“Зарим чиглэлийн автобус тавхан зорчигчтой явж байна”

Хуучирсан мэдээ: 2020.03.26-нд нийтлэгдсэн

“Зарим чиглэлийн автобус тавхан зорчигчтой явж байна”

“Зарим чиглэлийн автобус тавхан зорчигчтой явж байна”

Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор нийтийн тээврээр зорчигчдын тоо 70-100 мянгаар буурчээ. Ингэснээр нийтийн тээврийн ачаалал эрс багассан гэдгийг албаныхан хэлж байна. Ингээд нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаагаас зарим зүйлийг тодрууллаа.


-Өндөржүүлсэн бэлэн байдлын үед нийтийн тээврийн хэчнээн автобус иргэдэд үйлчилж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд 740 автобус үйлчилж байна. Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу төрийн албан хаагчид, үйлдвэрлэл үйлчилгээний ажилчдад саад учруулахгүй байхаар зохицуулж, зохион байгуулах чиглэл өгсөн. Гэхдээ нийтийн тээврийн үйлчилгээ ердийн цагийн хуваариараа явж байгаа. Тодруулбал, ажлын өдрүүдэд өглөөний 06.30 цагаас оройн 23.00 цаг хүртэл үйлчилнэ гэсэн үг. Харин амралтын өдрүүдэд өглөөний 08.00 цагаас оройн 22.30 минут хүртэл иргэдэд үйлчилж байна.

Хамгийн гол нь автобусны  тоо цөөрөхөөр хүлээлтийн хугацаа 15-20 минут болж нэмэгдсэн. Мэдээж өмнө нь 10 автобус явж байсан чиглэлд найман автобус үйлчилбэл хэдэн минутаар удаан хүлээх нь ойлгомжтой. Зарим чиглэлд 10 минутын зайтай хүлээлгэх ч тохиолдол байгаа.

-ХӨСҮТ-ээс нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхдээ хоёр метрийн зайнд зогсох зөвлөмжийг өгч буй. Зорчигчдын тоо буурсантай холбоотойгоор хамгийн багадаа нэг автобусанд хэдэн зорчигч үйлчлүүлж байгаа бол?

-Бид нийтийн тээврээр зорчигчдын судалгааг өглөө, оройдоо гаргаж байна. Өмнө нь нийтийн тээврээр нэг өдөрт 400 мянга гаруй зорчигч үйлчлүүлдэг байсан бол одоо 250-300 мянган зорчигч үйлчлүүлж байна. Нэг автобусны нэг рейст зорчиж буй зорчигчдын тоог судалгаанаас харахад зарим үед тавхан зорчигчтой явж байна. Ид ачаалалтай ажил эхлэх, тарах цагаар гэхэд нэг автобусанд 20-25 зорчигч үйлчлүүлж байна. Бусад цагаар нийт зорчигчийн тоо эрс буурсан.

-Цаашдаа нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэх үү?

-Одоохондоо нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэх эсэхийг хэлж мэдэхгүй байна. Нийслэлийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу зохицуулалтаа хийнэ. Улсын онцгой комиссын хуралдаанаар  ирэх дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл хөл хориог сунгасан. Тиймээс ирэх сарыг дуустал нийтийн тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхгүй.

Долоо хоног тутам ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж байгаа. Өдөр бүр автобусны  цэвэрлэгээг хийж байна. Мөн иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхдээ масктай үйлчлүүлэхийг зөвлөж байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж