Анжелина Жоли: Би хөгжилтэй хүн биш байх

Хуучирсан мэдээ: 2015.11.18-нд нийтлэгдсэн

Анжелина Жоли: Би хөгжилтэй хүн биш байх

Анжелина Жоли, Брэд Питт хоёр “Тэнгисийн хөвөөнөө” хэмээх шинэ кино бүтээж байна. 2005 онд “Ноён, хатагтай Смит” кинонд хамтран тоглосон хосууд энэ удаа ч мөн хамтран тоглож буй. Анжелина Жоли киноны зохиолыг бичиж, найруулан, продюсерээр ажиллаж байгаа аж. Кинонд сэтгэлийн гүн хямралд орсон бүжигчин бүсгүй болон онгод нь харьсан зохиолч нөхөр хоёрын тухай өгүүлдэг.

Найруулагчийн шинэ бүтээлийнхээ талаар Анжелина ийн ярьжээ. “Зарим үзэгчид манай кино таалагдаж, заримд нь таалагдахгүй ч байж мэднэ. Харин надад бол өөрийгөө уран бүтээлч гэдгээ мэдрэх нь чухал” хэмээн ярьсан байна.

Сур: Та яагаад 1970-аад оны гэр бүлийн сэдэвт драмыг сонгосон юм бэ?

-Би чинь гэрлээд удаагүй хүн. Тиймээс энэ сэдэв миний өмнө нь олж хараагүй, ойлголтгүй байсан зүйлээ судлах туршлага болсон. Надад яг л өөрийнхөө тухай бас өөрийнхөө шаналлыг олж харах шиг санагдаж байсан.

Сур: Та Брэд Питтэй хамт амьдраад есэн жилийг ардаа орхижээ. Гэрлэлт юу өөрчилсөн бэ?

-Хамгийн дурсамжтай нь Мэддокс, Захараг үрчилж авахаар бид хоёр гарын үсэг зурж байсан үе. Тэгэхэд бид хоёр үлдсэн амьдралынхаа турш хамтдаа байж, аав ээж хоёр болох шийдвэр гаргаж байлаа. Бидний гэрлэлт даруухан болсон.

Сур: Даруухан аа?

-Гэрлэх ёслолоо бид Францад хийсэн юм. Харин Калифорнид албан ёсоор батлуулсан. Намайг монтажны өрөөнд сууж байтал гаднаас нэг хүн орж ирээд хэдэн бичиг баримтад гарын үсэг зуруулсан. Тэгээд бидний гэрлэлтийн баталгааг өгөөд хуримын гэрч гадаа байгаа гэсэн. Брэд бид хоёр хоёулаа гайхаж хоцроод “Гэрч гадаа байгаа гэдэг чинь юу гэсэн үг вэ? Бид зэрэгцэж зогсоод тангараг хэлэх шаардлагагүй гэж үү?” гэсэн юм. Тэгж л бид хоёр ёслол ч хийлгүй гэрлэснээ мэдсэн.

Сур: Киногоо найруулж, давхар жүжиглэхэд ямар бэрхшээл гарч байна вэ?

-Найруулагчийн хувьд би маш тууштай, итгэлтэй байхыг шаарддаг. Харин дүрийн хувьд юуг ч зохицуулах шаардлагагүй. Гэхдээ нэгэн зэрэг найруулагч бас жүжигчнээр ажиллах нь заримдаа амаргүй. Заримдаа зураг авалтын турш “хас” гэж хашгирдаг.

Сур:Нөхөрт чинь анх удаа эмэгтэй найруулагчтай хамтарч ажиллах ямар санагдсан бэ?

-Би эмэгтэй хүн төдийгүй зохиолч, найруулагч. Түүнчлэн бид бас эхнэр нөхөр. Би хэцүү байна гэдгийг мэдэж байсан. Эхэндээ жаахан эвгүй байдаг. Харин дараа нь Брэд миний хажууд дүрээ сайн гаргаж сайн тоглоно гэдэгтээ итгэсэн.

Сур: Та хөнгөн жанрын бүтээл, жишээ нь романтик инээдмийн кино хийе гэж бодож байв уу?

-Би инээдмийн кинонд дуртай. Залуудаа инээдмийн кино хийх гэж оролдож байсан. Гэхдээ бүтээгүй. Би тийм ч хөгжилтэй хүн биш байх.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж