Гурван сэжигтнийг хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2015.11.18-нд нийтлэгдсэн

Гурван сэжигтнийг хөнөөжээ

 

Францын цагдаа нар Парис хотын хойд захад орших Сэнт-Денис дүүрэгт сэжигтнүүдийг хөөн нэгэн барилгад бүслээд байна. Сэжигтнүүд цагдаа нартай буудалцаж, нэг эмэгтэй барилгад тэсрэх бөмбөг дэлбэлж, амиа золиосолсон талаар эх сурвалжууд мэдээлжээ. Түүнчлэн цагдаа нар гурван сэжигтнийг хөнөөсөн болохыг “ВВС” агентлаг мэдээлэв. Мөн гурван хүнийг баривчилжээ.  Буудалцааны үеэр цагдаагийн гурван офицер шархтсан аж. Парисын халдлагын гол сэжигтэн  Салах Абдеслам болон Абделхамид Абааоуд нар барилгад байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Францын цагдаа нар халдлага болсноос хойш тэднийг эрэн сурвалжилж байгаа юм.

 

Францын цагдаа, цэргийнхэн Сэнт-Денис дүүргийн автозамуудыг хааж, оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна. Цэрэг, цагдаагийн 100 гаруй алба хаагч ажиллаж байна. Цагдаагийн ажиллагаа эхэлснээс хойш нийт долоон удаа дэлбэрэлт болсон талаар Францын телевиз мэдээлжээ.

 

Парис хотноо өнгөрсөн баасан гаригт /XI.13/ олон халдлага гарч, 129 хүн амь үрэгдэн, 350 гаруй хүн гэмтэж шархтсан билээ. Халдлагын үеэр амиа золиосолж, цагдаа нарт буудуулснаас долоон сэжигтэн амь үрэгдсэн юм. Францын прокурорууд амь үрэгдсэн долоон сэжигтний тавыг нь хэн болохыг тодруулсан байна. Тэдгээрийн дөрөв нь Францын иргэн, нэг нь Грект бүртгэлтэй дүрвэгч байжээ. Парисын халдлагаас хойш Франц даяар 15 мянган цэрэг, цагдаа хамгаалалтад гарчээ. Ажиллагааны үеэр цагдаагийн нохой үхсэн байна.

 

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС, CNN, AGENCE FRANCE-PRESSE

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж