Олимп хойшилсон нь Японд давхар цохилт өгнө | News.MN

Олимп хойшилсон нь Японд давхар цохилт өгнө

Олимп хойшилсон нь Японд давхар цохилт өгнө

Олимп хойшилсон нь Японд давхар цохилт өгнө

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл спортын их наадам буюу зуны XXX Олимп түүхэндээ анх удаа энх цагт хойшлогдлоо. Өмнө нь зуны Олимпийн наадам гурван удаа цуцлагдаж байжээ. Тодруулбал, зуны Олимпийн наадам 1916 онд Берлин хотод болох байсан ч дэлхийн I дайн, дараа нь 1940 онд Токио, 1944 онд Лондонд  товлосон ч дэлхийн II дайны улмаас цуцлагджээ. Харин энэ удаа ДЭМБ-аас цар тахал гэж зарласан коронавирусийн халдварын улмаас  ирэх зургадугаар сард Японд товлосон зуны Олимпийн наадмыг нэг жилээр хойшлууллаа. “Covid-19” өвчнөөр дэлхийн 192 орны  430 мянга орчим хүн өвчилж, 19 мянга орчим хүн  нас бараад байна. Коронавирусийн халдварын эсрэг арга хэмжээнүүдээс үүдэн эдийн засгийн хохирол амсаад буй Япон улсад Олимпийн наадмыг хойшлуулсан нь  давхар цохилт өгнө гэж эдийн засагчид үзэж байна.

ТӨСӨВ

Зуны Олимп, Паралимпийн наадмыг зохион байгуулахад Япон улс ойролцоогоор 1.35 их наяд иен буюу 12,6 тэрбум ам.доллар зарцуулах тооцоог өнгөрсөн 2019 оны сүүлээр гаргажээ. Зардлыг Токио хотын төсвөөс 597 тэрбум иен, Японы Олимп зохион байгуулах хорооноос 603 тэрбум иен, Засгийн газраас 150 тэрбум иенийг гаргаж бүрдүүлжээ. Гэхдээ Олимпийг зохион байгуулах зардал ард иргэдийн дунд маргаан дэгдээсэн халуун сэдэв болсон юм. Учир нь энэ нь 2013-2018 оны хоорондох Японы Засгийн газрын зардлаас (1.06 их наяд иен) бараг 10 дахин их төсөв аж. Үүний зэрэгцээ Японы бизнес эрхлэгчдээс Олимпийн наадмыг зохион байгуулахад 348 тэрбум иен буюу 3.3 тэрбум ам.долларыг хандивласан байна. Мөн Японы Тоёота, Бриджстон, Панасоник зэрэг томоохон компаниуд Олимпийн наадмын спонсорын эрхийн төлөө Олон улсын Олимпийн хороотой байгуулсан хамтын ажиллагааны гэрээнүүд байгуулжээ.

АЛДАГДАЛ

Лондонд төвтэй “Capital Economics” эдийн засгийн судалгааны байгууллагын тооцоолсноор Олимпийг хойшлуулсан нь Японы эдийн засагт цохилт болж магадгүй гэнэ. Учир нь Япон нь Олимпийн наадмыг зохион байгуулахад зориулсан бүтээн байгуулалтаа 90 хувь шахам гүйцээжээ. Зардал нэгэнт гарсан  атал олох орлого нь хойшилсон учраас алдагдал хүлээх нь ойлгомжтой. Мөн аялал жуулчлал өргөн хэрэглээнд хохирол учруулах тооцоо гарчээ. Японд өнгөрсөн онд маргаан дагуулсан худалдааны татварыг нэмэгдүүлснээс үүдсэн дарамт үүссэн. Мөн аялал жуулчлал, агаарын тээврийн салбар энэ оны эхнээс эхлэн коронавирусийн халдвараас шалтгаалан ихээхэн хохирол амсч байна. Япон улс нь коронавирусийн халдвар гарахаас өмнө 2019 онд зөвхөн Өмнөд Солонгос, Хятадаас гэхэд 15 сая жуулчин хүлээж авчээ.  Японд өнгөрсөн онд нийт 31,9 сая жуулчин иржээ.  Гэтэл өнгөрсөн хоёрдугаар сард жуулчдын тоо 2019 оны мөн үетэй харьцуулахад 58,3 хувиар унасан ба Хятадын аялагчдын тоо 87.9 хувиар буурчээ. Япон улс нь аж үйлдвэржсэн, төрөлжсөн эдийн засагтай учир аялал жуулчлалаас их хамааралтай биш. Аялал жуулчлалын орлого 2018 онд Японы эдийн засгийн ердөө 0.9 хувийг бүрдүүлжээ.

ДНБ-Д НӨЛӨӨЛӨХ НЬ

Коронавирусийн халдвар хэдийн Японы эдийн засгийг хямрал руу түлхэж эхэлсэн юм.  Эдийн засгийн судалгааны “Fitch” байгууллагын тооцоолсноор Японы эдийн засгийн өсөлт коронавирусийн халдварын нөлөөгөөр энэ онд таамаглаж байснаас 0.2-1.1 хувиар буурах  гэнэ. Харин Олимпийн наадмыг хойшлуулсан нь Японы ДНБ-д 0.5-0.8 хувиар нөлөөлж магадгүй аж. “SMBC Nikko Securities” байгууллагын эдийн засагчдын тооцоолсноор Японы ДНБ-д жилийн алдагдал нь зургаан тэрбум ам.доллар орчим болох гэнэ. Олимпийн наадмыг үзэхээр ирэх жуулчид Японд нийт 240 тэрбум иенийг зарцуулна гэж тооцжээ. Япон нь Олимпийн наадмыг үзэх 7.8 сая тасалбараас 4.5 саяыг нь  хэдийн борлуулаад байжээ. Олимпийн наадмыг хойшлуулсан нь тасалбарт хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна.

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

Олимпийн наадмыг зохион байгуулахад зориулсан бүтээн байгуулалтууд гүйцсэн болохыг Японы албаныхан энэ гуравдугаар сарын дундуур мэдэгдсэн. Олимп, Паралимпийн наадмыг зохион байгуулахад нийт 43 барилгыг ашиглахаар тооцсоны наймыг нь шинээр барьж, 25 нь бэлэн байсан, 10-ыг түр хугацаанд ашиглахаар сонгожээ.

Эдгээр хоёр том бүтээн байгуулалтыг дурдвал, шинэ Үндэсний цэнгэлдэх, Токио усан спортын төвийг барьж босгожээ. 60 мянган хүний суудалтай шинэ Үндэсний цэнгэлдэх нь төлөвлөсөн хугацаанаас 16 сарын дараа эхэлсэн нь Ирак гаралтай Их Британийн алдарт архитектур Заха Хадидын загварыг олон нийт эсэргүүцсэнээс болжээ. Харин Японы архитектор Кенго Кумагийн загвараар барьсан шинэ цэнгэлдэхийн барилгад 157 тэрбум иенийг зарцуулсан юм байна. Тус цэнгэлдэхэд Олимпийн наадмын нээлт, хаалтын ёслол болон хөнгөн атлетик, хөлбөмбөгийн тоглолтууд болох аж.

Харин дөрвөн давхар, 15 мянган хүний суудалтай, 82 футын хоёр усан сантай Токио усан спортын төвийг өнгөрсөн хоёрдугаар сард барьж дуусчээ. Тус төв нь Тацуми далай эргийн паркт орших тус төвд баригдсан аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-26 126.247.55.208

Hohi ni omhii dotuur tamirtai yponuud

Avatar

Зочин 2020-03-26 66.181.185.99

япон ажилсаг ард түмэнтэй баян орон яах ч үгүй, манайд АСЭМ хийгээд олон байшин бариад байсан одоо байдгийн болов уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж