"Засгийн газар Үндсэн хуулийн чадамжгүй болох аюул байна"

Хуучирсан мэдээ: 2020.03.26-нд нийтлэгдсэн

"Засгийн газар Үндсэн хуулийн чадамжгүй болох аюул байна"

Ч.Өнөрбаяр: Үндсэн хуулийг дээдэлнэ гэж найдаж байна.

Posted by News.mn on Wednesday, March 25, 2020

МУИС-ийн дэд профессор, хуульч, доктор Ч.Өнөрбаяр өнөөдөр /2020.03.26/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр "Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн тухай хууль тавдугаар сарын 25-наас эхлэн мөрдөгдөнө. Энэ нэмэлт өөрчлөлтөөр олон заалт хэрэгжиж эхэлсэн. Үүний нэг нь Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай юм. Ерөнхий сайд Засгийн газрын кабинетийн гишүүдээ УИХ-д танилцуулж, тангараг өргөнө. Ерөнхий сайд Засгийн газрын шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлыг тавдугаар сарын 25-наас өмнө УИХ-д оруулах ёстой.

Одоогийн Засгийн газрын гишүүд одоо 100 хувь давхар дээлтэй байгаа. Тавдугаар сарын 25-наас Ерөнхий сайдаас гадна дөрвөн гишүүн л давхар дээлтэй байж болно. Тэгэхээр хэнийгээ давхар дээлтэй үлдээх вэ гэдгээ шийдэх нь МАН-ын дотоод асуудал. Үндсэн хуулийн зарчим хэрэгжих ёстой. Хэрэв зөрчвөл Засгийн газраас гаргаж байгаа шийдвэр, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ Үндсэн хуулийн бус болж, хууль зөрчинө. Үндсэн хуульд нийцүүлэхээс өөр арга байхгүй.  Хуулийг дээдлэх нь төр засгийн үүрэг. Үндсэн хуулийнхаа дээгүүр давж гардаг ямар ч том албан тушаалтан байх ёсгүй. Бэлтгэл хангасан уу гэдэг эргэлзээтэй байгаа. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулиа ярихгүй байна” гэлээ.

Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.

-Ерөнхийлөгчийн өчигдрийн /2020.3.25/  мэдээлэлтэй холбоотойгоор сонгуулийг хойшлуулах эсэх асуудлыг юу гэж харж байна вэ?  

-Ерөнхийлөгчийн илгээлтийг өглөө харлаа. Зарим зүйл дээр санал нийлж байгаа. Тухайлбал, төсөвт тодотгол хийх. Би энэ талаар өмнө нь ч байр сууриа илэрхийлж байсан. Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, асуудлыг томоор ярилцаж, холбогдох хуулиудыг гаргаж, иргэдийн хандиваар асуудлыг шийдвэрлээд байж болохгүй гэдгийг хэлж байсан. Энэ санааг Ерөнхийлөгч илгээлтдээ тусгасан байна лээ. Мөн иргэд, бизнес эрхлэгчдийг дэмжих ёстой гэдэг дээр би санал нэг байгаа. Харин тусгай комисс байгуулна гэдэг нь юу л бол. Нөгөө нь та бүхний асуугаад байгаа ээлжит бус сонгуулийг хойшлуулах. Миний ойлгож байгаагаар тогтмол сонгууль гэдэг нь парламентын засаглалтай, Үндсэн хуультай орны үндсэн тулгуур нь. Үүнийг өөрчлөх асуудалд болгоомжтой хандах ёстой гэж харж байна. Нөгөө талдаа Монгол Улс буруу жишиг тогтоодог байж болохгүй. Өөрөөр хэлбэл, нэг асуудал гарвал сонгуулийг хойшлуулдаг жишигтэй болчих вий. Парламентын сонгууль нь ардчиллын дархлаа болохоор онцгой зүйл. Яагаад Үндсэн хуульд парламентын гишүүний бүрэн эрхийг дөрвөн жил гэж тусгаад байна вэ? Хэн нэгэн урт хугацаанд нэг албан тушаалд хадаатай байгаад байж магадгүй тул Үндсэн хуулиар энэ бүхнийг зохицуулдаг. Тиймээс Үндсэн хуульд заасан энэ хугацааг нарийн баримтлах нь зөв гэж бодож байна.

-Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчлэх хуулийг өргөн барих ёстой юу. Мөн Үндсэн хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор холбогдох хуулийг нийцүүлэх асуудал хөндөгдөж байгаа. Энэ бүхнийг одоогийн Засгийн газрын бүтцээр хэлэлцэх нь зөв үү?

-Шинэ Үндсэн хууль мөрдөгдөх гэж байхад хуучин Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан Засгийн газрын бүтэц өөрчлөгдөхөөс өөр аргагүй. Тиймээс Засгийн газрын шинэ бүтэц бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэхээс өөр аргагүй. Одоо байгаа 17  гишүүнээс аль дөрвийг нь авч үлдэх, хэнийг нь сул гишүүн болгоод явуулах нь өөрсдийнх нь мэдэх асуудал. Сонгууль дөхөж байна, мөнгө хэмнэе ч гэдэг юм уу янз бүрийн жижиг асуудал гаргаж ирээд Үндсэн хуулийн дээгүүр алхаж болохгүй. Үндсэн хуулийг ямар ч тохиолдолд мөрдөх ёстой. Үндсэн хуулийн 1.2-т төрийн үйлчилгээний үндсэн зарчим нь хууль дээдлэх гэж заасан болохоор энэ зарчмыг мөрдөнө гэж харж байна. УИХ-аас томилогддог, УИХ-ын өмнө хариуцлага хүлээдэг болохоор шинэ гишүүн нь тангараг өргөдөг. Энэ тангарагт юуг тусгасан, тангаргаа биелүүлээгүй бол чөлөөлөх зэргээр хариуцлага тооцдог зүйл байх ёстой. Тиймээс шинэ гишүүдийн өргөх тангаргийг Ерөнхий сайд одоо олон нийтээр хэлэлцүүлж, санал авах ёстой. Мөн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний хуулийн төслийг ил болгох ёстой.

-Шинэ Үндсэн хуулийг дагаж батлагдах хуульд одоо байгаа Засгийн газрын бүтцийг сонгуулийн дараа өөрчлөх байдлаар тусгаж болох уу?

-Одоо ямар ч боломжгүй. Үндсэн хуулийг дагаж мөрдөх ёстой хуулиудыг ч мөн адил баталсан. Хуульд улс төрийн намтай холбоотой асуудлыг 2028 оноос эхлэн мөрдөнө. Өөрөөр хэлбэл, нийт сонгогчдын нэг хувьтай тэнцэх гишүүнтэй намыг улс төрийн намаар бүртгэхээр болсон. Үүнд тодорхой хугацаа шаардагдана. Мөн Дархан, Эрдэнэтийг улсын чанартай хот болгох асуудлыг ч тусгасан байна лээ. Миний дээр дурдсан Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, гишүүдийн давхар дээлийг тайлах, шинэ гишүүдийн тангараг өргөхтэй холбоотой  асуудлууд тавдугаар сарын 25-наас эхлэн мөрдөгдөхөөс өөр аргагүй. Мөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж бий. Энэ хуульд зааснаар Үндсэн хуульд холбогдох заалтыг өөрчилсөн бол найман жилд дахин хөнддөггүй. Үндсэн хуульд Монгол Улс бүхэлдээ багтаж байгаа. Тоглоом биш болохоор байнга өөрчлөөд байж болохгүй. Тиймээс шинэчлэгдсэн Үндсэн хуулийг ягштал мөрдөж, дагахаар өөр аргагүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж