Томоохон зах, худалдааны төвүүдийн бие засах газар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх захирамжийг хотын Засаг дарга гаргасан. Энэ захирамжийн дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийсэн тухайгаа өнгөрөгч долоо хоногт /2020.03.20/ танилцуулсан. Гэвч бодит байдал дээр үнэ төлбөргүй үйлчилж байгаа бие засах газар алга гэх гомдлыг иргэд хэлэх болсон. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд зах, худалдааны төвүүд бие засах газрын ариун цэвэртээ хэрхэн анхаарч, ариутгал халдваргүйтгэл хийн, иргэдэд үнэ төлбөргүйгээр ашиглуулж байна вэ гэдгийг сурвалжиллаа.
“Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн бие засах газарт очлоо. Үүдэнд нь ахимаг насны эмэгтэй ариун цэврийн цаас таслан бэлдэж, иргэдээс мөнгө авч сууна. Түүнээс “Хэдэн төгрөг төлөх вэ” гэж асуухад “300 төгрөг” гэв. Яагаад үнэ төлбөргүй үйлчлэхгүй байгаа талаар лавлан асуухад “Энэ бие засах газрыг түрээсэлдэг юм билээ. Би сайн мэдэхгүй. Ажиллуулдаг хүн нь байхгүй байна. Маргаашнаас энэ газар ажиллахаа болих байх” гэлээ.
Бие засах газраар ихэвчлэн эмэгтэйчүүд үйлчлүүлж байлаа. Тэнд үйлчлүүлэхээр 10 орчим эмэгтэй хүлээн зогсчээ. Гэтэл нэг эмэгтэй “Жорлонгийн ус нь бөглөрчихлөө. Үйлчлэгч байна уу” хэмээн бухимдангуй дуугархад үйлчлэгч бүсгүй “Одоо янзлах гэж байна шүү дээ. Та яагаад хүн рүү уурлаад байгаа юм бэ” хэмээн ууртайхан хариулав.
Уг бие засах газарт COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж байрлуулахаас гадна шингэн саван, гар ариутгагч тавьжээ. Гэвч нийтийн бие засах газраар үйлчлүүлээд гараа угааж буй хүн цөөн байсан юм.
Нийтийн ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлж байсан эмэгтэй /нэрээ хэлэхийг хүсээгүй/ “Гадуур ажиллаж буй нийтийн бие засах газрын ариун цэврийн асуудал хүнд шүү дээ. Энэ үед хувь хүний ариун цэврийг сайн сахихад анхаарч байна. Аль болох нийтийн бие засах газраар үйлчлүүлэхгүй байхыг хичээдэг. Зайлшгүй шаардлагаар л хааяа үйлчлүүлдэг” гэлээ.
“Гадуур худалдааны төвөөр явж байхдаа хааяа бие засах газраар нь үйлчлүүлнэ. Зарим газар нь цэвэрхэн дажгүй л байдаг юм. Энэ худалдааны төвийн бие засах газар 300 төгрөгөөр үйлчилдэг болсон байна. Өмнө нь 200 төгрөгөөр үйлчилдэг байсан. Уг нь энэ худалдааны төвөөр үйлчлүүлж, хоол хүнс, өмсөх хувцсаа авч байгаа юм чинь бие засах газар нь үнэ төлбөргүй байж болно шүү дээ.
Зарим бие засах газраар үйлчлүүлэхэд гар угаах шингэн саван ч байхгүй, тавьсан саван нь сэжиг хүрмээр хиртэй харагддаг. Энэ газарт шингэн саван, гар ариутгагч тавьсан байна. Гэхдээ олон хүн гараа ариутгаж, угаадаг учраас хэрэглэхийг боддоггүй” хэмээн үйлчлүүлж буй Б.Баярцэцэг хэлж байв.
“ХҮМҮҮС НИЙТИЙН БИЕ ЗАСАХ ГАЗРААР БОЛОВСОН ҮЙЛЧЛҮҮЛЖ ЧАДДАГГҮЙ”
Энэ үеэр бие засах газрын цэвэрлэгч бүсгүйтэй цөөн хором ярилцлаа.
-Иргэд нийтийн бие засах газраар хэр боловсон, соёлтой үйлчлүүлж байна вэ?
-Нийтийн бие засах газраар үйлчлүүлж буй иргэд боловсон, соёлтой үйлчлүүлж чаддаггүй ээ. Ялангуяа худалдааны төвөөр үйлчлүүлэгчид “Бид мөнгөө төлж, үйлчлүүлж байна” гээд их дээрэнгүй ханддаг. Жорлонгийн гадуур, дотуур хүнд хөнгөнөөр бие засах нь энүүхэнд. Ер нь хүмүүс нийтийн бие засах газраар цэвэрхэн үйлчлүүлж чаддаггүй.
Би 10 минут болоод л бие засах газар руу ороход бүх жорлон бохир болчихсон байдаг. Ариун цэврийн цаасаа ил задгай хаячихна. Нэг цаг ч цэвэрхэн байдаггүй. Тиймээс заавал үйлчлэгч ажиллаж, тухай бүрт нь цэвэрлэж байх шаардлагатай болдог юм.
-Өдөрт дунджаар хэчнээн хүн үйлчлүүлдэг вэ?
-Гадуур хөл хорио тогтоосонтой холбоотойгоор бие засах газраар цөөн хүн үйлчлүүлж байна. Өмнө нь өдөртөө 100 гаруй хүн үйлчлүүлдэг байсан бол одоо энэ тоо эрс буурсан.
Би өөрөө оюутан. Амралтаараа энэ ажлыг хийдэг. Энэ бие засах газрыг худалдааны төвийн үйлчлэгч нар нь хариуцдаггүй. Цэвэрлэгч, үйлчлэгч нар нь “Цалин бага дээрээс нь ийм бохир юм цэвэрлэхгүй” гээд уурлаад байдаг юм.
-Бие засах газарт ариутгал халдваргүйжүүлэлтийг хэрхэн хийж байна вэ?
-Бие засах газрын ариун цэвэр, ариутгал халдваргүйжүүлэлтийг худалдааны төвийн хяналтын ажилтнууд байнга шалгаж, хянадаг. Өглөө бие засах газраа нээхдээ хоёр талын жорлонгуудаа ариутгачихдаг.
-Яагаад нийтийн бие засах газраа үнэ төлбөртэйгээр ашиглуулж байгаа юм бол. Бие засах газрыг нэг сарын хэдэн төгрөгөөр түрээсэлдэг юм бэ?
-Нэг хэсэг нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу энэ худалдааны төвийн дөрвөн бие засах иргэдэд газар үнэ төлбөргүй үйлчилсэн. Тэгсэн үйлчлэгч нар нь цэвэрлээд ажлаа барахгүй, цалин бага байна гээд больсон юм. Энэ бие засах газрыг нэг сарын хоёр сая төгрөгөөр түрээсэлдэг юм билээ. Одоо хөл хорионы үед түрээсийн мөнгөө ч олж чадахгүй. Дээрээс нь байнгын цэвэрлэгээний бодис, саван, угаалгын нунтаг худалдан авч байна. Өнөөдөр ажиллаад бие засах газраа хаана гэсэн.
БИЕ ЗАСАХ ГАЗРУУД ҮНЭЭ НЭМЖ, 300 ТӨГРӨГӨӨР ҮЙЛЧИЛЖ БАЙНА
Дараагаар нь хүнсний томоохон бөөний төв болох “Барс” захыг зорин очлоо. Тус захын нийтийн бие засах газар бас л иргэдэд 300 төгрөгөөр үйлчилж байв. Үйлчлүүлж буй хүмүүс ч олон байлаа. Ихэвчлэн тус төвд худалдаа эрхлэгчид үйлчлүүлж байгаа харагдав.
Жорлонгийн үүдэнд мөнгө хурааж байсан эмэгтэй “Хаа газар ийм үнээр үйлчилж байгаа. Үйлчлүүлэхгүй бол болихгүй юу” гэлээ. Тэрбээр “Бөмбөгөр”, “Нарантуул” гээд томоохон худалдааны төвийн бие засах газрууд бүгд л 300 төгрөгөөр үйлчилж байгаа. Энэ газрыг чинь бас байнга цэвэрлэдэг, хүн ажиллана шүү дээ. Тэр хүмүүс ажилтай орлоготой байхыг бодно. Хүмүүс бие зассаны дараагаар ариутгалын бодисоор гараа тогтмол ариутгаж байна. Бид жорлонгоо жавельоноор өдөр болгон ариутгал хийж, цэвэрлэдэг. Хөл хорио тогтоосон учраас бие засах газраар үйлчлүүлж буй иргэд цөөн болсон. Бид энэ газраа түрээслэдэг. Хоёр цэвэрлэгчээ ээлжээр ажиллуулдаг” гэв.
Иргэдийн хувьд амны хаалтаа тогтмол зүүж, гараа угаан, ариутгаж байгаа ч биеэс ялгарч буй өтгөн, шингэний замаар COVID-19 халдвар авах эрсдэлтэй гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байгаа.
Энэ талаар өмнө нь Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс тодруулахад “Хөрсний бохирдол COVID-19 халдвар авахад нөлөөлнө. Аливаа вирус хүний ил задгай хаясан нус, цэрэнд 7-8 хоног агуулагдаж байдаг. Өвлийн хүйтэнд 1-2 сар хүртэлх хугацаанд байх чадвартай. Тийм учраас иргэд ил задгай нус цэрээ битгий хаяарай. Мөн зарим судалгаагаар өтгөн мөрийн зам буюу өвчтэй хүний өтгөнөөр бохирдсон гараараа хоол хүнсээ идэхэд шинэ коронавирусийн халдвар тарж байна. Тийм учраас эрдэмтэн судлаачид гэрийнхээ бие засах суултуурын тагийг хааж, усаа татаад, гараа угаахыг зөвлөе” гэдгийг яриандаа онцлон хэлж байсан юм.
Нийслэлийн Засаг даргын А/168 захирамжийн дагуу мэргэжлийн хяналтын газраас 57 зах, худалдааны төвүүдийн төлбөртэй үйлчилж байсан ариун цэврийн өрөөг иргэдэд үнэ төлбөргүй болгож, цэвэрлэгээ үйлчилгээ, халдваргүйжүүлэлт хийлгэсэн гэдгийг албаныхан хэлсэн. Гэвч дээрх 57 үйлчилгээний байгууллагад багтсан “Алтжин бөмбөгөр”, “Барс” захын бие засах газар төлбөрөө 300 төгрөг болгож нэмжээ.
“ТАВАН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАРТ 4 САЯ 150 МЯНГАН ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ НОГДУУЛСАН”
Хог хаягдлын тухай хуулийн 10.2.10 зүйлд заасны дагуу орчны 50 метр хүртэлх газрын цас, мөс, хог хаягдлыг цэвэрлэж, Эрүүл ахуйн тухай хуулийн 7.5 зүйлд заасны дагуу ариун цэврийн өрөөг иргэдэд чөлөөтэй, үнэ төлбөргүйгээр ашиглуулахаар тусгасан байдаг.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн хяналт шалгалтын талаар Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Д.Дэлгэрбаяр танилцуулахдаа “Өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас холбогдох тушаал, захирамжийн хэрэгжилтэд байнгын хяналт тавин ажиллаж байна. Нийт есөн дүүргийн улсын байцаагчид төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт, үүрэг даалгаврын хэрэгжилтийг хянан шалгадаг. Нийслэлийн Засаг даргын хоёрдугаар сарын 7-ны А/168 дугаар захирамжтай холбоотойгоор манай байгууллагаас томоохон зах, худалдааны төвүүдийн төлбөртэй үйлчилж байсан бие засах газруудад шалгалт хийж, үнэ төлбөргүй үйлчилдэг болгосон. Мөн эдгээр бие засах газруудын цэвэрлэгээ, үйлчилгээ, халдваргүйжүүлэлтийн байдалд заавар, зөвлөмж өгч ажилласан. Уг шалгалтын явцад ариун цэврийн өрөөгөө үнэ төлбөргүй хэрэгжүүлэхээс татгалзсан аж ахуй нэгж гараагүй. Тухайн байгууллагын өдөр тутмын ариун цэвэр, ариутгал халдваргүйжүүлэлтэд дотоод хяналтын асуудал хариуцсан ажилтан хянан ажиллах ёстой.
Хяналт шалгалтын явцад холбогдох хууль тогтоомж зөрчсөн таван үйлчилгээний газарт нийт 4 сая 150 мянган төгрөгийн торгууль ногдуулсан. Жишээлбэл, торгууль ногдуулсан үйлчилгээний байгууллагууд ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд үйлдвэрлэл үйлчилгээ явуулсан, хог хаягдлаа зориулалтын бус газар хаясан, гадна талбайд нус, цэр ил задгай хаяж, цэвэрлээгүй гэх мэт зөрчлүүдэд арга хэмжээ авч ажилласан. Аж ахуй нэгжүүд, байгууллагууд цэвэрлэгээ үйлчилгээгээ өөрсдөө хийхээс гадна мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй компаниуд давхар ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа” гэдгийг хэлж байсан юм.
А.СҮРЭН
Гэрэл зургийг Г.БИЛГҮҮН