Шар усны үер нян, халдварт өвчин тараах эрсдэлтэй | News.MN

Шар усны үер нян, халдварт өвчин тараах эрсдэлтэй

Шар усны үер нян, халдварт өвчин тараах эрсдэлтэй

Шар усны үер нян, халдварт өвчин тараах эрсдэлтэй

Агаарын температур нэмэгдэхийн хэрээр томоохон газруудын сав газар, цас ихтэй нутгуудаар шар усны үер буух эрсдэл  байгааг холбогдох албаныхан сануулах болсон.  Судалгаагаар нийслэлийн хэмжээнд шар усны үерт автаж болзошгүй 3000 гаруй өрх  байгаа талаар урьдчилсан тоо гарчээ.

Монгол орны нийт газар нутгийн 49 хувь нь цасан бүрхүүлтэй байгаа бол нийслэл хотын нутаг дэвсгэрийн тухайд хот орчмын уул, голын сав газрын 50-70 хувь нь цасан бүрхүүлтэй байгаа талаар НОБГ-аас мэдэгдсэн.  Нийслэл хотод ойрын өдрүүдэд өдөртөө эрс дулаарч байгаа тул  шар усны үер бууж болзошгүй болохыг  ч мөн анхааруулж буй.

НОБЕГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга Г. Нэргүй:

-Ойрын үед дулаарч байгаа тул томоохон гол мөрнүүдийн ай сав болон цас ихтэй нутгуудаар шар усны үер бууж болзошгүй байна.  Тиймээс  нийслэлийн иргэд үүнд анхаарч, болзошгүй эрсдэлд бэлэн байх хэрэгтэй. Нийслэлийн үерийн усны хамгаалалттай барилга байгууламж, ус зайлуулах шугам, авто замын доогуурх ус гүйлгэх шугамын хэвийн найдвартай байдлыг хангах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр хариуцсан байгууллагын ажилтнууд ажиллаж байгаа.  Мөн үерийн хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй буусан айл өрх, аж ахуйн нэгжид шаардлага хүргүүлж, шаардлагатай тохиолдолд богино хугацаанд нүүлгэн шилжүүлнэ.

Шар усны үер нь нийслэл хот гэлтгүй уул нурууд ихтэй хөдөө орон нутагт элбэг тохиолддог. Иймд  гуу жалганд хаягдсан малын сэг зэм болон гэр хороолол, нүхэн жорлонгуудын халдваргүйжүүлэлт хийхгүй бол  агаар, дуслын замаар дамжин хүнд ямар хор нөлөө үзүүлж болох талаар ЭМЯ-ны харьяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Ш. Батдэлгэр дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр “Урин дулааны улирал ирэхэд шар усны үер болох аюул нь эрсдэл ихээр дагуулдаг. Шар усны үерийн ус нь  ойр орчмынхоо бохирыг тээвэрлэн урсдаг тул түүгээр олон төрлийн халдварт өвчин үүсгэгч нян зөөгдөх магадлал маш өндөр. Мөн шар усны бохир ус агаарт тодорхой хэмжээгээр уурших   эсвэл хөрсөнд шингэснээр орчны бохирдлыг бий болгодог.   Орчны (ус, хөрсний) бохирдол нь шууд бус замаар хүний эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэлтэй.   Ялангуяа халдварт шар, суулга өвчин, амьсгалын замын болон харшлын гаралтай өвчин тусах нөхцлийг бүрдүүлэх эрсдэлтэй.  Иймд иргэд хувийн ариун цэврийг чанд сахих нь аливаа өвчлөлөөс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах , урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга болдог” гэв.

Ариутгал халдваргүйжүүлэлтийг дулааны улиралд сард 1-2 удаа харин өвлийн улиралд нэг удаа хийж хэвших нь чухал аж. Ингэхдээ жавелины уусмал аль эсвэл хлорын шохойн уусмалаар хашаа хорооныхоо бохирдсон хөрсийг буюу нүхэн жорлон, муу усны нүхээ  халдваргүйжүүлэх хэрэгтэй юм байна

Ахуйн хүрээнд 5 процентийн хлорын уусмалаар халдваргүйжүүлэх ажлыг хийх нь зохистой. Энэ нь 100 грамм усанд агуулагдах хлорын агууламж нь 5 милограмм байна гэсэн үг. Халдваргүйтгэл хийх талбайн хэмжээнээс хамаарч уусмалаа бэлтгэх аж.

Эрсдэлтэй бүсийн айлуудаас шар усны үерийн талаарх ойлголт, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийдэг эсэх талаар  тодруулахад үерийн эрсдлийн талаарх мэдээлэл муутай байсан юм.

Шар усны үерт өртөх  эрсдэлт  байдлыг  гэр хорооллын айлууд өөрсдөө бий болгодог. Учир нь, ахуйн хог хаягдал, үнс нурмаа шөнө оройн цагаар үерийн далан, суваг руу асгадаг нь  үерийн усны нэвтрэх чадварыг бууруулж халиа үүсгэж ойр орчмын айлуудыг үерт автуулах эрсдэлд оруулдаг юм байна.

Нийслэлийн хэмжээнд  шар усны үерт өртөж болзошгүй газрууд болон үерийн ус өнгөрүүлэх далан сувгийн бодит байдал гэрэл зурагт хэрхэн буусныг сонирхуулъя.

Зургийн тайлбар: Иргэд далан, ус зайлуулах сувгийн хэсэгт хог хаягдал, үнс нурмыг асгаж бөглөсөн байдал

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж