Мозамбикын Тете хотод түгжээтэй чингэлэг дотроос 64 цагаач эрэгтэйн цогцсыг өчигдөр/2020.03.24/ олсон талаар НҮБ-ын олон улсын шилжих хөдөлгөөний байгууллага мэдээллээ.
Албаны мэдээлэлд тус чингэлэгт амьд үлдсэн 14 хүнийг аварч, нутгийн эмнэлэгт шаардлагатай эмчилгээг хийж байгаа талаар мөн дурджээ. Тэдгээр амьд үлдэгсэд өөрсдийгөө этиоп хүмүүс бөгөөд Өмнөд Африкийг зорьж явснаа хэлсэн байна.
Харин чингэлгийг ачиж явсан машины жолооч болон түүний туслах мозамбик иргэдийг баривчилсан гэнэ. Жолоочийн мэдүүлснээр тус чингэлгийг хүргэснээрээ тэрбээр 500 ам.доллартай тэнцэх шан авах байж. Тийнхүү цагдаа нар даруй энэхүү хууль бусаар хил давуулах ажлыг зохион байгуулсан хэрэгтнүүдийг эрэн сурвалжилж эхэлжээ.
Тете хотод энэ долоо хоногт дунджаар 32 хэм халуун байгаа билээ. Чингэлэгт амь үрэгдсэн болон амьд үлдсэн хүмүүсийн хэн нь ч бичиг баримтгүй байсан бөгөөд амьд үлдэгсдийн хаягийг тогтоохоор НҮБ-ын олон улсын шилжих хөдөлгөөний байгууллага ажиллаж байна.
Өмнөд Африкт 4 сая гаруй цагаачид амьдардаг гэх тооцоо бий.
Эх сурвалж: CNN.COM
Холбоотой мэдээ