Хоёр жилийн өмнөх 2018 оны Мет Галагийн улаан хивсний ёслолын үеэр хүн бүрийн анхаарлыг татаж, нүдийг хужирласан нэгэн хос ирсэн нь орчин цагийн Леонардо Да Винчи гэгддэг Элон Маск, Канадын алдарт дуучин Граймс нар байсан билээ. Тэдний болзож эхэлсэн талаарх мэдээ бизнесийнхэн төдийгүй хөгжмийн ертөнцийнхнийг ч гайхашруулаад амжсан юм.
Түүнээс хойш хосууд олон зүйлийг хамтдаа туулж, салахдаа ч тулж байсан удаатай. Харин саяхан Граймс, Элон Маск хоёр хүүхэдтэй болсноо нийтэд зарласан. Энэ удаагийн "Хүмүүс" буландаа Канадын алдарт дуучин Клейр Элис Боушерыг танилцуулж байна.
Граймс гэж хэн бэ?
Клейр Элис Боушер 1988 оны гуравдугаар сарын 17-нд төржээ. Тэрбээр Граймс гэх тайзны нэрээрээ алдаршсан Канадын хөгжимчин, дуучин, продюсер зэрэг урлагийн олон талын авьяас цогцлоосон нэгэн. Түүний уран бүтээлүүдийг dream pop, R&B, electronic music, hip hop гэх зэрэг урсгалд хамааруулж болох юм.
Граймс бага насаа Канадын Бритиш Колумб мужийн Ванкуверт өнгөрөөжээ. Бага наснаасаа л хөгжим сонирхдог байсан бөгөөд Монтреалийн МакГилл их сургуульд урлагийн чиглэлээр суралцан, 2000 оноос хөгжим бичиж эхэлжээ. Удалгүй түүний найз Граймсыг хамтлагтаа дуулуулсан нь чадварлаг дуучин болж чадах итгэлийг төрүүлсэн гэдэг. Мөн нэг найз нь түүнд хэрхэн дуу бичихийг зааж өгснөөр Клейр бие даан дууны хөгжим зохиож эхэлсэн байна.
Уран бүтээл
Анх 2010 онд Арбутус рекордст "Geidi Primes", "Halfaxa" гэх хоёр цомог зөвхөн кассет дээр бичүүлж байсан бөгөөд уран бүтээлдээ анхаарахын тулд сургуулиасаа гарчээ. Хоёр жилийн дараа буюу 2012 онд гаргасан "Visions" гурав дахь цомог нь түүнд асар их нэр хүнд авчирч, сүүлийн арван жилд гарсан хамгийн шилдэг цомог хэмээн нэрлэгдсэн юм.
Түүнээс хойш асар их нэр хүндийн эзэн болсон Граймс 2013 онд Jay-Z-тэй хамтран ажиллаж эхэлжээ. 2015 онд дөрөв дэх цомог "Art angels"-аа хэвлүүлсэн нь мөн л шүтэн бишрэгчдийнхээ талархлыг хүлээсэн юм. Хамгийн сүүлд өнгөрсөн оны хоёрдугаар сарын 21-нд тав дахь цомог "Miss Anthropocene" худалдаанд гарчээ.
Граймсын цомгууд жил жилийнхээ шилдгээр нэрлэгдэж, олон шагнал хүртсээр ирсэн. Түүгээр ч зогсохгүй мэргэжлийнхэн түүнийг өндрөөр үнэлж, маш сонирхолтой хэмээн үздэг нь олон сэтгүүлийн нийтлэлээс харагддаг билээ.
Тэрбээр зөвхөн дуулахын хажуугаар олон дуучдыг продюсерлаж, шинэ, залуу эмэгтэй уран бүтээлчдийг төлөөлөх дуу хоолой болдог гэнэ. Түүнээс гадна Граймс видео тоглоомчин гэдгээрээ алдартай. Тоглоом тоглож буй онц сонирхолтой бичлэгийг нь үзсэн тоглоомчид эрхгүй уран бүтээлийг нь сонирхон, сонсогчдынх нь тоог нэмдэг байхыг ч үгүйсгэх аргагүй.
Хайр дурлал
Клейр анх Масктай твиттерээр танилцжээ. Маск түүний уран бүтээлээрээ гаргаж ирсэн Рококо Басилиск гэх дүрийн хиймэл оюун ухааны талаар наргиа хийхээр анх Клейр лүү зурвас бичсэн ч хариуд нь хэлэх үггүй болтлоо лекц уншуулсан гэнэ.
Түүний дараа Граймс өөрийн твиттертээ Элон Маскыг өмөөрсөн утгатай үзэл бодлоо нийтэлсэн юм. Түүний нийтлэлд "Маск өөрийн ажилчдаа үргэлж дэмжиж ажилладаг. Түүний эсрэг хийж байгаа мэдээллүүд бүгд худлаа. Би түүнийг сайн мэдэж байна. Тэр байтугай би түүний үйлдвэр дээр очиж үзсэн" хэмээн бичжээ. Уг нийтлэл нь Граймсын төсөөлөөгүй олон хүний анхаарлыг татаж, тэдний тухай цуу яриа дэгдэж эхэлсэн аж.
Гэвч удалгүй 2018 оны дөрөвдүгээр сард Маск инстаграмаа устгаж, твиттерээрээ Граймсыг дагахаа больсон нь хосыг салсан гэх хардлага шүтэн бишрэгчдэд нь төрүүлсэн юм. Харин аравдугаар сард нь хосууд эргэн нийлжээ. Граймс Маск болон түүний таван хүүтэй хамт чөлөөт цагаа өнгөрөөн гадуур явж байгааг нь хүмүүс харж, Маск твиттерээрээ Граймсыг дахин дагасан байна.
Түүнээс хойш 2019 оны гуравдугаар сард Граймс дахин шүтэн бишрэгчдэдээ эргэн ирж, өөрийгөө цаашид "C" гэх нэрээр уран бүтээлээ туурвихаа зарлахын сацуу Элон Маскыг "супер сонирхолтой хүн" хэмээн тодорхойлжээ.
2019 оны арваннэгдүгээр сард Маск Теслагийн шинэ машин Кибертракаа танилцуулахдаа нууцлаг кибер-охины холограм ашигласан нь үнэндээ Граймстай маш адилхан харагдаж байсан юм.
Хоёр сарын өмнө Граймс өөрийн нүцгэн зургаа инстаграм, твиттертээ нийтэлж, жирэмсэн болсноо нийтэд зарлажээ.