулаа байна. Тиймээс цаашдаа ганц ганцаар нь байлгах өөрчлөлт хийнэ. Дараагийн 750 хүнээ хүлээж авна гэвэл бидэнд 750 ор мөн 750 өрөө  хэрэгтэй. Мөн тусгаарлалтын 14 хоногийн төлбөр болох 700 мянган төгрөг дээр долоо хоногийн төлбөр болох 350 мянган төгрөг нэмэгдэж нийт 1 сая 50 мянган төгрөг болж байна. УОК Эрүүл мэндийн байгууллагаас тавьж буй шаардлагуудыг биелүүлэх ёстой. Нөхцөл байдал цаг цагаар өөрчлөгдөж байна. Манай улстай хамгийн ойр Улаан-Үдэд халдвар илэрлээ. Нөгөөдөр өглөө 06:00 цагт Алтанбулаг боомтоос иргэдээ авна. Энэ үйл ажиллагаа нь нэг л удаа явагдана” гэв.

Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.

-Нэг өрөөнд ганц ганцаар нь тусгаарлавал тусгаарлах байруудын хүрэлцээний асуудал үүсэх байх. Ямар зохицуулалт хийгдэх вэ?

-Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор Гамшгийн хуулийн дагуу арга хэмжээ авч байна. Гэвч гаднаас ирж буй иргэдийг зочид буудлуудад нэг нэгээр нь байршуулах шийдвэр гарвал бэлдсэн байрууд хүрэлцэхгүй. Энэ нөхцөлд Дайчилгааны хуулийн дагуу зочид буудлуудад мэдэгдэл хүргүүлэн, хамтран ажиллана. Хотын төвд тусгаарлах нь эрсдэлтэй гэж ярьж байсан. Тиймээс хотын төвөөс гадагш гаргах асуудал яригдсан. Одоогоор бидэнд бэлэн байгаа байрууд хамгийн дээд тал нь 300 хүний ортой хотын гадна амралт байна. Өрөөгөөр нь тооцвол тэнд 60-70 хүнийг тусгаарлана. Бидний анх тооцоолж байсан бүхэн бүрэн өөрчлөгдөж байна.

Тусгай үүргийн онгоцоор гуравдугаар сарын 18-ны өдөр ирсэн хүнээс халдвар илэрлээ. Тухайн хүнтэй хамт нэг өрөөнд хэдэн хүн тусгаарлагдаж байсан бэ?

-Сүүлийн батлагдсан тохиолдол өрөөндөө хоёул байсан. Хоёуланг нь ХӨСҮТ- рүү шилжүүлж, хамт байсан хүнийг нь хяналтад авсан.

-14 хоногийн тусгаарлалтын төлбөрөө төлсөн иргэд нэмж долоо хоногийн төлбөр төлнө гэж ойлгох уу?

-Нэгэнт 14 хоногийн төлбөр тооцоогоо хийчихсэн учраас нэмэгдсэн долоо хоногийн төлбөрийг нь Засгийн газар нөөц хөрөнгөөсөө шийдвэрлэнэ.

Улсын онцгой комисс хуралдана

Улсын онцгой комисс/УОК/-ын ээлжит хуралдаан 14:00 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд хийгдэж буй ажлуудын хэрэгжилтийн явцыг холбогдох байгууллагуудаас сонсоно. Мөн иргэдийн тусгаарлах хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэх юм байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт 184 хүн хянагдаж байна. Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн нэг иргэнээс Covid-19-илэрч, нийт 11  тохиолдол Монгол Улсад бүртгэгдэв.

Гадаадад байгаа Монгол иргэдээ татах үйл ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулах талаар өнөөдөр /2020.03.26/ УОК-ын орлогч дарга, ОБЕГ-ын дарга Т.Бадрал мэдээлсэн. Тодруулбал, дөрөвдүгээр сарын эхээр гурван нислэг хийж, нийт 750 иргэнээ авч ирэх аж. Дөрөвдүгээр сарын 2-нд 08.00 цагт БНСУ руу,  дөрөвдүгээр сарын 3-нд 01.30 цагт Токио руу, дөрөвдүгээр сарын 4-нд дахиад 08.00 цагт БНСУ руу нислэг үйлдэнэ.

БНСУ руу хоёр удаа нислэг үйлдэж байгаа нь эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн 4805 иргэний 50 гаруй хувь нь БНСУ-д байгаа монголчууд байгаа тул хоёр удаагийн нислэг үйлдэхээр болжээ. Тиймээс өнөөдрийн УОК-ын хуралдаанаар тусгаарлалтын хугацааг сунгах эсэх асуудлыг тодорхой болгох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж