УБТЗ-ын тээврийн тариф салбарын хөгжилд саад болж байна

Хуучирсан мэдээ: 2020.03.26-нд нийтлэгдсэн

УБТЗ-ын тээврийн тариф салбарын хөгжилд саад болж байна

УБТЗ-ын тээврийн тариф салбарын хөгжилд саад болж байна

Өнөөдөр такси ямар үнэтэйг хүн бүхэн мэдэж байгаа.Тэгвэл галт тэрэг 1 километр нь 30 төгрөгөөр үйлчилдэг.  Ийм хямд үнэтэй нийтийн тээвэр гэж Монголд л лав өөр  байхгүй. Жуулчдад нэг морь, тэмээ унуулж хэдэн метр хөтөлж явж ирээд л 5000 төгрөг авах жишээний байдаг атал төмөр замын тээврийн тариф нь ийм хямд байдаг нь ямар учиртай вэ? Монгол Улсын хөгжлийг 70 жил нуруун дээрээ тээж авч яваа “Улаанбаатар төмөр зам” ХНН эсвэл тийм мөнгөө багтааж ядсан баян газар уу? Гэтэл УБТЗ-ын Зорчигч тээвэр нь жил бүр 25-30 тэрбумын алдагдал хүлээдэг гэсэн байх юм. Коронавирус гарч хөл хорио тогтоож, зорчих хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотойгоор энэ алдагдал бүр талийж өгч байгаа бололтой. УБТЗ ганц энэ жил ч биш олон жилийн өмнөөс ийнхүү алдагдал хүлээж ирсэн  учир нь үеийн үед дээрээс тээврийн тарифыг нь барьж ирсэнтэй холбоотой. Гэсэн атлаа улсаас ямар нэг татаас дэмжлэг байхгүй ноль. Энэ байдал нь УБТЗ-ын Зорчигч тээврийн салбарыг унагахад хүрч хоцрогдолд хүргэжээ. Суудлын вагонуудынх нь ихэнх нь аль давингарын 70-80-аад оны хуучин вагонууд. Бүгд моралын болон металын элэгдэл, ядаргаанд орчихсон. Өтгөн шингэнээ шууд доошоо савируулж явдаг вагон одоо дэлхий дээр цөөхөн үлдсэн байх. Энэ бол нэг л жишээ. Харин УБТЗ-ын хамт олон зорчигч үйлчлүүлэгчиддээ бүхий л чадлаараа үйлчлэхийг хичээж байгааг хэлэх нь зөв болов уу. Үйлчилгээгээрээ лав л хөрш орнуудаасаа илүүг явж үзсэн хүмүүс нь харьцуулж ярьдаг юм билээ.

Жилдээ 20-30 тэрбумын алдагдалтай юм бол яагаад дампуураад зогсчихдоггүй юм бэ гэж та гайхаж байгаа байх. Хувийн бизнесийн байгууллага байсан бол аль хэзээний дампуураад дуусах байсан нь лавтай. Ийм ашиггүй бизнесийг авч яваад байх ч үгүй, дор нь зогсооно. Харин УБТЗ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд алдагдлаа дамжин өнгөрөх транзит тээврийн орлогоосоо нөхөж иржээ. Урд хормойгоо хойт хормойгоороо нөхнө гэдэг билүү, яг тийм аргаар.

УБТЗ ганц зорчигч тээвэр дээр ч ийм алдагдал хүлээгээд зогсохгүй орон нутгийн нүүрсний тээвэр, нефть нефтийн бүтээгдэхүүн, барилгын болон мод модон материал, хүнсний бүтээгдэхүүн, гэр ахуйн хэрэглэл зэргийг өндөр алдагдалтайгаар тээвэрлэгддэг байна. Энэ нь бас л дээрээс тогтоосон хатуу тарифтай холбоотой.

Ер нь УБТЗ-д нийгмийн хариуцлага гэсэн  нэг том малгай бий. Өөрт нь зохихгүй томдсон малгайг заавал өмс гэдэг. Өмсмөөргүй байсан ч авч болдоггүй. Нийгмийн хариуцлага гэдэг юм аль ч байгууллагад байх ёстой зүйл. Гэхдээ даахын аргагүй хариуцлагыг үүрүүлж болохгүй байх. Ядаж л алдагдлыг нь багасгахад анхаарахгүй бол УБТЗ-д шинэчлэл гэдэг юм явахгүй нь.

Өнөөдөр дотооддоо 1 километрт 30 төгрөгөөр үйлчилж байгаа УБТЗ-ын зорчигч тээврийн тарифыг 52 төгрөг болгоход л алдагдалгүй ажиллах тооцоо байдаг аж. Энэчлэн УБТЗ-ын бусад төрлийн тээврийн тарифыг нь ч эргэж харах цаг хэдийнэ болжээ.

УБТЗ-ын тээврийн алдагдлыг арилгах нь эцсийн дүндээ иргэдийн тав тухтай зорчих нөхцөлийг хангаад зогсохгүй Монгол Улсын хөгжилд чухал үүрэгтэй төмөр замын салбарын хөгжил шинэчлэлд чухал алхам болох юм..

Ц. БИЛГҮҮНБАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
9
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж