Хуучирсан мэдээ: 2010.07.30-нд нийтлэгдсэн

НҮБ тунхаг гаргав

Нэгдсэн Үндэсний Байгууллага өнгөрөгч лхагва гаригт ундны устай болох, цэвэршүүлэх нь хүний үндсэн эрх мөн гэж мэдэгдлээ. Ерөнхий Ассамблейд хандан Боливи улсаас өргөн дэвшүүлсэн тогтоолын төслийг 122 орон дэмжиж, 41 орон түдгэлзсэн байна.

НҮБ-д суугаа Боливи улсын төлөөлөгч Пабло Солон “Ундны цэвэр устай болох, цэвэршүүлэх нь  хүний үндсэн эрх мөн бөгөөд энэ зорилт бодит байдал болж хувираасай гэдгийг дэлхий нийтэд бид мэдээлэн хүргэх ёстой” гэж мэдээллийн EFE агентлагт өгсөн ярилцлагандаа дурджээ. Энэ утгаар НҮБ-аас гаргасан тогтоол нь “ундны цэвэр устай болох, түүнийг баталгаажуулах, цэвэршүүлэх нь хүний онцгой эрх мөн бөгөөд хүн бүр амьдралын эрхээ бүрэн дүүрэн эдлэх ёстой” гэж тэрээр онцлон тэмдэглэн хэлсэн байна.

НҮБ-ын ажилтнууд Мянганы зорилтуудын жагсаалтад хамгийн хоцрогдож буй зүйл бол ундны устай болох асуудал мөн гэдгийг хүлээн зөвшөөрч, 2015 он гэхэд дэлхийн түвшинд ядуурлыг 50 хувиар бууруулах гэсэн оролдлоготой холбоотой гэсэн байр суурьтай байгаа юм.

Нью Йорк дахь BBC-гийн сурвалжлагч Барбара Плетт мэдээлэлдээ ундны устай болох тухай тогтоолын төслийг батлахаас АНУ, Нэгдсэн Вант Улс зэрэг 30 гаруй орон түдгэлзсэн юм гэсэн байна.

Зарим орнууд түдгэлзсэн шалтгаанаа Женев хот дахь Хүний эрхийн Зөвлөлд ундны усны асуудлыг хэлэлцэж санал нэгтэй батлахад энэхүү тогтоол саад учруулж болзошгүй  юм гэсэн байхад нөгөө хэсэг нь хүний эрхтэй холбогдох шинэ тогтоолын зорилго, үүрэг нь тодорхойгүй гэсэн тайлбар хийжээ.

Эдүгээ дэлхийн хэмжээнд 900 сая хүн ундны устай болох боломжгүй байгаа ба нэг жилд тав хүртэл насны 1,5 сая хүүхэд ундны цэвэр усгүй байгаагаас үүсэн гарсан өвчний улмаас нас барж байгаа юм байна.

Эх сурвалж: BBC
Бэлтгэсэн Д.Пунцаг

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж