Т.Бадрал: Шинжилгээ нь эерэг гарвал онгоцонд суулгахгүй | News.MN

Т.Бадрал: Шинжилгээ нь эерэг гарвал онгоцонд суулгахгүй

Т.Бадрал: Шинжилгээ нь эерэг гарвал онгоцонд суулгахгүй

Т.Бадрал: Шинжилгээ нь эерэг гарвал онгоцонд суулгахгүй

Улсын онцгой комиссын шуурхай штаб ээлжит мэдээллээ өнөөдөр /2020.03.26/ хийлээ.  Өнөөдрийн байдлаар дэлхийн 100 гаруй улс гадаадад буй иргэдээ татаж авч байна. Австралийн Засгийн газар өнөөдөр /2020.03.26/ Монгол Улс дахь зургаан иргэнээ татаж авах хүсэлтээ илгээж, шийдвэрлэсэн. Энэ амралтын өдрүүдэд БНСУ-ын Засгийн газар Монгол Улсаас 200 гаруй иргэнээ татаж авахаар болсон.

Гадаадад буй Монгол Улсын 4805 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ илгээсэн. Ойрын хугацаанд тусгай үүргийн гурван онгоц ниснэ. Эхний нислэг дөрөвдүгээр сарын 2-ны өглөө 08.00 цагт Сөүл,  дөрөвдүгээр сарын 3-ны шөнийн 01.00 цагт Токио руу ниснэ. Ингээд  дөрөвдүгээр сарын 4-ний өглөө 08.30 цагт Сөүл рүү дахин ниснэ. Сөүлээс 2000 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ тавьсан тул тусгай үүргийн онгоцыг хоёр удаа нисгэж байна. Энэхүү гурван нислэгээр ирсэн иргэдийг 21 хоног тусгаарлана. Мөн тухайн улсдаа  шинэкоронавирусийн шинжилгээ өгөхийг шаардаж байна.

Турк улс дэлхийн 65 орноос онгоц хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн. Нөхцөл байдал хэвийн болсон үед онгоц хүлээн авна гэсэн тул Турк рүү онгоц нисгэхгүй. Герман мөн адил онгоц хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн. Хамгийн байж болох хувилбар Франкфурт гэж тооцоолсон ч Германд нөхцөл байдал хүндэрч байгаа тул цаашид онгоц нисэхгүй.

ОХУ-ын Улаан-Үд хотод шинэ коронавирусийн тохиолдол бүртгэгдлээ. Тиймээс бид хилээ хаахаас өөр аргагүйд хүрч байна. Хилээ хаах, тусгаарлах байр гэх мэт асуудлыг судалж байна.

Тусгаарлалтын хоногийг сунгах эсэхийг өнөөдөр 14.00 цагт Улсын онцгой комиссын хурлаар шийднэ.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал:

Дэлхийн 100 гаруй улс гадаад оронд суугаа өөрсдийнхөө иргэдийг татан авахаар олон ажлыг зохион байгуулж байна. Ойрын хугацаанд гурван нислэгээр нийтдээ 750 иргэнээ татан авна. Бид өнөөдөр бүх нислэгийг хүлээн авах боломжгүй. Яагаад гэвэл Монгол Улсад ирсэн эхний таван нислэгээс COVID-19 халдварын тохиолдлууд илрээд байгаа учраас маш том эрсдэл байна. Эрсдлээ хамгийн бага түвшинд байлгая. Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэд 14 хоногийн тусгаарлалтад байгаа. Цаашид эдгээр иргэд дахин долоо хоногийн хугацаанд гэртээ тусгаарлалтад орно. Харин дараагийн гурван нислэгээр ирж буй иргэд шууд 21 хоногийн тусгаарлалтад орно.

Тиймээс иргэд 21 хоног тусгаарлах байранд байрлах төлбөрөө төлсөн байх шаардлагатай. Мөн заавал тухайн улсын эмнэлгийн байгууллагад шинжилгээ өгч, шинжилгээний бичгийг үндэслэж байж онгоцонд суулгана. Хэрэв шинжилгээний хариу сөрөг гарсан бол онгоцонд суулгахгүй. Өдөр тутам эрсдэл нэмэгдэж байгаа Засгийн газраас тавигдаж байгаа шаардлагыг иргэд биелүүлэх үүрэгтэй.

Одоо Монголоос БНСУ-руу явахаар 300 гаруй Монгол хүн хүсэлтээ гаргаад байна. Тэнд зарим сургууль нь үйл ажиллагаа нь эхэлж байгаа юм байна лээ. Тэр хүмүүст “Олон улсын хэмжээнд энэ өвчин хэзээ намдана тэр хүртэл эргэж, та бүхнийг хүлээн авахгүй” гэдгийг сануулж байгаа. Гадаадаас ирэх хүсэлтэй иргэдээс өндөр настан, өвчтэй зовлонтой хүмүүсийг анхаарч хүлээж авахыг Элчин сайдын яамдад хэлсэн. Эхний таван нислэгээр ирсэн хүмүүсийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, зочид буудлуудад авсан. Харин одоо ирэх иргэд эрсдэл өндөртэй учраас хотоос гадна амралт, сувиллын газар байрлаж, тусгаарлагдана” гэдгийг яриандаа онцлон хэллээ.

“БНСУ-аас ирэх 250 хүнийг өмнө нь бүртгүүлсэн хүмүүсээс авч ирнэ”

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг:

Улсын Онцгой комиссоос гадаад руу гурван нислэг үйлдэж, иргэдээ татан авах ажлыг зохион байгуулах гэж байна. Үүний дагуу Сөүл, Токио дахь Элчин сайдын яам ажиллаад эхэлсэн. Иргэд  “Тусгай үүргийн онгоцонд яаж суух вэ” гэж маш ихээр асууж байна. Нэг зүйлийг тодотгож хэлэхэд Сөүлээс ирсэн эхний онгоцонд бүртгүүлэхээр нийтдээ 800 орчим хүн бичгээр хандсан. Тэгэхээр хоёр, гурав дахь онгоцны 250 хүнийг өмнө нь бүртгүүлсэн хүмүүсээс суулгана гэдгийг хэлмээр байна. Эх орондоо ирж байгаа иргэд тухайн улсдаа COVID-19 халдварын шинжилгээнд хэрхэн хамрагдах талаар Элчин сайдын яамнаас зохион байгуулж, чиглэл өгч, мэдээлээд явна.

“Турк улсын нислэгээр ирсэн иргэн суудлынхаа дугаарыг буруу бичсэн байсан”

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Г.Сугарбат:

Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх хүсэлтэй иргэдэд анхааруулж хэлэх хэд хэдэн асуудал байна. Тусгай үүргийн онгоцонд мэргэжлийн хяналтын байгууллагын эмч мэргэжилтэй хоёр Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагч дагалдаж явна. Тэд маань зорчигчдын эрүүл мэндийг хамгаалж, асуумж авна. Тусгай үүргийн нислэг энгийн нислэг биш. Онгоцонд хүмүүст халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулна. Ер нь энэ дэглэмийг сахиулахад тодорхой хууль дүрэмтэй учраас иргэд маань хүлээцтэй байх хэрэгтэй.

Зорчигчийн эрүүл мэндийн мэдүүлэг гээд 20 асуулттай асуумж бий. Энэ асуумжийн 15 дугаарт өөрт илэрч буй шинж тэмдгээ заавал бичих ёстой. Гэтэл иргэд асуумжид хайнга хандаад байна. Энэ мэдүүлгээ худлаа бөглөвөл холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Зарим зорчигчид мэдүүлгээ бөглөж байхдаа суудлын дугаараа буруу бичиж байна. Сая Турк улсын нислэгээр ирсэн COVID-19 халдвар авсан иргэн суудлынхаа дугаарыг буруу бичсэн байсан. Тухайн иргэний мэдүүлгийг шүүгээд ойрын халдвар авсан байх бололцоотой хүнийг судлахаар суудлын дугаараа буруу бичсэн нь тогтоогдсон. Хэрвээ та 6С суудал дээр суусан бол 6А гэж бичиж болохгүй шүү. Мөн сүүлийн 10 хоногт явсан улс, хотуудынхаа мэдээллийг заавал бичнэ. Ар талд нь дэлгэрэнгүй бич. Онгоцонд суухаас өмнө хувийн ариун цэвэртээ анхаарч, хоол ундаа тохируулах ёстой. Онгоцонд аль болох хөдөлгөөнгүй маскаа зүүж явах хэрэгтэй. Маскыг онгоцонд ороход нь тарааж өгнө. Эргээд тусгай саванд хаяна. Хэрвээ танд шинж тэмдэг илэрч байгаа бол нуун дарагдуулж, эм уух шаардлагагүй. Та өвдсөн л бол эртхэн мэдэж, эмчлэн тусгаарлах байр руу явж, шуурхай эмчилгээ хийлгэнэ. Эх орондоо онгоц газардахад бүгд босоод явчихгүй ээ. Асуумж ангилан явуулалтын дагуу нэг нэгээр нь нэрсийг нь дуудаж, буулгана. Тусгаарлан ажиглах хүмүүсийг урд, эмчлэн тусгаарлах иргэдийг арын хаалгаар буулгана. Суудлаа битгий солиорой.

“Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт иргэдийг тусгаарлах байрны багтаамж их хүндрэлтэй байна”

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр:

Гадаадаас ирэх хүмүүс хувийнхаа ариун цэврийн хэрэгслийг гартаа барих, эм тариагаа ойр авч явах хэрэгтэй. Бид тодорхой хугацаанд ачааг тусгаарлах учраас ачаанаас хувийн хэрэгслээ авна гэж их хандаж байна. Тиймээс хувийн зохион байгуулалтдаа анхаараарай. Бид гадаадаас ирэх иргэдийг хүлээн авах байрны судалгааг хийж байгаа. Шуурхай штабын бүрэлдэхүүн дөрвөн том бүлэгт хуваагдаад, ажлуудаа хариуцаад ажиллаж байна. Үндсэндээ Улаанбаатар  хотыг тойрсон, иргэдийг хүлээн авах боломжтой газруудынхаа судалгааг гаргачихсан. Дараагийн асуудал бол өчигдөр Улаан-Үдэ хотод Москвагаас 200 орчим Монгол хүн ирсэн. Одоо Алтанбулаг хилийн боомт дээр ирж байгаа байх. Дархан болон Орхон, Сэлэнгэ аймагт иргэдийг тусгаарлах байрны багтаамж их хүндрэлтэй байгаа. Гэсэн хэдий ч бид зохицуулахаар ажиллаж байна. Ард иргэд маань тайван байна гэдэг бол бидэнд үзүүлж буй хамгийн том дэмжлэг. Сэтгэл заслын заавар зөвлөмжийг гаргасан. Удахгүй эмнэлгийн байгууллага, тусгаарлах байруудад байрлуулж, хэвлэл мэдээллээр түгээнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж