ЭМЯ: КОРОНАВИРУСИЙН ХОЁР ДАХЬ ҮЕД 5000 ОР ДЭЛГЭХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН

Хуучирсан мэдээ: 2020.03.25-нд нийтлэгдсэн

ЭМЯ: КОРОНАВИРУСИЙН ХОЁР ДАХЬ ҮЕД 5000 ОР ДЭЛГЭХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН

ЭМЯ: КОРОНАВИРУСИЙН ХОЁР ДАХЬ ҮЕД 5000 ОР ДЭЛГЭХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. Дэлхий нийтэд коронавирусийн шинж тэмдэг, нөхцөл байдал өөрчлөгдөж байгааг онцлоод улс орнууд хөл хориог чангатгах арга хэмжээгээ чангаруулж буйг дуулгалаа. Шинэ төрлийн коронавирусээр 65-аас дээш насныханд өвчлөл зонхилдог байсан бол 18-45 хүртэлх насныхан илүүтэй халдвараар өвчлөх хандлагатай байна.  Мөн ДЭМБ-ын мэдээлснээр коронавирусийн халдварын хоёр дахь давалгаа Азийн орнуудад зонхилж магадгүй гэдгийг анхааруулжээ. ЭМЯ-ны зүгээс  Монгол Улс коронавирусийн нэг дэх давалгаанд өртөөгүй ч хоёр дахь давалгаанаас урьдчилан сэргийлж бэлэн байдлаа хангах хэрэгтэйг анхааруулсан юм. Хятад Улс гэхэд тусгаарлах байрны тоогоо нэмэх талаар бэлтгэлээ базааж байгаа гэв. Түүнчлэн иргэд хүүхдүүдээ дагуулаад дэлгүүр хоршоо хэсч буйг санууллаа.

ОДОО БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛД ҮНДЭСЛЭН НЭГ ӨВЧТӨНД ЗАРЦУУЛАХ ЭМИЙН ТООЦООГ ГАРГАЖ БАЙНА

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.БУЯНЖАРГАЛ:
-Нэгдүгээр сараас хойш нийт 3413 иргэн тусгаарлан ажиглалтад авсан. Өнөөдрийн байдлаар  2083 иргэн тусгаарлах байрт байна. Дархан-Уул аймагт 26 иргэн ажиглалтаас гарсан. Баян-Өлгий аймагт дөрвөн иргэн тусгаарлагдсан. Тусгаарлах байранд орж буй иргэдийн хөдөлгөөнтэй хамт  эмч эмнэлгийн 300 ажилтан тусгаарлагдсан. Амбулаторийн үзлэгт томуу томуу төст өвчний дэгдэлт 2.9 хувьтай бага байна. Бид коронавирусийн эхний давалгааг амжилттай давсан. Хоёр дахь давалгааг эрсдэл багатай давах судалгаа, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Эмнэлгийн орнуудын тоо хүн амын тохиолдлын тоотой харьцуулж нийт 5000 ор бэлтгэхээр төлөвлөсөн. Орнуудын 5-10 хувь нь эрчимт эмчилгээнийх гэж тооцож хангамжуудыг хийж байна. Шаардлагатай үед төлөвлөгөөт мэс засал, сэргээн засах эмчилгээг түр хугацаанд хойшлуулна. Одоо батлагдсан тохиолдолд үндэслэн нэг өвчтөнд зарцуулах эмийн тооцоог гаргаж байна. Гэрийн ажиглалтад гарч буй иргэдэд хатуу сануулга, зөвлөмж өгч байна. Үүнд цагдаа, тагнуул болон бусад хуулийн байгууллагатай хамтран ажиллаж байна.
Шинж тэмдэггүй нэг өвчтөн 30-100 хүнд халдвар тархаах магадлалтай.
ӨВЧИЛСӨН ХҮМҮҮСИЙН 30 ХУВЬД ШИНЖ ТЭМДЭГ ИЛРЭХГҮЙ БАЙНА
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:
-Өвчилсөн хүмүүсийн 30 гаруй хувь шинж тэмдэггүй хэлбэртэй байна. Өөрийгөө өвчилснийг мэдэхгүй халдвар тараадаг. Нэг хүнд 30-100 хүнд халдвар тархаах магадлал тохиолдол байна. Бага насны хүүхдийг дагуулж явахгүй байхыг анхааруулсаар байдал худалдааны төвүүдээр хүүхдээ дагуулж явах тохиолдол байна. Бид өвчтөнүүдэд гурван удаагийн шинжилгээг хийж, хариу сөрөг гарсны дараа нь эмнэлгээс гаргаж байна. 18-аас доош насны гурван хүүхэд нас бараад байна. Гэр бүлээрээ нас барсан зэрэг эмгэнэлтэй тохиолдол бүртгэгдэж байна. Бөөгнөрөл үүсгэхгүй байх нь маш чухал болоод байна.
ЦЕГ-ын Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Д.БҮРЭНБААТАР:
-Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлттэй холбогдуулан залилангийн төрлийн хэргүүд их гарч байна. Цахим орчинд хандив цуглуулах нэрийдлээр мөнгө цуглуулж иргэдийг залилах тохиолдол гарч байна. Цагдаагийн байгууллагаас коронавирусийн дэгдэлттэй холбоотой бусдад залилуулсан хуурамч мэдээ тараасан 25 мэдээллийг шалгаж байна. Тухайлбал, БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг иргэн Д нь маск зарна гэж иргэн Б-гээс найман сая төгрөг залилсан. Энэ мэтчилэн хуурамч цахим хаяг, интернет худалдаа ашиглан амны хаалт, нэг удаагийн хувцас хэрэгсэл худалдаалдаг компаниудын нэр ашиглаж бусдыг залилах тохиолдол их байна. Ялангуяа амны хаалт зарах, төрийн байгууллагуудын алба хаагчдад туслах аян өрнүүлнэ гэж иргэдийг залилж байна. Тиймээс иргэдэд сэрэмжлүүлэхэд бүү сандар, бүү хуурт, бүү итгэ гэж уриалъя.
УУШИГНЫ ХАТГААГААР ӨВЧИЛСӨН ХҮМҮҮС "COVID-19"-ИЙН ХАЛДВАРААР ӨВЧИЛСӨН ЭСЭХИЙГ ТАНДАЖ БАЙНА
ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:
-Гуравдугаар сарын 23-нд нийслэлийн зургаан дүүргийн эмнэлэгт эмчлүүлсэн томуугаар өвчилсөн гэх 28 хүнээс түүврийн аргаар шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Уушигны хатгаагаар өвчилсөн хүмүүс "Covid-19"-ийн халдвараар өвчилсөн үү гэдгийг тандан хянаж байна. Гуравдугаар сарын 23-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн гурван хүнд коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 186 хүн хяналтад байна. Одоогоор Станбул-УБ онгоцоор ирсэн хүмүүсийн шинжилгээг хийж байна. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байна. Өдөр бүр лабораторийн шинжилгээг авч байгаа. Халдвар тээгчдэд эмчилгээ зохиж байна уу, үр дүнтэй юу гэдгийг хянаж байна. Лабораторийн шинжилгээгээр таван сорьцоор шинжилгээ хийж байна. Нус, цэр, цус, баас, шээснээс шинжилгээ хийж байгаа. Шинжилгээний хариугаар онош батлагдсаны дараа л эмнэлгээс гаргаж байгаа. Тусгаарлалтаас гарч буй хүмүүс гэрийн хорио сахих дэглэмд гарын үсэг зуруулсан. Тэднийг цагдаа, тагнуулынхантай хамт хянана. Хамгийн гол нь гэрт ажиглалтад гарч буй хүмүүс өөрийгөө хуурч болохгүй.

Б.ЦЭЦЭГ

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Tuesday, March 24, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж