Бүгдийг хамруулбал НД-ын сан даахгүй

Хуучирсан мэдээ: 2015.11.18-нд нийтлэгдсэн

Бүгдийг хамруулбал НД-ын сан даахгүй

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хуралдааныг орхин гарсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатараас тодрууллаа. Хамтын тэтгэврийн тухай хуулиар тэтгэврээ тогтоолгосон гэр бүлийн хоёр хүний нэг нь нас барсан бол үлдсэн хүнд нь тэтгэврийнх нь тодорхой хувийг олгож байх зохицуулалт туссан юм.

-МАН-ын бүлэг Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг ямар шалтгаанаар дэмжихгүй байгаа юм бэ. Байнгын хорооны хуралдаанд нэр бүхий гишүүд ирсэн ч орхиж гарсан?

-УИХ дахь МАН-ын бүлэг Хамтын тэтгэврийн тухай хуулийг УИХ батлах ёстой гэж үзэж байгаа. Гэхдээ өнөөдрийн нийгмийн даатгалын сангийн чадамж хүрэх үү, ямар хүрээнд хязгаарлах ёстой вэ гэдгээ Засгийн газар нарийн тооцоо судалгаа хийн оруулж ирэх ёстой гэдэг чиглэлийг өмнө нь Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх хүрээнд хэлсэн. Яагаад гэвэл бүх хүнийг Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөлд хамруулна гэвэл Монголын Нийгмийн даатгалын сан даахгүй. Нийгмийн даатгалын сан алдагдал ихтэй, төр өдий төдий тэрбум төгрөгийн өрөнд орчихсон байгаа шүү дээ.

Тийм учраас энэ хуулийн үйлчлэлээр хэнийг хамруулах юм гэдгийг нарийвчлах шаардлага бий. Жишээ нь, сүүлийн 5 жил хамт амьдарсан хүмүүсийн нэгнийг нь Хамтын тэтгэврийн тухай хуульд хамруулах юм уу, хэдэн нас хүртлээ хамтын тэтгэврийг авах юм. Үлдсэн нь хэдэн хувийг авах юм гээд бүлэг хооронд санал зөрөлдөж байгаа асуудлаар ойлголцолд хүрэх шаардлага байсан. Гэтэл энэ асуудлаар ойлголцоогүй байж, хүчээр шууд хэлэлцэж эхэлсэн.

-Малчдын тэтгэврийн насыг урагшлуулах хуулийн төсөл дээр бас эсрэг байр суурь барьж байна уу даа?

-Тодорхой тайлбарлая. Малчдын тэтгэврийн насыг урагшлуулахдаа мал аж ахуйн салбарт ажилласан жилийг нь 1.5 жилээр тооцон тэтгэврийг нь тогтоодог болъё гэж үзэн Л.Энх-Амгалан, Д.Оюунхорол, Д.Батцогт нарын гишүүд бид хоёр жилийн өмнө хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Энэ хуулийг Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор нэгдүгээр сард хэлэлцээд “УИХ-аар хэлэлцэх ёстой юм байна, малчдын асуудлыг тусад нь авч үзэх ёстой юм байна” гэж үзсэн. Гэвч Ардчилсан намын бүлэг эсэргүүцэж байгаад харин саяхан малчдын ажилласан жилийг 1.2 жилээр тооцъё гэдэг хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлсэн. Ингэхээр УИХ-д агуулга нь нэг, жил нь 1.2, 1.5 гэсэн ялгаатай хоёр өөр төсөл өргөн баригдсан байгаа биз. Тийм учраас манай намын бүлэг адилхан хоёр хууль өргөн баригдсан учраас нэгтгээд явах ёстой гэж үзсэн. Харамсалтай нь, бидний боловсруулсан хуулийн төслийг өнөөдрийн байнгын хороогоор хэлэлцэхээр оруулж ирээгүй. Шалтгаан нь ийм, тийм учраас хурлыг орхиж гарсан.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж