УИХ-ын сонгуулийн тухай хуулиар сонгуульд оролцох нам, эвсэл сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө Үндэсний аудитын газарт хүргүүлсэн байхаар заасны дагуу Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 35 намаас 27 нь мөрийн хөтөлбөрөө хуулийн хугацаанд нь хүргүүллээ. Эдгээрээс 15 нам, дөрвөн эвсэл сонгуульд оролцох юм. Тодруулбал, “Сахих тун Үндсэн хуулийн эвсэл”, “Та бидний эвсэл”, “Шинэ эвсэл”, “Зөв хүн электорат” гэсэн дөрвөн эвсэл байгуулагдсан.
МОНГОЛ АРДЫН НАМ
Эрх баригч МАН-ын хувьд мөрийн хөтөлбөртөө нийгэм дэх тэгш бус байдлыг багасгах, нийгмийн хөгжил иргэн бүрт тэгш шударга хүрэх, дундаж давхаргыг дэмжих зорилтуудыг мөрийн хөтөлбөрт онцлон тусгажээ. Мөрийн хөтөлбөрөө боловсруулж батлахдаа “Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалын төсөл зэрэг бодлогын баримт бичгүүдийг үндэс болгосон байна. Түүнчлэн 2016-2020 оны МАН-ын УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөөр хэрэгжиж буй хөтөлбөр, бүтээн байгуулалтуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тусгажээ.
АРДЧИЛСАН НАМ
АН-ын хувьд Монгол өрх, өрхийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн “Монгол өрх-Хөгжлийн бодлого” мөрийн хөтөлбөрийг дэвшүүлжээ. Мөрийн хөтөлбөрийн гол үзэл санаа нь “Өрхийг дэмжсэн өсөлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд чиглэгдэх аж. Тухайлбал, өрхийн эдийн засгийг дэмжих арга замаар дундаж давхаргын нийгэмд эзлэх “жин”-г нэмэгдүүлэх, ядуурлыг эрчимтэй бууруулах, баялгийн хуваарилалтыг тэгшитгэх, өрхийн үйлдвэрлэл, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг нийгмийн захиалгатай олон асуудал багтсан байна.
МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМ:
МАХН Монголын ногоон нам, ИЗНН-тэй эвсэн “Та бидний эвсэл” нэртэйгээр нэгдэж, мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Монгол хүний цалингийн дундаж хэмжээг таван сая төгрөгт хүргэхээр мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Тодруулбал, Монголын гурван баялаг гэж байх ёстой гэж хөгжлийн бодлогоо тодорхойлсон байна. Нэгдүгээрт, өргүй монгол хүн эх орныхоо баялаг нь байх ёстой. Хоёрдугаарт, өрх бүр орон сууцтай байх ёстой. Гуравдугаарт, шударга төр Монголын баялаг байх ёстой гэсэн урван холбоог мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
ШИНЭ ЭВСЭЛ
Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл нам, Бүгд Найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Монгол Үндэсний Ардчилсан нам болон бусад дэмжигч намуудаас бүрдэж буй хүчин “Шинэ эвсэл" нэртэйгээр 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөнө. “Шинэ эвсэл" нь Монгол Улсыг үсрэнгүй хөгжүүлэх “Шинэ эргэлт" -ийн 21 бодлого боловсруулан, олон нийт болон эрдэмтэн, судлаачид, эвсэлд нэгдсэн намуудын гишүүдээс санал авч баталсан байна.
Намуудын “Мөрөөдлийн хөтөлбөр” хэмээн нэрлэгддэг мөрийн хөтөлбөр энэ удаад ч бодлогогүй, тооцоогүй, сэтгэлийн хөөрлөөр хандсан уу гэдгийг улс төр судлаачдаас тодрууллаа.
Улс төр судлаач, доктор Э.ГЭРЭЛТ-ОД: Улс төрийн намуудын хүчирхийлэл дунд сонгуулиуд явагдаж ирсэн
Сонгуулийн тогтолцооноос хамаараад бодлогын төлөөх улс төрийн намуудыг сонгож чаддаггүй. Намууд ч гэсэн сонгуулийн тогтолцоондоо тохируулаад оновчтой, үзэл баримтлалдаа нийцсэн бодлого мөрийн хөтөлбөртөө дэвшүүлдэггүй. 2020 оны УИХ-ын сонгууль олон мандаттай, мажоритар тогтолцоогоор явагдана. Энэ тохиолдолд жалга дов гэхгүйгээр аймгийн түвшний бодлогууд яригдах байх. 2012 оноос эхлэн зөвхөн улс төрийн намын мөрийн хөтөлбөрийг нэр дэвшигчид ярина гэж хязгаарласан боловч бодит байдалд сонголтыг хувь хүнээр нь хийдэг. Сонгуульд хэн, хэн нэр дэвших үү гэдэг нь мөрийн хөтөлбөрөөс чухал болчихсон. Тиймээс сонгогчид бодлогын сонголт хийх боломжгүй учраас найдах хэрэггүй л болов уу.
Угтаа бодлогын нам болох нь өнөөдрийн бидний харж, ойлгож байгаагаас тэс өөр зүйл юм. Намууд бодлогоо боловсруулж олон нийтэд танилцуулж саналыг нь авч улмаар намынхаа үнэт зүйл, үзэл баримтлалтайгаа уялдуулж асуудлыг яаж шийдэх вэ гэдэг хөгжлийн бодлого юм. Бид улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрийг хөгжлийн бодлого гэж харах ёстой. Харамсалтай нь, тэгж харж чадахгүй, ялсан намын дөрвөн жил хэрэгжүүлэх Засгийн газрын бодлого гэж хардаг. Тэр утгаараа хэтэрхий богино настай бодлого дэвшүүлдэг. Хэрэв намууд бодлогын нам болж чадвал 20-30 жилийн тогтвортой бодлогын тухай ярьж түүндээ хүрэхийн тулд яаж жижиг засваруудыг хийх тухай ярьдаг болно. Өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, соёл, тогтсон хандлагыг дэлхийн сайн туршлагуудтай харьцуулахад чамлахаар түвшинд байна. Намуудын хийсэн мэдээллээс харахад цалинг нэмнэ, орон сууц өгнө гэсэн ийм л зүйл ярьж байна. Ер нь улс төрийн намууд сонгогчдыг яаж хуурч санал авах уу гэдэгт төвлөрсөн болохоос биш сонгогчдын боловсролд чиглэсэн бодлого огт харагдсангүй. Хэдийгээр сонсоход сайхан боловч бодит байдалд сонгуулийн шоу. Үүнийг улс төрийн намууд нь ч хүлээн зөвшөөрнө. Сонгогчдыг доромжилж байгаа хэлбэр шүү дээ.
Бид намуудын хариуцлага, төлөвшил, ёс зүйн талаар байнга ярьж ирсэн. Харамсалтай нь, Монголын улс төрийн намууд өнгөрсөн хугацаанд сонгогчдыг үл ойшоож, доромжилсоор л байна. Өнөөдөр ч мөн адил. Гагцхүү сонгогчид улс төрийн намуудын бодлогын ялгааг нь олж харах хэрэгтэй. Ажилгүйдлийг бууруулна, цалинг нэмэгдүүлнэ, орон сууцжуулах нь асуудал мөн үү гэвэл мөн. Гэхдээ үүнийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг нь хамгийн чухал. Монгол Улс Тогтвортой бодлогын үзэл баримтлалын тухай хуультай болсон. Уг хуулийнхаа үзэл баримтлалтай нь хэр нийцэж байна вэ гэдгийг харах хэрэгтэй. Эрх баригч МАН “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөтөлбөртөө хүрэхийн тулд ямар ямар алхмаар хүрэх үү гэдэг нь тодорхой байх ёстой. Сонгогчдыг хий хоосон хөөрөгдүүлж 30 жилийн дараах үр дүнгийн төлөө сонголт хийлгэж болохгүй биз дээ. Өнөөдрийн амьдрал гэж бий. Дээр хэлсэнчлэн ажилгүйдлийг бууруулж, цалинг нэмэгдүүлж, орон сууцжуулах гэж байгаа бол яаж хэрэгжүүлэх гэдгээ бидэнд тайлбарлаж өгөх ёстой. Тэгж байж сонгогчид боловсрол авна, мөрийн хөтөлбөрийг нь уншина. Түүнээс биш нэг цаас шидчихээд “Та нар мөрийн хөтөлбөрийг уншдаггүй” гэж хэлээд намууд өнөөдрийг хүртэл доромжиллоо. Гэтэл унших сэдэл болон боломжийг намууд өөрсдөө олгохгүй байна шүү дээ. Нэг ёсны улс төрийн намуудын хүчирхийлэл дунд сонгуулиуд явагдаж ирсэн.
Стратеги академийн захирал, доктор Ц.МӨНХЦЭЦЭГ: Эдийн засгийн өсөлт, төсвийн орлогыг өмнөх сонгуулиудынх шиг оптималь харж болохгүй
Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй байгаа болохоор намуудын мөрийн хөтөлбөр бүтнээрээ ил болох болоогүй л дээ. Хүмүүс мөрийн хөтөлбөрийн тухай мэдээнүүд дээр сураг таамгаар шуугиад байх шиг. Намуудын мөрийн хөтөлбөрүүд Аудитаар ороод зарим биелэх боломжгүй популист заалтуудын зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэхгүй байвал хасагдаж таарна. Тиймээс Аудитаар гарч ирээд, хуулийн хугацаанд олон нийтэд бүтнээрээ ил болох үед л намуудын мөрийн хөтөлбөрийн талаар ул үндэстэй мэтгэлцээн өрнүүлэх нь чухал.
Мөрийн хөтөлбөрт заасан үйл ажиллагааны санхүүгийн тооцоо нь Аудитад тэнцэхийн тулд олон шалгуур давсан байх ёстой. Жишээ нь, Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн ДНБ-ий хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх, Тухайн жилийн нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувь нь тухайн жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хувь, тухайн жилийн өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн дунджийн аль ихээс хэтрэхгүй байх, Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувиас хэтрэхгүй байх зэрэг шалгууруудыг хангасан байх шаардлагатай. Энэ жилийн хувьд дэлхий нийтэд тархсан коронавирус эдийн засгийн ихээхэн хохирол учруулж, хор уршиг нь удаан хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгаа учраас намууд мөрийн хөтөлбөртөө үүнийг тооцсон байх учиртай. Эдийн засгийн өсөлт, төсвийн орлогыг өмнөх сонгуулиудынх шиг оптималь харж болохгүй.
Улс төр судлаач, доктор Д.БУМДАРЬ: Намуудын улс төрийн бодлого тодорхойлохуйц байдал нь алдагдсан
Үндэсний аудитын газраар мөрийн хөтөлбөрөө батлуулж байж намууд сонгуульд оролцох эрх нь нээгдэнэ. Мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын эдийн засаг, эрхзүйн орчин, хөгжлийн бодлогуудыг зөрчсөн буюу Үндэсний аюулгүй байдлыг хөндөхүйц зүйл заалтууд орж ирвэл хасагдана. Мөрийн хөтөлбөрт дотоодын нийт бүтээгдэхүүнийг төдөн хувиар өсгөнө, хөдөө аж ахуйн салбарыг ингэж хөгжүүлнэ. Ингэснээр цалин, инфляц өснө гэдэг асуудал л орж байгаа байх. Түүнээс биш нарийн тоо байхгүй байх. Түүнийгээ олон нийтэд мэдээлэхдээ манай нам ялбал дөрвөн жилийн дараа таны цалинг ингэж өснө гэдгээ хэлж байна. Одоогоор намуудын мөрийн хөтөлбөртэй бүрэн танилцаагүй байгаа учраас 2016 оныхтой харьцуулж ярих боломжгүй. Өөрсдийнх нь ярианаас харахад, шинэлэг зүйл нь техник, технологийн асуудлуудыг түлхүүтэй тусгаж техник, технологи шинжлэх ухааныг илүү их дэмжих нь гэж ойлгосон. Бусад салбарын тухайд өмнөх онуудаас эрс тэс ялгаатай зүйл алга.
Коронавирусийн халдварын улмаас дэлхийн эдийн засаг хумигдаж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор ирэх дөрвөн жил өөрсдөө живэхгүй байхын тулд яах вэ гэдэг хамгаалалтын бодлого оруулж ирсэн байх гэж бодож байна. Мөрийн хөтөлбөр бол дөрвөн жилд хэрэгжүүлэх бодлогоо үндэслэл судалгаа, тооцоололтойгоор танилцуулж байгаа хэлбэр. Нэг ёсны манай намыг сонговол иргэн танд ийм ийм зүйлийг бий болгоно гэдэг гэрээ гэсэн үг.Сонгогчид тухайн намд саналаа өгөхдөө мөрийн хөтөлбөрийг нь уншсан бол тэдгээр санал нь таны амьдралд бодитой туссан уу гэдгийг эргээд харах хэрэгтэй.
Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер, судлаач Д.ЭНХЦЭЦЭГ: Хоосон амлалтуудаас сэргийлсэн хуулийн хамгаалалт бий
Манайх шиг эдийн засаг нь уул уурхайгаас шууд хамааралтай улсад сонгуулийн мөрийн хөтөлбөрт амлалт өгөх нь элбэг байдаг. Үүнээс сэргийлэх зорилготой хуулийн заалтууд бий. Тухайлбал Сонгуулийн тухай хуулийн 38.5-т Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар төрийн аудитын байгууллагаар хянуулж дүгнэлт гаргуулсан байна” гэж заасан.
Энэ нь эдийн засгийн үндэслэлгүй, огт хэрэгжих боломжгүй, санхүүгийн эх үүсвэргүй буюу сонгогчдыг хуурах зорилготой хоосон амлалтуудаас сэргийлсэн хуулийн хамгаалалт юм. Тиймээс сонгогчдын хувьд гол анхаарах зүйл нь аудитын байгууллагын гаргасан дүгнэлтэд анхаарах хэрэгтэй. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөөр Төрийн аудитын дээд байгууллага нь нам, эвслийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг олон нийтэд ил болгох үүрэгтэй болгож өгсөн. Тэгэхээр энэ дүгнэлтээс нь илүү бодитой мэдээлэл авч сонгогчид зөв сонголтоо хийх боломж бүрдсэн.
Холбоотой мэдээ