Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед эдийн засаг хямрах эрсдэл нүүрлээд байгаа учраас улс орнууд дотооддоо арга хэмжээ авч эхэлсэн. Монгол Улсын хувьд дотоодын аж ахуй нэгжүүдийн зүгээс 2020 оны төсөвт тодотгол хийж, шаардлагагүй төсвүүдээ танаж, аж ахуй нэгжүүд рүүгээ чиглэсэн арга хэмжээ авах ёстой гэдэг байр суурийг хүргэж байгаа. Бид энэ удаагийн VS буландаа 2020 оны төсөв тодотгол хийх эсэх талаарх эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна.
О.Амартүвшин:
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч
-Өнөөдөр 900 мянга гаруй хүн ажилгүй байна. Судалгаагаар манай улсын хүн амын 28 хувь нь ядууралд өртсөн гэх мэдээлэл байна. Үүнээс 63 хувь хүн нийслэл хотод суурьшдаг. Иймд худалдаа, үйлчилгээний салбар хямарснаас 260 мянга гаруй хүн ажилгүйдлийн эгнээнд шилжиж ядуурал нэмэгдсэн нийгэм, эдийн засгийн томоохон хямрал үүснэ. Харин хямралаас сэргийлэх үндсэн арга бол зорилтот сегментэд буюу тухайлсан салбарын хамгийн ихээр хямралд өртөөд буй ААН-үүдэд хөнгөлөлттэй, зорилтот зээлийг олгох, тэдний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх хугацааг хойшлуулах, мөн Монголбанкнаас авч хэрэгжүүлж арга хэмжээг бодитойгоор хурдан шийдвэр гаргаж ажиллах шаардлагатай байгаа юм. 2020 онд төрийн худалдан авах ажиллагаанд 2.5 их наяд төгрөг төлөвлөгдсөн. Нийт тендерийн 50-аас дээш хувийг шалгаруулахаар төлөвлөсөн хугацаа нь 2020 оны эхний гурван сард байна. Иймд зарлахаар төлөвлөсөн тендерийн санхүүжилтийг дахин эргэцүүлж, эдийн засгийн уналттай байгаа энэ үед нэн шаардлагатай байгаа салбарууд болох худалдаа, боловсрол болон хөдөө аж ахуйн салбаруудад хөрөнгө оруулах шаардлагатай. Орлого, зарлага бүхэн уялдаа холбоотой байх ёстой. Харин эдийн засаг сайжирч болж, үйл ажиллагаа хэвийн болох үед нь буцаан эргэлт үүсгэх боломж байгаа. Сонгуулийн дараагаас шинэ төрлийн худалдан авалт нэмэгддэг. Тэдгээр үргүй зардлаа байхгүй болгох талаар шийдэх хэрэгтэй. Ер нь эрх баригч хүмүүсийн хувийн ашиг сонирхол, хувийн амбицаар улс орны эдийн засаг, иргэдийн нь амьдрал ямар нэгэн байдлаар хямрах ёсгүй. Өнөөдөр 900 мянган ядуу иргэн байна гэж байгаа боловч дахин 500 мянгаар нэмэгдэх буюу нийт хүн амынхаа тал хувийг ядуу байлгах сэдэл нь хэдхэн төсөл, тендертэй холбогдож байгаа нь дэндүү хариуцлагагүй үйлдэл.
Б.Жавхлан:
УИХ-ын гишүүн
-Эдийн засгийн хамгаалалтын арга хэмжээ нь хөрөнгийн, хөрөнгийн бус гэсэн арга хэмжээ авч байна. Төрийн зүгээс авах гол арга хэмжээ нь Төв банк, төсөв санхүүгийн бодлогоор удирдаж, Засгийн газар арга хэмжээгээ авах ёстой. Коронавирусаас үүсэх эдийн засгийн хямрал нь 2008, 2012 оны хямралаас бүтэц нь өөр. Энэ удаад эдийн засаг автоматаар тэг зогсолт хийсэн учраас үйлчилгээний байгууллага, жижиг, дунд үйлдвэрүүд хүчтэй нэрвэгдэж, хувь хүмүүс орлогогүй болж байна. Энэ нь дэлхийн эдийн засаг идэвхгүй болсонтой холбоотой учраа манай уул уурхайн салбарын эдийн засагт нөлөөлөх төлөвтэй байна. Цаашид яаж өрнөх нь тодорхойгүй байна. Нэгэнт тэг зогсолт хийсэн үеийн аж ахуй нэгж, иргэд давж гарах хэмжээний эдийн засгийн тусламж, татаасыг төрөөс зохион байгуулахаас өөр арга байхгүй. Төв банк мөнгөний бодлогоор дамжуулан эдийн засгаа дэмжих бүх сувгаа нээх хэрэгтэй. Эхнээс нь арга хэмжээгээ авч байна. Засгийн газар Сангийн яамаар дамжуулан татвар, НӨАТ-аар дамжуулан арга хэмжээ авч байна. БНХАУ-д гэхэд 2020 онд аж ахуй нэгжүүд нь ашиггүй ажиллах нь тодорхой болсон учраас цаашид 2021, 2022 онуудад ашигтай ажиллавал 8 жилийн хугацаанд энэ жилийн алдагдлыг шингээж, ашгийн татварт нь хөнгөлөлт үзүүлэх зэрэг ажил олгогчийг дэмжсэн, ажлын байрыг хадгалж үлдэх, бизнесээ хадгалж үлдэх бодлого барьж байна. Бид ч гэсэн ийм чиглэл рүү ажиллах хэрэгтэй. Ажил олгогч, баялаг бүтээгчдийн бизнесээ авч үлдэх, ажлын байр хамгаалж үлдэх боломжийг бүрдүүлэх, мөн орлого багатай, ажилгүй иргэдээ хавтгайруулахгүйгээр халамжийн бодлогоор дэмжих ёстой. Бодит байдал дээр арай гэж боож оруулж ирсэн төсвийг задлах нь эрсдэлтэй. Засгийн газар хуулийн хүрээнд хийх боломжтой ажлууд байна. Хөрөнгө оруулалтуудаа нэн шаардлагатай хэсэгт хөрөнгө оруулах эрэмбэ дарааллаа хийх боломжтой. Тухайлбал, эрүүл мэнд анагаах ухааны салбарт хийх хөрөнгө оруулалт, цалин нэмэх асуудлыг эхний ээлжинд хийх байдлаар зохицуулалт хийж болно. Шаардлагагүй хөрөнгө оруулалтуудаа цаг хугацааны хувьд дараалалт оруулаад, хойшлуулах боломж нь Засгийн газарт бий. Бид эдийн засгаа хамгаалж үлдэх суурь нь Монгол хүн өөрөө юм. Тэгэхийн тулд тэвчиж болох зүйлүүдээ бид бүгдийг нь дэмжих ёстой.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ