ОХУ-д суралцаж байгаа 31 оюутныг тусгай автобусаар тус улсын Ташанта боомтоос Монгол Улсын Цагааннуур боомтоор дамжуулан энэ сарын 23-ны өдөр татан авсан байна. Тэдний 24 нь Москва хотод, нэг нь Санкт-Петербургт, зургаа нь Новосибирск хотод сурдаг бөгөөд өөрсдөө ОХУ-Монголын хил дээр хүрэлцэн ирсэн аж. Оюутнуудыг татан авах ажилд орон нутгийн “Аман авто транс” компани дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй үнээр тээвэрлэжээ.
Мэргэжлийн байгууллагууд ОХУ-аас ирсэн 31 оюутан, тусгай автобусны нэг жолооч, Казахстан улсын Алматы хотоос ирж тухайн автобусаар зорчсон нэг иргэн, нийтдээ 33 хүний биеийн халууныг хэмжин тандалт судалгаа хийж Өлгий хотод тусгаарлаж ажиглалтад авчээ. Мөн тээврийн хэрэгсэл, зорчигчдын ачааг ариутгасан байна.
Онцгой байдлын Ерөнхий газрын дэд дарга хурандаа Б.Ууганбаяр “Тусгаарлах байранд сүүлийн ирж байгаа хүмүүсийн ихэнх нь ОХУ-д сурч байгаа оюутнууд байгаа. Тэдний ар гэрийнхэнд хандаж хэлмээр байна. Хүүхдүүддээ тусгаарлах байранд байхдаа дүрэм журам зөвлөмжийг чандлан биелүүлээрэй гэж дамжуулж хэлээрэй. Хоол голсон, янз бүрийн юм нэхсэн асуудлууд гарсан. Бид халдвар хамгааллын журмын дагуу ажиллаж байгаа гэдгийг хэлмээр байна” хэмээн захисан.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ