АНУ-д нэг хоногийн дотор “covid-19”-ийн 11,192 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь тус улсад халдвар бүртгэгдсэнээс хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Ингэснээр өнөөдрийн байдлаар /2020.03.26/ тус улсад нийт халдвар авсан хүний тоо 66 мянга давж, нас барагсдын тоо 164-өөр нэмэгдэж 944 болоод байна. АНУ халдвар авсан хүний тоогоор Хятад, Италийн дараа гуравдугаарт бичигдэж байна.
Түүнчлэн Европ тивд шинэ коронавирусийн тахлын хоёр дахь том төв болоод байгаа Испани улсад сүүлийн 24 цагийн дотор 738 өвчтөн нас барснаар нийт эндэгдлийн тоо нь 3,434 хүрсэн нь нийт нас баралтаар Хятад улсыг ардаа орхиж байна.
Испани улсын иргэд 11 дэх өдрөө хөл хорионы дэглэмд байгаа ба тус улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 47,610 хүрсэн нь Хятад, Итали, АНУ-ын дараа дэлхийд дөрөвт бичигдэх үзүүлэлт болж байна. Европ тивийн коронавирусийн тархалтын хамгийн том төв болоод байгаа Итали улсад өчигдөр 683 өвчтөн нас барж, 5,210 халдварын шинэ тохиолдол бүртгэгджээ.
Үүнээс гадна Азийн орнуудаас Өмнөд Солонгост байдал тогтвортой байгаа ба 100 шинэ тохиолдол брүтгэгдэж, зургаан хүн нэмж нас баржээ. Харин Япон улсад халдварын тархалт огцом нэмэгдэх хандлагатай болж нэг өдрийн дотор 114 шинэ тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барсан байна.
Дэлхий даяар коронавирусийн халдвар авсан хүний тоо 468,905-д хүрсэн бол нас барсан өвчтөний тоо 21,200 хүрээд байна. Харин халдвар аваад эдгэрсэн хүний тоо 114,218 байна.
Халдварын тоогоор тэргүүлж буй улс орнуудын мэдээлэл /2020.03.26/
Эх сурвалж: Worldometers