Эрх баригчид яг одоо улсаа бодоод төсвөө тодотгох уу, сонгуулиа бодоод төсвөө цацах уу гэдэг сонголтын өмнө ирээд байна.
Covid-19-ийн уршгаар Монголд сар хүрэхгүй хугацаанд 500 шахам аж ахуйн нэгж цомхотгол хийжээ. Цаг алдалгүй хямралыг сааруулах арга хэмжээ авахгүй бол компаниуд хаалгаа барьж, ажилгүй, орлогогүй иргэдийн тоо нэмэгдэн, эрсдэл улам хүндээр тусах болно гэдэг анхааруулгыг эдийн засагчид өгч эхэлсэн.
Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “2020 оны төсөвт тодотгол хийхгүй” гэж гүрийсээр… Цаад санаа нь Увс, Хэнтий аймагт хуваарилсан хөрөнгө оруулалтын зардлыг тануулахгүй гэсэн арга нь болов уу.
Учир нь, Засгийн газар 2020 оны төсвийн төслийг боловсруулахдаа Хэнтий аймагт 139 тэрбум, Увс аймагт 75 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр суулгасан нь хэл ам таталж, эдийн засагчид шүүмжилсэн ч УИХ дийлэлгүй, баталж өгсөн. Одоо харин онцгой нөхцөл байдал үүссэн учраас Хэнтий аймгийн төсвөөс эхлээд танаж яагаад болохгүй гэж. Дээрх аймагт хуваарилсан хөрөнгө оруулалтад хөшөө дурсгал барих ажлууд нэлээд тавигдсан.
Дэлхий даяар цар тахал дэгдсэнээс Монгол Улсын экспортын орлого тасалдаж, гадаадын хөрөнгө оруулалт хасах зааж, аж ахуйн нэгжүүд цомхотгол хийж байхад ганц аймаг бусдаасаа давуу эрх эдлэн 139 тэрбумыг зарцуулна гэдэг бол энэ хүнд цаг үед жинхэнэ татвар төлөгчдийн мөнгөөр туйлсан хэрэг болно. Сонгуулийн дүнд ч сайнаар нөлөөлөхгүй. Хэнтий, Увсад нэр дэвшсэн нь санал авч чадаж болох ч Монгол Улсад цаана нь 19 аймаг, 1.4 сая иргэн амьдарч буй нийслэл байгааг санахад гэмгүй биз.
Мөн Хэнтий аймагт өнгөрсөн 2019 онд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нийлээд 140 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа тухай Засаг дарга Н.Ганбямба нь мэдэгдсэн. Нэг үгээр хэлбэл, сүүлийн хоёр жил дараалан хамгийн өндөр хөрөнгө оруулалтын ажлыг татаж чадсан аймаг гэж тодорхойлж болно.
Засгийн газар энэ мэтчилэн хөшөө дурсгал, сум, баг хороонд баригдах соёлын төв, клубын барилгын ажлыг хойшлуулж, тэвчиж болох бүх зардлуудыг танан, аж ахуйн нэгжүүдээ дэмжихэд зориулбал ажилгүйдлийг зогсоох боломжтой.
Өнөөдөр монголчуудад зээлийн хүүг 1 хувь руу буулгаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэдийг орон сууцанд оруулах тухай “үлгэр”-ээс илүүтэй энэ хүнд цаг үед үрэлгэн зардлуудаа танаад хувийн хэвшлүүдээ дэмжих хөтөлбөр хамгаас чухал байна.
Хаврын чуулган эхэлсэн даруйд ирэх дөрөвдүгээр сардаа багтаагаад төсөвтөө тодотгол хийн 2 их наядын алдагдлаа бууруулж, үрэлгэн зардлуудаа танан хэрэгтэй газарт нь байршуулж дэмжлэг болговол тэр л жинхэнэ хямралыг давах амь тариа болно.
Covid-19-өөс болж, Хятад улсын эдийн засгийн өсөлт 4.4 хувиар, дэлхийн эдийн засгийн өсөлт 2 хувиар буурсан тухай эдийн засагчид сануулж буй. Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар Хятадын эдийн засаг 1 хувиар саарахад Монголын эдийн засаг дагаад 0.8 хувиар саарна гэсэн эмпирик судалгаанууд гарч байсан. Дэлхий хавтгай болсон цаг үед хямралд одооноос л бэлтгэж, арга хэмжээ авахгүй бол хувийн хэвшлүүд хавтгайгаараа хаалгаа баривал татварын орлого бүрдэхгүй, Монголоор нэг ажилгүй, орлогогүй иргэд болж, төрийн албан хаагчид нь цалингүй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь тэтгэвэр, тэтгэмжээ авч чадахгүй болно. Энэ бүхний ард Монгол хүний амьдралын чанар л доройтно.
Дэлхийн улс орнууд Covid-19-өөс улбаатай хямралыг даван туулахын тулд иргэддээ бэлэн мөнгө тараахаас эхлээд популист шийдвэрүүд хэрэгжүүлж эхэлж байна. Монголын хувийн хэвшлүүд Засгийн газраасаа бэлэн мөнгө хүсээгүй, төсөвт тодотгол хийгээд зохицуулалт хийгээд өгөөч, боломж байвал зээлийн хүүг бууруулаад, ажлын байраа хадгалаад үлдэх боломжийг олгооч, татварын хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлж, туслаач ээ гэдэг хүсэлт л тавьж буй.
Шийдэх эсэх нь эрх баригчдын мэдлийн асуудал болж хувираад байна. Гэхдээ хэлсээр байхад төсөвтөө тодотгол хийхгүй гүрийсээр эдийн засгаа хүнд байдалд оруулбал улсаараа л элэгдүүлнэ.
Эдийн засгийн хямралын сүүдэр ирэх зургадугаар сар орчмоос хамгийн хүндхэн тусаж мэдэхээр буй. Ийм прогнозыг судлаачид гаргасан. Уг нь Монгол Улсын эдийн засаг тэрбум гаруй хүн амтай Хятад, 150, 160 сая хүн амтай Япон зэрэг оронтой харьцуулшгүй жижиг. Тохирсон арга хэмжээ авахад хямралыг хохирол багатай давах боломжтой.
Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Чойжилсүрэн Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах болсон учир шалтгааныхаа талаар “Бид намаа хоёрт, улсаа нэгд тавьж энэ сонголтыг хийлээ” хэмээн тайлбарласан удаатай.
Харин энэ удаад У.Хүрэлсүхийн танхим улсаа бодох нь уу, сонгуулиа бодох нь уу гэдгийг ард түмэн, аж ахуйн нэгжүүд харах л үлдлээ.
Г.ХОРОЛ