Монголчууд Анод болон Капитал банкны дампуурлыг хамгийн сайн мэднэ. Гэхдээ эдгээр банкуудын дампуурлын асуудал хэрхэн шийдвэрлэгдсэн, хөрөнгө оруулагч, харилцагч, зээлдэгчдийн асуудлыг хэрхэн хохирол багатай зохицуулсан талаарх мэдээлэл хомс. Тэгвэл энэ асуудлыг 1997 онд батлагдсан Дампуурлын тухай хуулиар зохицуулж иржээ. Харамсалтай нь, энэхүү хуулиар дампуурсан аж ахуй нэгж, хохирсон хөрөнгө оруулагч, харилцагч нарын асуудлыг зохицуулах гэхээсээ илүүтэй шууд татан буулгах асуудлыг чухалчилдаг байв. Мөн зарим аж ахуй нэгж дампуурсан хохирлоо барагдуулах хэмжээний хөрөнгөтэй ч зохиомол дампуурлыг бий болгох ч хандлагатай байж болзошгүй гэсэн судалгаа гарчээ. Тодруулбал, Дампуурлын тухай хуульд хийсэн судалгаанаас үзвэл, 39 дампуурлын хэрэгт нийт 95 нэхэмжлэгч оролцсон байх бөгөөд эдгээр нь нийт 20.7 тэрбум төгрөгийн шаардлага гаргаснаас 1 хувь орчим нь хангагджээ.
Мөн 2004 оноос 2016 оны эхний хагас жил хүртэл шүүхээс дампуурлын хэргийг хянан шийдвэрлэсэн статистик үзүүлэлтээр дампууралтай холбоотой шийдвэрлэгдсэн нийт 174 хэргийн зөвхөн долоон тохиолдолд дахин хөрөнгөжүүлэх шийдвэр гарсан нь нийт дампуурлын хэргийн дөнгөж 4.02 хувийг эзэлж байна. Үүнээс үзэхэд дампуурлын ажиллагааг зөвхөн өр төлбөрөөс чөлөөлөгдөх арга хэрэгсэл гэсэн агуулгаар хэрэглэх хандлага ажиглагдаж байна. Мөн 2006-2016 онд шүүхээр шийдвэрлэсэн 39 хэргийн хүрээнд хийсэн судалгаанд дурдсанаар дампууруулах, татан буулгах хүсэлт 37, дахин хөрөнгөжүүлэх хүсэлт хоёр иржээ.
Төлбөрийн чадвартай эсэхийг тогтоох ажиллагаагаар 29 хэрэгт төлбөрийн чадваргүй нь тогтоогдож, нэг хэрэгт төлбөрийн чадвартай нь тогтоогдож, хэргийг хэрэгсэхгүй болгоход хариуцагч гомдол гаргасан аж. Төлбөрийн чадвартай атлаа дампуурах хүсэлт гаргаж байгаа нь хариуцагчийг зохиомлоор дампуурах сонирхолтой байна гэж үзэх үндэслэл болохыг үгүйсгэх аргагүй гэдгийг хуулийн төсөл боловсруулагчид үзэж байгаа юм.
Дампуурлын тухай хуулийн хэрэгжилт
он | Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх | Хариуцагчийг татан буулгах | Бусад |
2005 | – | 4 | 2 |
2006 | – | 51 | 1 |
2007 | – | 3 | 3 |
2008 | – | 17 | – |
2009 | – | 1 | – |
2010 | – | – | 1 |
2011 | 1 | 2 | 4 |
2012 | – | 2 | – |
2013 | – | 7 | 4 |
2014 | 1 | 8 | 4 |
2015 | 3 | 7 | 6 |
Нийт | 5 | 102 | 25 |
Үүний зэрэгцээ, Монголд бүртгэлтэй 185 мянган аж ахуй нэгжээс 90 гаруй мянга нь ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа нь доголдсон буюу дампуурлын нөхцөл бүрдчихсэн байдаг гэсэн судалгаа байна.
Мөн Дэлхийн банкны эрхлэн гаргасан 2019 оны Бизнес эрхлэлтийн индексээр Монгол Улс 190 орноос 81-т орж, өмнөх 2019 онтой харьцуулахад долоон байраар ухарсан үзүүлэлттэй байна. Үүнээс хамгийн сул хоёр үзүүлэлт нь “Эрчим хүчинд холбогдох” – 152-т орсон бол “төлбөрийн чадваргүйдлийг шийдвэрлэх” -150-д эрэмбэлэгджээ.
Аж ахуй нэгжийн дампуурал зөвхөн тухайн компанийн асуудал биш, харилцагч, үйлчлүүлэгч, хөрөнгө оруулагч, түншлэгч, зээлдэгч гэх мэт бизнесийн оролцогч бүх талуудын эрх ашгийг хөнддөг тул хаана, хаанаа хохирол багатай шийдвэрлэхэд хуулийн маш нарийн зохицуулалт шаардлагатай байдаг.
Энэ нь бодит байдал дээр төлбөрийн чадваргүй болсон эсэх нь тодорхой бус байдлаар иргэний эрх зүйн үүрэг, хариуцлагаа умартах явдлыг эрх зүйн арга хэрэгслээр таслан зогсоохгүй байгаа нь өрийн сүлжээ үүсгэх, эдийн засгийн харилцаан дахь итгэлцлийг бууруулах зэрэг сөрөг үр дагавартай юм. Иймээс 1997 онд батлагдсан Дампуурлын тухай хуулийг “Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль” гэж нэрийг нь өөрчлөн шинэчлэн найруулжээ.
Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Дампуурлын тухай хуулиар тогтоосон шалгуур үзүүлэлтийн стандартыг дараах байдлаар жишээгээр тайлбарлаж болно.
А компанийн балансад туссан биет болон бие бус хөрөнгийн дүнг 10 сая төгрөг, бусдад төлөх нийт өр 8 сая төгрөг гэж үзвэл өөрийн хөрөнгийн хэмжээ 2 сая төгрөг байна. Улмаар тус хөрөнгийн 10 хувь нь 200 мянган төгрөг байх бөгөөд түүнээс дээш хэмжээний үүргээ А компани хугацаандаа биелүүлээгүй бол төлбөрийн чадваргүй болсон гэх хууль зүйн үндэслэл бүрдэх юм.
Харин Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслөөр төлбөрийн чадваргүй гэж үзэх шалгуур үзүүлэлтийг дээрхтэй нэгэн адил жишээгээр илэрхийлбэл:
А компанийн балансад тусгагдсан нийт хөрөнгө 10 сая төгрөг, нийт өр нь 8 сая төгрөг байгаа нь төлбөрийн чадваргүйд тооцох нэг шаардлага буюу өр нь балансын 50 хувиас хэтэрсэн байх шалгуур үзүүлэлтийг хангаж байна. Гэвч А компанийг төлбөрийн чадваргүйд тооцохын тулд энэ үзүүлэлтээс гадна бусдад төлөх их, бага аль ч хэмжээний өрөө 6 сараас дээш хугацаагаар төлөөгүй байх шалгуур үзүүлэлтийг А компани хангасан байх ёстой болж байна.
Одоогийн хуулийн зохицуулалтаас ялгаатай тал нь бусдад төлөөгүй байх өрийн доод хэмжээг зааж өгөөгүй боловч ямар ч хэмжээний бай тодорхой өрийг 6 сарын хугацаанд төлөөгүй байх хугацааны босго тавьж өгсөн байна.
Түүнчлэн одоогийн хуульд хуулийн этгээдийн баланс дахь өр, авлагын харьцааг шалгуур болгоогүй бол төслийн зохицуулалтад компанийн өр авлагын харьцааг “хөрөнгийн 50 хувиас хэтрэх” гэсэн хэмжүүрээр тогтоосон нь нилээд анхаарал татахуйц шалгуур болжээ.
Практикт энэ стандарт олон компанийг төлбөрийн чадваргүй гэж үзэх нөхцөл байдал хүргэх магадлалтай байгаагаараа одоогийн хүчин төгөлдөр хуулийн зохицуулалтаас ялгагдаж байгаа юм.
Зах зээлийн эдийн засгийн харилцааны нэг үзэгдэл болох дампууралтай холбоотой асуудлыг нарийвчлан үзэж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгосноор хуулийн этгээд болон иргэд, хөрөнгө оруулагчийн хооронд өрийн сүлжээ дарамт үүсэх явдлыг тодорхой хэмжээгээр хязгаарлах, санхүү, зах зээлийн харилцааны ил тод байдал, хариуцлага сайжирч, ажилгүйдлийг бууруулах, бизнес эрхлэлтийг дэмжих, түүнчлэн нийт эдийн засгийг цэвэршүүлэх ач холбогдолтой юм.
ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙДЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ОНЦЛОХ ЗААЛТ
- Хуулийн үйлчлэх хүрээнд хамаарах хуулийн этгээдийн төрлийг нарийвчлан ялгаж, банк, банк бус санхүүгийн байгууллага, үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан зохицуулалттай этгээдийн ихэнх төрөлд тус хууль үйлчлэхгүй байхаар тодорхой заажээ.
- Төлбөрийн чадваргүйдлийн харилцаанд урьдчилсан төлбөрийн ойлголтыг нэвтрүүлсэн бөгөөд хэрэг гүйцэтгэгчийн хөлс төлбөрөөс голчлон бүрдэх энэ төрлийн ажиллагааны зардлыг төлбөрийн чадваргүй үүрэг гүйцэтгэгч хариуцах чадвартай байх анхан шатны шаардлагыг хуульчилсан. Ингэснээр хэрэг гүйцэтгэгчийг хөлс төлбөртэй ажиллах, улмаар чиг үүргээ хариуцлагатай гүйцэтгэх, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа сүүлийн хэдэн жилийн турш үйл ажиллагаа явуулахаа больсон хуулийн этгээдийг бүртгэлээс хасах зорилготой, санаатай дампуурлыг нуун дарагдуулах нэр төдий ажиллагаа бус харин санхүүгийн чадавхиа сэргээхийг хүссэн хуулийн этгээдийг дэмжих, эсхүл нэхэмжлэгчдийн эрх ашгийг тэгш хангах зорилготой төлбөрийн чадваргүйдлийн харилцаа жинхэнэ утгаараа хэрэгжих боломж бүрджээ.
- Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх хүсэлт гаргах үүргийг төлбөрийн чадваргүй болсон хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтанд оногдуулж хуульчилснаараа санхүүгийн бэрхшээлтэй нөхцөл байдлаа удаан хугацаанд нуун дарагдуулах, байдлыг улам хүндрүүлэх, татан буулгахаас өөр шийдэлгүй болгох нөхцөл байдал бий болгохгүй байхад ач холбогдолтой болсон.
- Төсөлд туссан хэрэг гүйцэтгэгчийн хуваарилагдах хөрөнгийг удирдах, захиран зарцуулах эрхийн хүрээнд дан ганц байгуулсан хэлцлийг үргэлжлүүлэх цуцлах, дуусгавар болгох асуудлаар шийдвэр гаргах эрхээс гадна хөрөнгийг худалдах, хуваарилах ажиллагаа хамаарна. Төслийн зохицуулалтын дагуу энэ ажиллагааны хүрээнд хуваарилагдах хөрөнгийг худалдахдаа барьцаат хөрөнгө ба бусад хөрөнгө гэх үндсэн хоёр ангиллаар ялгамжтай зохицуулалтыг бий болгосон. Үзэл баримтлалын дагуу хуваарилагдах хөрөнгөд барьцаат хөрөнгө үл хамаарах бөгөөд энэ ч агуулгаар барьцаат хөрөнгийг худалдан борлуулахад хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө мөн эсэхээс шалтгаалан барьцаат бус хөрөнгийг худалдахаас ялгамжтай зохицуулат үйлчлэх юм. Хөрөнгийг худалдах ажиллагаа нь татан буулгах ажиллагааны хүрээнд ихэвчлэн хийгдэх онцлогтой бол хуваарилах ажиллагаа гагцхүү татан буулгалтын үед хийгдэнэ.
- Шинэ хуулийн төсөлд дахин зохион байгуулалтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх, санал өгөх, өөрчлөлт оруулах, батлах процесс, төлөвлөгөөний агуулгад тавигдах шаардлага, төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хяналт тавих процессыг нарийвчлан зохицуулж өгчээ. Түүнчлэн төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор төлбөрийн чадваргүй этгээдэд хийсэн аливаа санхүүжилтийг эрэмбийн хувьд энгийн нэхэмжлэлийн шаардлагаас өмнө тавьсан нь төслийн томоохон ач холбогдолтой зохицуулалтын нэг болсон гэж хуулийн төсөл боловсруулагчид үзжээ.
Харин төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны зардлаа нөхөх боломжгүй хуулийн этгээдийг татан буулгахтай холбоотой төсөв хөрөнгийн асуудлыг Засгийн газраас хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүйтэй холбоотойгоор энэ төрлийн харилцаанд тус хууль үйлчлэхгүй байхаар зохицуулжээ.
Холбоотой мэдээ